1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл аймгуудын нутгийн зарим хэсгээр бороо болон нойтон цас орж, баруун болон говийн аймгуудын нутгаар шуурсан.
Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хагаст баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж 8-13 м/с, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч шороон шуурга шуурна. Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 7-12 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 19-24 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с, өдөртөө зарим үед 12-14 м/с хүрч ширүүсч, 10-12 градус дулаан байна.
Төлөв байдал: 20, 21-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 20, 21-нд нутгийн зүүн хэсгээр, 22-нд Алтайн салбар уулсаар, 23-нд ихэнх нутгаар түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байх боловч, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт иргэн Р-ийн эзэмшлийн “Грандер” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.18-ны өдрийн 13:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 13:43 цагт очиж, автомашины бүхээгийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.18-ны өдрийн 16:33 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 16:36 цагт очиж, 10 метр урттай модон хашаа, 20 м урттай модон хашаа, 100 боодол /1.5 тонн/ өвс тус тус шатаж байсныг 1 цаг 16 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.18-ны өдрийн 16:33 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 16:36 цагт очиж, иргэн Г-гийн 10х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 7 дугаар хорооллын задгайд чингэлэг шатаж гэсэн дуудлагыг 05.18–ны өдрийн 17:43 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 7 км замыг туулан 17:51 цагт очиж, иргэн Б-гийн эзэмшлийн 6х3 метрийн хэмжээтэй төмөр чингэлэг шатаж байсныг 39 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн УБТЗ-ын “52 дугаар зөрлөг” гэдэг газар /Шарынгол сумын төвөөс баруун зүгт 16 км-т/ гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.18-ны 19:59 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 16 км замыг туулан 20:33 цагт очиж 5 ханатай гэр шатаж байсныг 32 минут ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Шарвагатай харуул” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 20 км Монгол Улсын хилийн 671 дүгээр тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 05.17-ны өдрийн 17:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 алба хаагч, Хилийн 0243 дугаар ангийн 12 алба хаагч, орон нутгийн 23 иргэн, нийт 47 хүн, 6 автомашинтайгаар ажиллаж 05.18-ны өдрийн 02:40 цагт цурманд оруулж, мөн өдрийн 11:00 цагт бүрэн унтрааж тус сумын Байгаль орчны улсын байцаагчид хүлээлгэн өгсөн. /Түймэрт урьдчилсан байдлаар нийт 130 га талбай шатсан./
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Өвөрхангай аймгийн Сант сумын Цариг багийн “Толгой”, “Зээгийн-Өвөр” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ тус сумын харьяат малчин М /42 настай, эрэгтэй, мотоциклтой явсан/, малчин О /16 настай, эрэгтэй, явган явсан/ нар 05.18-ны өдрийн 08:30-12:30 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон, мөн тус сумын Цахиурт багийн “Гүүн шанд” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 10 км-т/ тус сумын харьяат малчин О /49 настай, эрэгтэй, явган явсан/ 05.18-ны өдрийн 14:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон, тус сумын Далай багийн “Хөтөл-Ус” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 6 км-т/ малчин Г /44 настай, эмэгтэй, явган явсан/ 05.18-ны өдрийн 10:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай мэдээллийг 05.18-ны өдрийн 15:50 цагт хүлээн авсан. Нутгийн захиргааны байгууллагын 7 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж малчин Г-г мөн өдрийн 16:45 цагт “Хөтөл-Ус” гэдэг газраас /гэрээсээ урд зүгт 3 км-т/ эсэн мэнд, малчин О-г мөн өдрийн 17:15 цагт “Гашуун” гэдэг газраас /гэрээс нь баруун урд зүгт 5 км-т/ эсэн мэнд, малчин О-г мөн өдрийн 18:00 цагт малчин Д-гийнд байхад нь /гэрээс нь урд зүгт 10 км-т/ эсэн мэнд, малчин М-ийг мөн өдрийн 18:30 цагт “Цэрэг худаг” гэдэг газраас /гэрээсээ урд зүгт 12 км-т/ эсэн мэнд тус тус олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Усны осол /эрэн хайх, аврах/: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт багийн 3 дугаар хэсгийн “Ширнэнгийн тохой” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 800 м/ сумын харьяат иргэн О /54 настай, эрэгтэй/ 04.02-ны өдөр Орхон голын мөс цөмөрч осолдсон бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, ар гэрийнхэнтэй нь хамтран 04.02-ны өдрөөс 04.08-ны өдрийг дуустал эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж түр зогсоогоод байсныг 05.14-ний өдөр дахин эрэн хайх хүсэлтийг ар гэрийнхэн нь гаргасан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 7 алба хаагч, ар гэрийн 5 хүн, нийт 12 хүн, 3 автомашинтайгаар 05.18-ны өдрийн 08:49 цагаас “Ширнэнгийн тохой” гэдэг газраар ОХУ-ын хил хүртэл “Орхон-Сэлэнгийн бэлчир” дагуу 19 км-т усаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:00 цагт түр зогсоосон. 05.18-ны өдрийн 07:00 цагаас дахин эхлүүлнэ.
Өндрөөс аврах ажиллагаа /эрэн хайх, аврах/: Баянгол дүүргийн 12 дугаар хороонд барилгын 4 дүгээр давхраас хүн унах гэж байна гэсэн дуудлагыг 05.18-ны өдрийн 10:21 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 7 км замыг туулан 10:22 цагт очиж, тагтнаас иргэн Ч /25 настай, эрэгтэй/ унах гэж байсныг эсэн мэнд буулгаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР