Ж.Уранмандал
Үер, ой, хээрийн түймэр, зуд зэрэг байгалийн гамшгаас эхлээд иргэдийн санамсар, болгоомжгүйгээс үүдсэн ослуудын үеэр ч цаг наргүй зүтгэдэг хүмүүс бол Онцгой байдлын аврагчид. Амьдралаас уйдсан нэгний сүүлчийн сонголтыг өөрчлөх нь хатуу “тоглоом”-той ч тэд тулдаг. Бусдын төлөө өөрийгөө умартан зүтгэдэг аврагч нарын түүхт өдөр өнгөрсөн долоо хоногт болсон юм.
БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор гарч 1969 оны гуравдугаар сарын 25-нд Ойн аж ахуй, мод боловсруулах үйлдвэрүүдийг удирдах ерөнхий газрын харьяа Түймэр эсэргүүцэх агаарын харуулын алба нэртэйгээр анх байгуулагдсан нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа “Аврах анги 105”-ын 50 жилийн ой өнгөрсөн долоо хоногт тохиов. Ойн өдрийн арга хэмжээнд тус ангийн алба хаагчид жагсаалын болон эрэлч нохойн үзүүлэх тоглолт сонирхуулж, байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчилснаар эхэлсэн юм.
Түймэр эсэргүүцэх агаарын харуулын алба нь “Аврах анги 105” болох хүртэл үер, ус, гал түймэр, зуд, үйлдвэрийн, зам, тээврийн осол, химийн болон тэсэрч дэлбэрэх бодис, амиа хорлох оролдлого, нуранги, мөсөнд цөмрөх, хүн, малын гоц халдварт өвчин зэрэг 20 гаруй төрлийн аюулт үзэгдэл, ослын дуудлагаар эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд оролцон, халуунд халж, хүйтэнд хөрсөөр ирсэн юм. Ингэхдээ өнгөрсөн 50 жилийн хугацаанд 1.6 га талбайн ой, хээрийн түймэр унтраан, 115 202 хүнийг авран, төрийн болон хувийн аж ахуйн нэгж, иргэдийн 230.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгө хамгаалсан тайван цагийн дайчид юм.
Арга хэмжээнд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын орлогч, хурандаа Ц.Анхбаяр, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, нийслэлийн “Аврах анги 105”-ын захирагч, дэд хурандаа Ш.Мэндсайхан болон үе үеийн удирдлага, алба хаагчид оролцож, олон жил үр бүтээлтэй ажилласан алба хаагчдыг шагнаж урамшуулсан юм.
Энэ үеэр хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Тус ангид алба хааж байсан үе, үеийн алба хаагч, ахмадууддаа ойн баярын мэнд хүргэе. Онцгой байдлын албаны нэгдсэн тогтолцоонд орсноос хойш нийслэлийн “Аврах анги 105” нь хүн хүч, техник хэрэгсэл, хангалтын хувьд өргөжсөн. Манай аврагч нарын ашиглаж буй техник хэрэгсэл нь Европын орнуудынхтай дүйцэхүйц хэмжээнд хүрснийг хэлмээр байна. Мөн алба хаагчдаа сургаж боловсруулахад онцгойлон анхаарч, шат шатны сургалтыг тогтмол явуулж, дадлага сургуулилалтыг өргөн хүрээнд хийдэг болсон. Түүнчлэн олон улсын сургагч багш нарыг урьж, нэгдсэн дадлага сургуулилалтад хамруулснаар алба хаагчдын чадвар өндөр түвшинд хүрснийг онцолмоор байна” гэсэн юм.
Дэд хурандаа Ш.Мэндсайхан “Аврагч гэдэг бол өөрийнхөө аюулгүй байдлыг нэн тэргүүнд анхаарах хэрэгтэй. Тиймээс ангийн захирагчийн хувьд энэ тал дээр шат дараалсан арга хэмжээ авч байна. Манай алба хаагчид одоогоор машин техник хүрэлцэхүйц хэмжээнд хангагдсан. Мөн үүн дээр нийслэлийн Онцгой байдлын газраас шинэ “УАЗ-Фургон” автомашиныг хүч нэмэгдүүлэн өгсөн. Алба хаагчдын нийгмийн асуудалд ч анхаарч байна. Өнгөрсөн нэгдүгээр сараас алба хаагчдын үндсэн цалинг 30 хувиар нэмлээ. Дараа сард зэргийн шалгалтад хамруулж, цалинг нь 30-50 хувиар нэмнэ” гэлээ.
Тус ангид шинээр алба хаахаар гэж ирж буй аврагч нарыг сэтгэл зүйн хичээлд хамруулах юм байна. Түүнчлэн алба хаагч нараа гадаадад сургаж, өөрийн улсын сургалтын чанарыг сайжруулан, туршлага солилцох нь чухал болохыг энэ үеэр хэлсэн юм.
Сүүлийн жилүүдэд иргэд санаатай болон санамсаргүй байдлаар өндрөөс унах тохиолдол олширчээ. Тиймээс өндрөөс аврах ажиллагааны дадлага сургуулилалтыг нэмэгдүүлэх шаардлагатайг онцлон санууллаа. Ойн баярын үйл ажиллагаа өндөрлөх үеэр нэгэн эмэгтэй цэцэг барьсаар ирэв. Аврагч нарт талархсанаа илэрхийлсэн. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард гэрийнхээ тагтан дээрээс хөл алдан унах эрсдэлд орсон байсныг “Аврах анги 105”-ын алба хаагчид аварсан аж.
Ингээд ойн баярын арга хэмжээ тус ангийн 50 жилийн түүхийг хүүрнэх 20 минутын баримтат киног алба хаагчдад хүргэснээр өндөрлөсөн юм.
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин 2019.05.13