Хүсэл мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж, Онцгой залуу хэмээн “овоглож” яваа энгийн аврагчдынхаа төлөөлөл болох Дундговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн жолооч, ахлах ахлагч Ш.Батчулуунтай уншигч таныг уулзуулж байна. Тэрээр ард, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах энхийн манаанд 19 дэх жилдээ үүрэг гүйцэтгэж байна.
-Амрыг эрье. Сайхан хаваржиж байна? Ажил, алба тайван уу?
“Онцгой мэдээ” сониноор дамжуулан нийт алба хаагчдыхаа энэ өдрийн амрыг эрье. Ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах үүргээ гүйцэтгэсээр л явна даа.
-Таны хувьд 19 дэх жилдээ албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж байна. Анх энэ албыг сонгох болсон шалтгаан юу байв?
Гал сөнөөгч ах нарыг болон галын автомашиныг хараад энэ албанд үүрэг гүйцэтгэж үзэх юмсан гэж мөрөөддөг байлаа. Мөрөөдөл маань 2001 онд тухайн үеийн Гал түймэртэй тэмцэх хэлтэст гал сөнөөгч болсноор биелсэн. Мөрдөстэй аврагч болсноос хойш хоёр жилийн дараа буюу 2003 оноос өнөөг хүртэл гал унтраах автомашины жолоочоор үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
– Үүрэг гүйцэтгэсэн дуудлага бүр өөр, өөрийн гэсэн онцлогтой байсан байх?
Тэгэлгүй яахав. Хэлж ирдэггүй хийсч ирдэг аюулт үзэгдэл, ослын өөдөөс сөрж зогсдог хүмүүс бол аврагч бид шүү дээ. Ажилд орсон анхны дуудлага аймгийн өвс тэжээлийн фондод гарсан галын дуудлага байлаа. Үүнээс хоёр жилийн дараа буюу 2003 онд Дашгэмплэн хийдэд гарсан галын дуудлагаар хэзээ, хэзээний туршлагатай гал сөнөөгч болсон юм шиг санагдаж байсан. Залуу хүний л араншин байсан байхдаа гэж одоо боддог юм. Гал, усыг басаж болохгүй учраас аврагч хүн насан туршдаа суралцдаг гэж ойлгодог. Одоо ч гэсэн суралцсаар л явна даа.
-Энэ хугацаанд хичнээн хүний амь насыг авран хамгаалсан байна. Тийм тооцоолол гаргаж байв уу?
-Анх дуудлага бүрээсээ аварсан хүнээ тоолоод л түүндээ баярлаад явдаг байлаа. Одоо ч тооцоо алдсан. Өнгөрсөн онд гэхэд аймгийн хэмжээнд болсон их цасан шуурганаар хамт олноороо өдөрт 100 орчим хүнийг аварч байлаа. Хичнээн хүнийг аварсан гэдгээс илүү нэг хүн байсан ч амьдрал бэлэглэж байгаа минь л хамгийн том буян шүү дээ. Буянтай, хариу нэхдэггүй, ард, иргэдийн хүндэтгэлийг хүлээсэн ийм л сайхан албанд үүрэг гүйцэтгэнэ гэдэг маш том хувь тавилан гэж билэгшээдэг.
-Хариуцлага алдах эрхгүй, шалтгаан тоочих завгүй тийм л албанд үүрэг гүйцэтгэхдээ шантрах үе гарч байв уу?
Тийм бодол хэзээ ч төрж байгаагүй юм байна. Миний мөрөөдөл шүү дээ.Аварсан хүнийхээ нүүрэнд тодрох инээмсэглэл, талархлын харцыг хараад ядарснаа мартаж, өөрөөрөө болон албаараа бахархах сэтгэл төрөх тэр агшин, Хэзээ ч, юутай ч зүйрлэшгүй. Тийм байхад шантралгүй урагш тэмүүлсээр л байх болно.
-Тэгвэл хамгийн их урам зориг авдаг зүйл юу вэ?
