Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал тэргүүтэй төлөөлөгчид Женев хотноо энэ сарын 13-17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн платформ”-д оролцоод ирлээ.
Хурлын үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах тусгай төлөөлөгч хатагтай Мами Мизүторитай уулзлаа. Уулзалтаар Азийн сайд нарын II бага хурлаас хойш Монгол Улсын Засгийн газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулсан байна. Цаашид Монгол Улсын Засгийн газраас орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр түлхүү анхаарч ажиллах талаар санал солилцож, хатагтай Мами Мизүтори гамшгийн эрсдэлийг бууруулах Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаанд НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас байнга дэмжиж, үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийллээ.
Мөн тэрээр “Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг”-ийн хэрэгжилтийн явцын талаарх өндөр хэмжээний уулзалтад оролцож, Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран өнгөрсөн 2018 онд Улаанбаатар хотноо зохион байгуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурлын үр дүн, бага хурлаас батлагдан гарсан бодлогын баримт бичгүүд, тэдгээрийг хэрэгжүүлэх арга хэмжээ, механизмын талаар танилцуулга хийсэн юм. Түүнчлэн “Шадар Сайд нарын албан ёсны мэдэгдэл”-ийн хуралд оролцож, гамшгийн эрсдэлийг бууруулах бодлогын тэргүүлэх чиглэлийн талаар илтгэл хэлэлцүүллээ.
Харин Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Л.Саянаа, НҮБ болон Женета хотын дарга нарын хамтран удирдсан “Орон нутгийн болон бүс нутгийн уялдаа, холбоо сэдэвт зөвлөлдөх хурал”-д оролцож, Монгол Улсын Засгийн газраас баримталж байгаа бодлогын талаар танилцуулга хийлээ. Тэрээр танилцуулгадаа Монгол Улсын Засгийн газар Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл байгуулж, аймаг бүр гамшгийн эрсдэлийг бууруулах стратеги төлөвлөгөөг гаргаж байгаа нь бүс нутгийн шилдэг туршлага болж байгааг онцлон тэмдэглэсэн юм. Монгол Улсын бүх аймгуудын төвийг Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот кампанит ажилд нэгтгэж, гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулж чадавхыг бэхжүүлэх, төсвийн нэг хувийг гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд зарцуулахаар хуульчилсан нь мөн шилдэг туршлага болохыг танилцууллаа.
Хурлын үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Швейцарийн холбооны улсад төвтэй Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Белькасем Элькетрусситай уулзлаа. Уулзалтаар Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар, Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлж, гамшгийн мониторингийн системийг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон юм. Мөн хошууч генерал Т.Бадрал Ази, номхон далайн бүсийн зөвлөлдөх уулзалтад оролцож, Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын үр дүнг танилцууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.