Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, говийн аймгуудын нутгаар багавтар, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, Алтайн салбар уулс болон Арц-Богдын өвөр хоолойгоор 13-15 м/с хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 13-18 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар 23-28 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, 22-24 градус дулаан байна.

Төлөв байдал: 28-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 28-нд зарим газраар, 29-нд говь, талын нутгаар, 30-нд зүүн аймгуудын нутгаар, 31-нд Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч зөөлөн шороон шуурга шуурна. 28-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүсч, бусад хугацаанд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.26-ны өдрийн 16:24 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч 1 автомашинтай 1.5 км замыг туулан 16:27 цагт очиж, 4х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.26-ны өдрийн 17:14 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км замыг туулан 17:19 цагт очиж, 6х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 16 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.26-ны өдрийн 19:11 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 18:42 цагт очиж, 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 13 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Уртын-Адаг багийн “Даваат” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 25 км-т/ тус багийн харьяат малчин У-гийн өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 05.26-ны өдрийн 23:54 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 25 км замыг туулан 00:40 цагт очиж, 40х10 метрийн хэмжээтэй өвөлжөө, бууц, 1.8 тонн өвс тус тус шатаж байсныг 2 цаг ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэрТөв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөр багийн “Цагаан нуга” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 20 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.26-ны өдрийн 19:47 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Батсүмбэр сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн 2 алба хаагч, орон нутгийн 44 иргэн, нийт 46 хүн, 8 автомашинтай түймрийг унтраахаар ажиллаж байна. /Түймэрт урьдчилсан байдлаар 60 га талбай шатсан./

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Увс аймгийн Тэс сумын Нуур багийн “Жирээгийн-Адаг” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 45 км-т/ тус сумын харьяат иргэн Б /21 настай, эрэгтэй/ 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 07:00 цагийн орчимд малаа хариулж яваад сураггүй болсон. Тус аймгийн Онцгой байдлын газраас 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үр дүнд хүрээгүй тул түр зогсоогоод байсныг ар гэрийн хүсэлт ирүүлсэний дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр 2019.05.25-ны өдөр дахин эхлүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын 3 алба хаагч, ар гэрийн 2 хүн, нийт 5 хүн, 2 автомашинтайгаар “Их гол”, “Жирээ голын-Адаг”, “Хараагийн-Арал”, “Байшинтын гатлага” гэдэг газарт 12 удаагийн шумбалтыг хийж, “Жирээ голын дээд гаталга” гэдэг газраас “Нуурын хөвөө” гэдэг газар хүртэл 12 км-т усаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж, тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Баттулгын шийдвэрээр 05.26-ны өдрийн 19:00 цагт зогсоосон.

Усны осол /эрэн хайх, аврах/: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Урт булгийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 60 км-т, Дархан сумын төвөөс зүүн урд зүгт 100 км, У-49005’20.18”, Ө-106030’57.98” / алтны уурхайн хиймэл нууранд Дархан-Уул аймгийн харьяат иргэн Б-гийн жолоодож явсан /29 настай, эрэгтэй/ тус компанийн эзэмшлийн 12-13 ТТА улсын дугаартай “Хово” загварын ачааны автомашин осолдсон тухай дуудлагыг 05.23-ны өдрийн 23:26 цагт хүлээн авч ОБЕГ-ын 2 алба хаагч, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, тус аймгийн Цагдаагийн газрын 9 алба хаагч, Мэргэжлийн хяналтын газрын 3 ажилтан, Баянгол сумын мэргэжлийн ангийн 5 хүн, Дархан-Уул аймгийн Шарынгол сумын “Шарын гол” ХК-ийн 8 ажилтан, “Шарын гол-Уул уурхай” ХХК-ийн 57 ажилтан, нийт 126 хүн, 39 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. 05.26-ны өдрийн байдлаар 10-11 метрийн гүнд 30 удаагийн шумбалт хийж, мөн өдрийн 15:17 цагт осолдсон автомашины байршлыг тогтоосон. 1250 м3 ус татах хүчин чадалтай насос 1, 650 м3 ус татах хүчин чадалтай насос-1, 250 м3 ус татах хүчин чадалтай насос 1, 75 м3 ус татах хүчин чадалтай насос 2, нийт 5 насосоор нийт 88.688 м3 усыг, мөн өдрийн 20:40 цагт хамгаалалтын даланг сэтэлж нуурын усыг гадагшлуулах арга хэмжээ авч ажиллаж байна.  Мөн осолдсон тухайн газар руу 2200 м3 шороо зөөвөрлөж /28.5 метрийн урттай, 16 метрийн өргөнтэй, 3 метрийн өндөртэй/ хамгаалалтын шороон далан байгуулсан.

Бусад: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд бага насны хүүхэд угаалгын автомашинд хөлөө хавчуулсан тухай дуудлагыг 05.26-ны өдрийн 19:23 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 19:34 цагт очиж, Х /4 настай, эмэгтэй/ хагас автомат угаалгын машины хатаагчид хөлөө хийж гацаасан байсныг гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд ачааны автомашин гэр мөргөж, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 05.26-ны өдрийн 20:33 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 11 км замыг туулан 20:48 цагт очиход иргэн Б-гийн жолоодож явсан “Маяти” загварын ачааны автомашин иргэн Б-гийн 5 ханатай гэрийг мөргөж, тухайн автомашины жолооч иргэн Б /41 настай, эрэгтэй/ автомашины бүхээгийн хэсэгт хавчуулагдсан байсныг эсэн мэнд, тухайн гэрт байсан иргэн Б-гийн хүү А /11 настай, эрэгтэй/-ийн цогцсыг гаргаж, Эмнэлгийн болон Цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top