Гар, сэтгэл нийлсэн хамт олонтойгоо үүргээ биелүүлчхээд, үгийн сайхнаар мялаалгаад буцах тэр зам хамгийн их урам хайрладаг. Аврах ажиллагаа бол багийн л амжилт байдаг. Би хичнээн шилдэг, мэргэжилдээ эзэн байгаад нэмэргүй шүү дээ. Тийм болохоор миний өдий зэрэгтээ ажиллаж байгаа багагүй амжилт бол хамт олны минь л итгэл, зүтгэл юм. Үүнээс гадна нэг зүйлийг онцолмоор байна л даа.
-Бололгүй яахав?
Онцгой байдлын алба хэмээх онцлог, онцлох зүйл ихтэй энэ байгууллагын эгнээнд ажиллаж байгаадаа бахархаж явдаг. Ээж, аавын хүү өнөөдөр эх орны хүү болсон. Учир нь аливаа зүйлийн наадах, цаадахыг мэдэхгүй омголон явсан үед минь ухаан суулгаж, хаттай болгосон.
-Ер нь аврагч хүн ямар байх ёстой гэж бодож, ажилдаа мөрдлөг болгодог вэ?
Хамгийн гол нь тэсвэр хатуужилтай, ачаалал даах чадвартай, ноён нуруутай байх ёстой гэж боддог. Өөрөө ч тийм байх гэж хичээж яваа. Мөн цаг үетэйгээ зэрэгцэн өөрийгөө хөгжүүлж, суралцдаг. Байнгын бэлтгэл, бэлэн байдалд үүрэг гүйцэтгэдэг болохоор сэтгэлзүйн хувьд тайван байх хэрэгтэй. Тайван байх, ар гэртээ санаа зоволгүй үүргээ биелүүлэхэд гэр бүл, үр хүүхдүүдийн дэмжлэг л хамгийн чухал байдаг даа.
-Ажлаа сэтгэл амар гүйцэтгэх бүхий л боломжийг олгодог гэр бүлийнхэнтэй нь танилцмаар байна?
Ам бүл тавуулаа. Эхнэр, хоёр охин, хүүгийн хамт амьдардаг. Миний ханийг Х.Хүүхэнжав гэдэг. Аймгийнхаа долдугаар цэцэрлэгт багшилдаг.Хэн нэгэнд хэлэх үгтэй, хийсэн бүтээсэнтэй явна гэдэг сайн ханийн ач буян байдаг болохоор ханиараа бахархаж маш их баярладаг даа.
-Тэгвэл хүүгээ албаны хүн болно гэвэл дэмжих үү?
Миний хүү аавынхаа ажлаар их бахархана. Ажил дээр очих дуртай. Өөрийг нь хүсвэл дэмжилгүй яахав. Манай алба чинь эрхэлж нялхардаггүй зангарагтай, эргэж буцахгүй тангарагтай эрчүүдийн алба шүү дээ. Ер нь ямар ч эцэг хүн үр хүүхдээ өөрийнхөө мэргэжлийг өвлөж аваасай гэж битүүхэн хүсдэг байх. Хүүгээ мөрдэстэй, мөрөөдөлтэй аврагч болохыг нь харахыг хүсдэг болохоор бүх талаар дэмжинэ гэж боддог. Гэхдээ өөрийнх нь л сонголт мэдэх байх даа.
–Зав чөлөө гарвал чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
Гэрийнхээ хойморт сайхан тухалчхаад хүүгээрээ сум зөөлгөн шагай харваж суух л жаргал даа. Найз, нөхөдтэйгөө хөгжилтэй яриа өрнүүлэн хөхрөлдөж суух бас дуртай.
–Сайхан яриа өрнүүлсэн танд баярлалаа. Үйлс бүхэн нь арвин байг ээ?
– Мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж байгаа нийт алба хаагчдадаа хамгийн сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Цоролцох галын улаан тойрогт
Яралзах залуу насаараа дэнчин тавьсан
Гал сөнөөгчид гавъяатнууд
Ган зоригтнууд ганцхан зорилготнууд болсон та бүхнээрээ үргэлж бахархаж явдаг шүү.
“Онцгой мэдээ” сонин