Онцгой байдлын байгууллагын “Ахмадын холбоо”-ны гуравдугаар бага хурал Орхон аймагт зохион байгуулагдаж байгаа гурван үеийн чуулга уулзалтын үеэр боллоо.
Ахмадын холбооны гуравдугаар бага хуралд төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын “Ахмадын хороо”, “Ахмадын зөвлөл”-ийн дарга, гишүүдийн нийт 80 гаруй ахмад оролцсон юм.
Хурлын үеэр “Ахмадын холбоо”-ны тэргүүн, бэлтгэл комиссар Д.Хишигбаатар 2017-2019 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа танилцууллаа.
Тэрээр танилцуулгадаа “Ахмад настны тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга, Монголын “Ахмадын холбоо”-оос гаргасан 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд ахмад настны нийтэг эрх ашиг, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, ахмадынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, Онцгой байдлын байгууллагын гурван үеийн чуулга уулзалтаас гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн зургаа дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд “Ахмадын холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүдийн ажил, үүргийн хуваарийг шинэчилж, байгууллагын түүхэн замнал, залуу ажилтныг халамжлан хүмүүжүүлэх, түшиглэсэн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх гэсэн гурван ажлын хэсэгтэйгээр зохион байгуулдаг. Мөн Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад “Албаны музей”, “Хүндэтгэлийн өргөө” –тэй болгох ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Түүнчлэн Онцгой байдлын байгууллагын 15 жилийн ойг тохиолдуулан албаны үйл ажиллагааг сурталчлах зорилгоор төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба сурталчлах өдөрлөгийг Албаны түүхэн музейд зохион байгуулж байна” хэмээн онцоллоо.
Хурлаар “Ахмадын холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүнээр Д.Хишигбаатар, Т.Батаахүү, Х.Алагаа, Д.Жамсран, И.Чинбат, А.Оюунчимэг, О.Одонтуяа, С.Залуухүү, С.Жаргалсайхан нарыг удирдах зөвлөлийн гишүүнээр сонгож, тэргүүнээр бэлтгэл комиссар Д.Хишигбаатарыг дахин сонгож, баталлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.