Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас Замын-Үүд суманд гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгууллаа.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль сумын Онцгой комисс, мэргэжлийн анги, гамшгаас алба, аж ахуйн нэгж, байгууллагын алба хаагчдын дунд “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохиог өгснөөр эхэлсэн юм.
Сургуулийн хүрээнд сумын удирдах бүрэлдэхүүнд “Гамшгаас хамгаалах төлөвлөгөө”, Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэл дамжуулах журам” сэдвийн хүрээнд танхимын сургалт зохион байгууллаа.
Замын-Үүд сум нь 18000 гаруй оршин суугчтай, өдөрт дунджаар 6500 орчим зорчигч, 2000 гаруй тээврийн хэрэгсэл улсын хилээр нэвтэрдэг онцлогтой сум юм. Түүнчлэн сумын хэмжээнд объектын гал түймэр, Монгол улсын босоо тэнхлэгийн авто зам, олон улсын шинжтэй байнгын ажиллагаатай “Замын-Үүд” авто замтай холбоотой техникийн холбогдолтой томоохон осол, хүчтэй шороон шуурга ихэвчлэн тохиолддог байна.
Тиймээс Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, иргэн, хуулийн этгээд томилгоот бүрэлдэхүүнийг сургаж дадлагажуулах, гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, төлөвлөлтийг боловсронгуй болгох, харилцан ажиллагааг сайжруулах зорилгоор танхимын сургалтыг явуулж, сумын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгосон юм.
Энэ үеэр газар хөдлөлтийн дараах нүүн шилжих болон нүүлгэн шилжих дадлага сургуулийг сумын иргэдийг хамруулан зохион байгуулж, 2844 иргэнийг оролцууллаа.
Мөн газар хөдлөлтийн дууриалган үзүүлэх болон хээрийн хүн эмнэлэг дадлага сургуулийг зохион байгуулан ажилласан бөгөөд сургуульд сумын Онцгой комисс, мэргэжлийн анги, гамшгаас алба, тусгай чиг үүрэг бүхий 19 байгууллагын нийт 3600 гаруй хүн, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцсон юм гэж Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.