Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Дорнод, Завхан, Орхон, Сэлэнгэ, Ховд аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, говь талын нутгаар зарим үед 15-17 м/с хүрч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 10-15 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. Сэрүүсч 13-15 градус дулаан байна.

Төлөв байдал: 30-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6 дугаар сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд төв болон зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 31-нд Алтайн уулсаар, 6 дугаар сарын 1-нд зарим газраар, 2-нд говь, талын нутгаар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. 31-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг,Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. 30-нд нутгийн баруун хагаст, 31-нд нутгийн зүүн хагаст дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанНийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд 4х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.28-ны өдрийн 15:11 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 5 км зам туулан 15:20 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт М /3 настай, эрэгтэй/ өртөж нас барсан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэрОйн түймэрТөв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөр багийн “Цагаан нуга” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 20 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.26-ны өдрийн 19:47 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн 2 алба хаагч, орон нутгийн 9 иргэн, нийт 11 хүн, 2 автомашин, 7 морьтойгоор ажиллаж, 05.27-ны өдрийн 05:30 цагт цурманд оруулж, 05.28-ны өдрийн 10:30 цагт  бүрэн унтрааж тус сумын Байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн. /Түймэрт нийт 10 орчим га талбай шатсан/.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн “Зүүн хүйсийн бууц” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 45 км-т/ малчин Б /56 настай, эрэгтэй/ 05.26-ны өдрийн 13:00 цагт адуундаа мотоциклтой яваад сураггүй болсон тухай дуудлагыг 05.28-ны өдрийн 15:05 цагт хүлээн авч тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 3 алба хаагч, нутгийн захиргааны байгууллагын 11 алба хаагч, 2 автомашин, Цагдаагийн хэлтсийн 3 алба хаагч, сум дундын эмнэлгийн  3 ажилтан, 1 автомашин, нийт 20 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр гэрээс нь хойд зүгт “Энгэр Цагаан-Овоо”, “Цавчирын задгай”,  “Бичигтийн сайр”, “Сайн бичигтийн хийд” гэдэг газруудаар 10 орчим км-ийн тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:30 цагт түр зогсоосон. 05.29-ний өдрийн 05:00 цагт үргэлжлүүлсэн.

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Ужиг багийн “Мухар даваа” гэдэг газар /Хатгал тосгоноос баруун урд зүгт 22 км-т/тус багийн харьяат иргэн О /18 настай, эмэгтэй/ 05.27-ны өдрийн 11:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 05.28-ны өдрийн 09:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн 10 алба хаагч, 2 автомашин, 3 мотоциклтойгоор Хатгал тосгоны төвөөр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх явцад тус тосгоны 6 дугаар багийн “Харганы-Эх” гэдэг газар айлд байгаа гэсэн мэдээллийг 13:05 цагт хүлээн авч ажиллагааг зогсоосон.

Усны осол /эрэн хайх, аврах/: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Урт булгийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 60 км-т, Дархан сумын төвөөс зүүн урд зүгт 100 км, У 490 05/ 20//, Ө 1060 30/ 57/// “Пентатерра” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Шарын гол уул уурхай” ХХК-ийн ажилтан Дархан-Уул аймгийн харьяат иргэн Б /29 настай, эрэгтэй/-гийн жолоодож явсан “Хово 371” загварын ачааны /60 тонн/ автомашин уурхайн ухаш руу унаж осолдсон тухай дуудлагыг 05.23-ны өдрийн 23:26 цагт хүлээн авсан. ОБЕГ-ын 3 алба хаагч, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, тус аймгийн Цагдаагийн газрын 9 алба хаагч, Прокурорын газрын 2 ажилтан, МХЕГ-ын 2 ажилтан, Сэлэнгэ аймгийн МХГ-ын 4 ажилтан, Баянгол сумын мэргэжлийн ангийн 2 хүн, 1 хүнд даацын техник, Дархан-Уул аймгийн Шарынгол сумын “Шарын гол” ХК-ийн 10 ажилтан, “Шарын гол-Уул уурхай” ХХК-ийн 60 ажилтан, “Болор-Оргил майнинг” ХХК-ийн 4 ажилтан, нийт 117 хүн, 14 хүнд даацын техник, 25 автомашин, 2 завьтайгаар ажиллаж байна. 05.28-ны өдрийн 22:00 цагийн байдлаар 9 аврагч, 15 метрийн тойрогт якор шидэж, 8 метрийн гүнд, нийт 13 удаагийн шумбалт хийсэн. 1250 м3 ус татах хүчин чадалтай насос 1, 650 м3 ус татах хүчин чадалтай насос 1, 400 м3 ус татах хүчин чадалтай насос 2, 150 м3 ус татах хүчин чадалтай насос 1, 75 м3 ус татах хүчин чадалтай насос 1, нийт 6 насосоор 9700 м3/нийт 136000 м3/ усыг гадагшлуулж, нуурын усны түвшин нийт 3,4 метрээр буурсан. Автомашины дээрээс унасан шаламыг зөөвөрлөж, нуурын эргээс 41.8 метрийн зайтай байсан автомашиныг 19:50 цагт эрэг дээр татаж гаргасан, автомашины урд хэсэгт овоорсон шаламыг бэлтгэсэн талбайд зөөвөрлөн шалгаж, нуурын 4 метр өндөр, 9 метр урттай эргийг нуралтаас урьдчилан сэргийлэх зорилгоор намсгасан. Голомтод интернетийн сүлжээ оруулсан бөгөөд үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 20:30 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоосон. 05.29-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармагийн автобусны эцсийн буудлын харалдаа “Туул” голд тус дүүргийн харьяат Т /10 настай, эрэгтэй/ 05.27-ны өдрийн 12:00 цагийн орчим осолдсон гэсэн дуудлагыг 05.28-ны өдрийн 00:05 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 8 км зам туулан 01:00 цагт очиж, “Туул” голоор 3 км урсаж, 2 метрийн гүнд 1 удаа шумбалт хийж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 01:50 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоосон. 05.28-ны өдөр нэмэлт дуудлагаар 5 алба хаагч, 1 автомашинтай гарч, нийт 11 алба хаагч, 2 автомашин, 2 завьтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 10:44 цагт “Гүүрний хясаа” гэдэг газраас /Сонсголонгийн гүүрнээс зүүн зүгт 50 метрт/ хүүхдийн цогцсыг олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top