Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агааар тогтуун байлаа.

    Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр бороо орно, бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор 14-16 м/с хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Монгол Алтайн уулархаг нутгаар 12-17 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 20-25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

  Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи баруун өмнөөс 7-12 м/с, 28-30 градус дулаан байна.

Төлөв байдал: 23-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төв, зүүн, говийн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 23, 24-нд ихэнх нутгаар, 25-нд говь, талын нутгаар түр зуур 18-20 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. 23-нд нутгийн баруун хэсгээр, 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, Их нууруудын хотгор, говь, талын нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны “Хувьсгалчид”-ын 2 дугаар гудамжны 692 тоот Иргэн Л-ийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.21-ний өдрийн 09:34 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан 09:39 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хорооны “Зүүн наран”-гийн 17 дугаар гудамжны 92 тоот Иргэн Х-ийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.21-ний өдрийн 16:55 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан 17:02 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн “Хээтэй” хороолол 54 дүгээр байрны хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 05.21-ний өдрийн 20:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 3 алба хаагч 1 автомашинтай 2.5 км зам туулан 20:56 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн “Хагд-Уулын бэлчир” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 120 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.20-ны өдрийн 14:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 14 алба хаагч, 2 автомашин, Хан Хэнтийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 8 хүн, 1 автомашин, Мөнгөнморьт сумын ойн ангийн 6 хүн, 1 автомашин, орон нутгийн 28 иргэн, 2 автомашин, 2 морь, нийт 44 хүн, 6 автомашин, 2 морьтойгоор ажиллаж, 05.21-ний өдрийн 05:00 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. /Түймэрт нийт 200 орчим га талбай шатсан/.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Ялбаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.20-ны өдрийн 18:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн 13 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж 05.21-ний өдрийн 21:02 цагт цурманд оруулсан бөгөөд манаж хонож байна.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Өндрөөс аврах: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны “Саруул тэнгэр хотхон”-ы 47 дугаар байр цутгамал 9 давхар барилгын 6 давхраас хүн унах гээд байна гэсэн дуудлагыг 05.21-ний өдрийн 17:24 цагт хүлээн авсан. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 10 км зам туулан 17:35 цагт очиж, тус байрны оршин суугч иргэн М /25 настай, эрэгтэй/ 6 дугаар давхрын тагтнаас үсрэх гэж байсныг эсэн мэнд буулгаж тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Усны осол /эрэн хайх, аврах/: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт багийн 3 дугаар хэсгийн “Ширнэнгийн тохой” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 800 м / тус сумын харьяат иргэн О /54 настай, эрэгтэй/ 04.02-ны өдөр Орхон голын мөсөн дээгүүр явж байгаад живсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газар 04.02-ны өдрөөс 04.08-ны өдрүүдэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үр дүнд хүрээгүй тул түр зогсоогоод байсныг 05.14-ний өдөр дахин үргэлжлүүлсэн.  Тус аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, 1 автомашин, 2 завьтай, ар гэрийн 5 иргэн 2 автомашин, нийт 14 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр 05.21-ний өдрийн 08:30 цагаас “Нүхэн гүүр”-ээс 12-ын зөрлөг хүртэл усаар 13 км-т 3 удаа шумбалт, Орхон-Сэлэнгийн бэлчир хүртэл 3 км-т усаар 2 удаа 2-3 метр гүнд шумбалт хийж, голын арал дээрх модонд явганаар самналт хийж нийтдээ 26 км-ийн тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top