1. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Уснаас эрэн хайх: Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн “Талын хар балгас” гэдэг газар Ө /13 настай, эрэгтэй/ “Орхон” голын усанд живсэн тухай дуудлагыг 2015.08.21-ний өдрийн 21:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, 1 завьтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 2015.08.28-ны өдрөөс ар гэрийнхэнтэй нь зөвшилцөн зогсоосон.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Хүний гоц халдварт өвчин: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Агар багийн “Агарын голын гурван чулуу” гэдэг газар нутагладаг иргэн Д /16 настай, эрэгтэй/ 2015.08.14-ний өдрөөс халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр сумын хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан тул өвчтөнөөс сорьц авч аймгийн ЗӨСТ-ийн лабораторид шинжлүүлэхэд 2015.08.15-ны өдрийн хариугаар булчирхайн хэлбэрийн “Тарваган тахал” өвчин болох нь тогтоогдсон.
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:Хүн, мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Тарваган тахал” өвчний 1, 2 аймгийн 3 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 3, 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонь, ямааны Маэди-Винса” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Галзуу” өвчний 1, нийт 6 аймгийн 7 сумын нутагт 7 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна. Үүнд:
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Баянбогд багийн “Хавирга” гэдэг газар малчин Д-ийн 17 хонь 2015.07.29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.07.31-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Онгон сумын Ихбулаг багийн “Сүж” гэдэг газар малчин Х, Х нарын 14 хонь 2015.08.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.10-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Өргөн сумын Баянмөнх багийн “Хэрээ” гэдэг газар малчин Б-ийн 15 хонь 2015.08.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.20-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Жаргалант багийн “Тахир нуур” гэдэг газар малчин Г-ийн 2 үхэр 2015.08.04-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.08-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Амгалант” гэдэг газар малчин Н-ийн 4 хонь 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Хонь, ямааны Маэди-Винса” өвчин болох нь;
Булган аймгийн Орхон сумын Арбулаг багийн “Шувуутын шанаган” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр 2015.08.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоосон.
3. Ой, хээрийн түймэр:
Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлант багийн “Өвөр хөндий” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 85 км-т/ ОХУ-ын талаас Монгол Улсын хилийн 253 дугаар тэмдэгтийн чиглэлээр ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.08.27-ны өдрийн 09:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, Хилийн 0277 дугаар ангийн 41 албан хаагч, орон нутгийн 99 иргэн, нийт 152 хүн,
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хоолойнзах багийн “Хар давааны-Ам” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.27-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, орон нутгийн 16 иргэн, нийт 40 хүн тус тус түймрийг унтраахаар ажиллаж байна.
4. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 1, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны “Их наран”-гийн 5 дугаар гудамжийн 20Б тоотод иргэн Э-ийн амбаар, иргэн Э, М нарын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.28-ны өдрийн 14:18 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч,
Төв аймгийн Баянчандмань сумын 2 дугаар багийн 5 дугаар гудамжийн 1 тоотод иргэн Н-ийн байшин, малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 2015.08.28-ны өдрийн 06:10 цагт хүлээн авч Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
5. Техникийн холбогдолтой ослын талаар:
Тээврийн хэрэгслийн осол: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг авто замын зорчих хэсэгт 46-37 УНБ улсын дугаартай “Киа Бонго” загварын бага оврын ачааны автомашин, 21-85 УБЗ улсын дугаартай “Хьюндай Аксент” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, автомашины эд ангид 2 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 2015.08.28-ны өдрийн 10:15 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж, иргэн Т /45 настай, эрэгтэй/ эд ангид хавчуулагдаж гэмтсэн байсныг гаргаж нийслэлийн Түргэн тусламжийн төвд, Т /10 сартай, эрэгтэй/ нас барсан байсныг гаргаж дүүргийн Цагдаагийн хэлтэст тус тус хүлээлгэн өгсөн.
Ахуйн осол: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Баян төхөм”-ийн 24 дүгээр гудамжийн 39 тоотод ухсан нүхэнд 1 хүн унасан тухай дуудлагыг 2015.08.28-ны өдрийн 15:36 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч, Т /2 настай, эрэгтэй/ унаж гэмтсэн байсныг гаргаж Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүлээлгэн өгсөн.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР