Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Булган, Орхон, Өвөрхангай Хархорин, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий зэрэг аймгуудын нутгаар бороо болон цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, говь талын нутгаар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с, 10-12 градус дулаан байна.

Төлөв байдал: 26-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 27-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 27-нд Алтайн салбар уулсаар, 28, 29-нд зарим газраар 14-16 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, болон Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 25-26-нд шилжих шөнө төвийн аймгуудын нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ. 26-нд зүүн аймгуудын нутгаар, 28-нд баруун  аймгуудын нутгаар, 29-нд нутгийн баруун хагаст сэрүүснэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанСүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн “Тоосгоны үйлдвэр” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 4км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 05.24-ныөдрийн 06:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 10 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр 4 км зам туулан 07:05 цагт очиж, 1 цагт 25 минут ажиллаж унтраасан.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Тэвш багийн “Дэрсний-Ус” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 13 км-т/ малчин Б-гийн хураалттай хөрзөн шатаж байна гэсэн дуудлагыг 05.24-ний өдрийн 08:59 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 13 км зам туулан 09:30 цагт очиж, 4 цаг ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багт 6х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 05.24-ны өдрийн 12:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 2 км зам туулан 12:58 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт 4 метр хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.24-ний өдрийн 15:02 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 3 км зам туулан 15:05 цагт очиж, 35 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бор гүвээ багт 4х7 метрийн хэмжээтэй байшингийн тааз шатаж байна гэсэн дуудлагыг 05.24-ний өдрийн 15:04 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар  ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 5 км зам туулан 15:13 цагт очиж, 25 минут ажиллаж бүрэн унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.24-ний өдрийн 15:12 цагт дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 3,5 км зам туулан 15:16 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Санжинт багт амбаар, түлээний мод, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.25-ны өдрийн 03:32 цагт хүлээн авч тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 2 км зам туулан 03:35 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэрХэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн нутаг “Гацуур гол” гэдэг газар /Сумын төвөөс зүүн хойд зүгт 170 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 280 км-т/ Монгол Улсын хилийн 745 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 05.22-ны өдрийн 18:15 цагт хүлээн авч ОБЕГ-ын 1 алба хаагч, Үндэсний аврах бригадын 25 алба хаагч, Хилийн 0151 дүгээр ангийн 2 алба хаагч, нийт 28 алба хаагч ЗХ-ний 303 дугаар ангийн “Ми-171Е” загварын нисдэг тэрэгтэйгээр ажиллаж, 05.23-ны өдрийн 21:45 цагт түймрийг цурманд оруулж, 05.24-ний өдрийн 12:46 цагт бүрэн унтрааж, Хилийн 151 дүгээр ангийн заставын даргад хүлээлгэн өгсөн.  /түймэрт нийт 3000 орчим га ой шатсан/.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Урт булгийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 60 км-т, Дархан сумын төвөөс зүүн урд зүгт 100 км, У-49005’20.18”, Ө-106030’57.98” / алтны уурхайн хиймэл нууранд Дархан-Уул аймгийн харьяат иргэн Б-гийн жолоодож явсан /29 настай, эрэгтэй/ тус компанийн эзэмшлийн 12-13 ТТА улсын дугаартай “Хово” загварын ачааны автомашин осолдсон тухай дуудлагыг 05.23-ны өдрийн 23:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, аймгийн Цагдаагийн 10 алба хаагч, мөн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 4 алба хаагч, тус компанийн 25 ажилтан, нийт 60 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 05.25-ны өдрийн 06:00 цагийн байдлаар 6 метрийн гүнд 4 удаа шумбалт хийж, нуралт болсон газрын зүүн хойд эргээс шороо асгаж, 10 метрийн урттай зам зассан. 1250 м3-ын 1, 650 м3-ын 1, 280 м3-ын хүчин чадалтай 1, нийт 3 насосоор 16200 м3 ус соруулсан. 75 м3-ын 3 насос угсарч, нуурын эргийн далан сэтлэх ажил явагдаж байна. /Нуурын гүн 10-12 орчим метр, 70 орчим метрийн тойрогтой, нуурын эргээс 10 орчим метрийн зайнаас нурж, шороонд дарагдсан/.  

Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн “Алгийн гатлага” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 19 км-т/ Булган голд  иргэн Б-гийн жолоодож явсан “Маети” загварын ачааны автомашин живсэн тухай дуудлагыг 05.24-ний өдрийн 11:37 цагт хүлээн авч тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн 3 алба хаагч, ар гэрийн 7 хүн, нийт 10 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр 12:50 цагт  очиж, 5 цаг 30 минут ажиллаж автомашиныг татан гаргасан.

Амиа хорлолт /аврах/: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн-Амны “Дугуй цагаан” гэдэг газар хүүхэд сураггүй болсон тухай дуудлагыг 05.24-ний өдрийн 18:42 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 25 км зам туулан 19:15 цагт очиход Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд оршин суугч иргэн Э /17 настай, эрэгтэй/ амиа хорлох зорилгоор зүүн гарын судсаа ханасан байдалтай байсныг олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top