Зуунаар өртөөлсөн авралын эзэд

DSC_0774.jpg

Онцгой албаны нэр төрийг өндөрт өргөж, хүн ардынхаа аюулгүй байдлын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэн, он цагийн хэлхээнд алтан түүхээ бичиж яваа НОБГ-ын харьяа  нийслэлийн Аврах анги-105 зуун дамжсан түүхийн хуудсаа эргүүллээ. Хагас зуун жилийн хугацааанд энэ л ангиар овоглож ирсэн үе, үеийн ажилтан, алба хаагчид дурсамжаа хөөрөн, дуртгалаа мөнхлөх баярт мөчөө хуваалцаж, өнгөрсөн, одоо, ирээдүйн тухайн хэлэлцсэн нь энэ юм. 

Тэд бол анхны агаарын шонхорууд

   Анх 1969 онд Түймэр эсэргүүцэх агаарын харуулын алба нэртэйгээр 50 гаруй шүхэрчин, десантчинтайгаар байгуулагдаж байжээ. Анхны Онцгой байдлын байгууллагын шүхэрчин-гал сөнөөгчдийг сургаж бэлтгэх, агаараас үүрэг гүйцэтгэх түүхэн цаг тухайн үеэс эхэлсэн байна.  Тухайн үедээ шүхэрчин-гал сөнөөгчид хавар, намрын ой, хээрийн түймрийн улирлуудад эргүүлийн нислэгийг гүйцэтгэж, Монгол Улсад гарсан ой, хээрийн түймрийн 80 гаруй хувийг агаараас тандан илрүүлж, 90 гаруй хувийг унтраадаг байжээ. Шүхэрчин аврагчид энэ л зарчмаар 2004 он хүртэл үүрэг гүйцэтгэсэн байна. Харин 2004 оноос хойш тасалдсан шүхэрчин-гал сөнөөгчдийг бэлтгэх сургалтыг өнгөрсөн 2018 оноос эхлэн ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадтай хамтран зохион байгуулж, шүхэрчдийн залуу халааг шинээр бэлтгэж эхлээд байна.

Тэд бол усчин аврагчид

 Нийслэлийн Байгалийн гамшгаас хамгаалах салбар байхаас буюу 1995-1999 онд Усан спорт сургалтын төвтэй гэрээ байгуулан, 11 шүхэрчин аврагчийг анхны усчин аврагчаар бэлтгэжээ. Энэ үеэс хойш усны ослын дуудлагад үүрэг гүйцэтгэх мэргэжлийн байнгын бүрэлдэхүүнтэй болох эхлэл тавигдсан байна.  Харин  2011 оноос Нийслэлийн Засаг даргын захирамжаар Цагдаагийн байгууллагатай хамтран Туул голд хэсэгчлэн хөдөлгөөнт завьт эргүүлийн үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Үүрэг гүйцэтгэлийн  8 жилийн хугацаанд нийт үер, усны 1800 гаруй дуудлагаар ажиллаж, гол усанд суусан 3512 автомашин, 3500 гаруй иргэнийг авран хамгаалж, 899 иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэн ар гэр болон холбогдох шатны  байгууллагуудад хүлээлгэн өгчээ. Дулааны улиралд буюу зургадугаар сараас есдүгээр сар хүртэл Туул голын ай сав газраар амарч зугаалж буй ард, иргэдийг голын усанд осолдохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, аюулгүй байдлыг ханган ажилладаг юм.

Түүхэн хугацаанд дах бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт:

  •          1969-1976 онд Түймэр эсэргүүцэх агаарын харуулын алба,
  •          1976-1990 онд Түймэр эсэргүүцэх агаарын харуулын албаны Улаанбаатар хотын салбар,
  •          1991-1998 онд Байгалийн гамшигтай тэмцэх албаны Улаанбаатар хотын   салбар,
  •          1998-2003 онд Нийслэлийн Байгалийн гамшгаас аврах анги,
  •          2003-2010 онд Нийслэлийн Аврах отряд,
  •          2010-2013 онд Нийслэлийн Аврах салбар,
  •           2013-2017 онд нийслэлийн Аврах анги,
  •            2017 оноос нийслэлийн Аврах анги-105

Тэд бол эгэл баатрууд

 Сүүлийн жилүүдэд нийслэлийн хүн амын төвлөрөлт, байгаль, цаг уурын өөрчлөлттэй холбогдуулан гарч байгаа гамшиг ослын төрөл нэмэгдэж, давтамж нь ихсэх болсон. Аврах ангийн аврагчид үер, ус, гал түймэр, зуд, үйлдвэрийн, зам, тээврийн осол, химийн болон тэсэрч дэлбэрэх бодис, амиа хорлох оролдлого, нуранги, мөсөнд цөмрөх, хүн, малын гоц халдварт өвчин зэрэг 20 гаруй төрлийн аюулт үзэгдэл, ослын дуудлагаар эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд оролцон, хуулиар хүлээсэн үүргээ эр зориг, тэсвэр хатуужил, авхаалж самбаа гарган чин шударгаар биелүүлж байна.

 Гамшиг, осолд өртсөн газар бүрт авралын гараа сунгаж ирсэн алба хаагчид сүүлийн 10 жилийн хугацаанд аюулт үзэгдэл, ослын 5000 гаруй дуудлагаар эрэн хайх, аврах, хор  уршгийг арилгах ажиллагаанд үүрэг гүйцэтгэн,  3500  хүнд амьдрал бэлэглэж, төр, аж, ахуйн нэгж, байгууллага иргэдийн 80,2 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.

Харин 50 жилийн хугацаанд 1.6 га ой, хээрийн түймрйиг унтраан, 115,202 хүний амь насыг авран хамгаалж, төр болон хувийн аж ахуйн нэгж, иргэдийн 230,5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан түүхтэй.  

 Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах, ард иргэдийнхээ эрүүл мэнд, амь нас, өмч хөрөнгийг аврах, эх болсон байгаль дэлхийгээ хамгаалах үйлсэд чин үнэнчээр зүтгэсэн үе, үеийн алба хаагчдын яруу алдараар бахархаад баршгүй юм. Амь аврах албандаа эзэн болж, Аврах анги 105 хэмээн алдараа дуурсгах аврагчдын минь баатарлаг гавьяа үеийн үед тасралтгүй үргэлжилж, суу алдар нь мөнхөд дуурсах болтугай.

Эх сурвалж: Онцгой мэдээ сонин

scroll to top