Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Алтайн өвөр бэл болон Хангайн уулсаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруунаас, бусад хэсгээр баруун хойноос 6-11 м/с, говь талын нутгаар зарим үед 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод Монголын тал нутгаар 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун хойноос 6-11 м/с, дулаарч 18-20 градус дулаан байна.

Төлөв байдал: 31-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6 дугаар сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 31-нд Алтайн уулсаар, 6 дугаар сарын 1-нд зарим газраар, 2-нд говь, талын нутгаар 13-15 м/с хүрч шороон шуурга шуурна. 31-нд нутгийн зүүн хагаст дулаан байх боловч цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг багт 10х20 хэмжээтэй 2 давхар байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.29-ний өдрийн 14:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 90 км зам туулан 16:21 цагт очиж 3 цаг 40 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсанЗавхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой  багт 8х8 хэмжээтэй байшин, 6 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.29-ний өдрийн 12:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай  1.5 км зам туулан 12:13 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт хашаанд малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 05.29-ний өдрийн 13:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай 2 км зам туулан 13:30 цагт очиж 3 цаг 30 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн “Зүүн хүйсийн бууц” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 45 км-т/ малчин Б /56 настай, эрэгтэй/ 05.26-ны өдрийн 13:00 цагт адуундаа мотоциклтой яваад сураггүй болсон тухай дуудлагыг 05.28-ны өдрийн 15:05 цагт хүлээн авсан. Тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 3 алба хаагч, Цагдаагийн хэлтсийн 3 алба хаагч,  нутгийн захиргааны байгууллагын 11 алба хаагч, сум дундын эмнэлгийн  3 ажилтан, нийт 20 хүн, 3 автомашинтай 05.29-ний өдрийн 05:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх явцад тухайн иргэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд эсэн мэнд явж байгаагаа ар гэрийнхэндээ утсаар мэдэгдсэн тул 17:00 цагт эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Өндрөөс аврах: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд 8 давхар орон сууцны барилгын дээвэр дээрээс хүн унах гээд байна гэсэн дуудлагыг 05.30-ны өдрийн 01:23 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 9 км зам туулан 01:35 цагт очиж, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат иргэн У /23 настай, эмэгтэй/ 8 давхар барилгын дээврээс унах гэж байсныг эсэн мэнд буулгаж тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Уул уурхайн осол: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Урт булгийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 60 км-т, Дархан сумын төвөөс зүүн урд зүгт 100 км, У 490 05/ 20//, Ө 1060 30/ 57/// “Пентатерра” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Шарын гол уул уурхай” ХХК-ийн ажилтан Дархан-Уул аймгийн харьяат иргэн Б /29 настай, эрэгтэй/-гийн жолоодож явсан “Хово 371” загварын ачааны /60 тонн/ автомашин уурхайн ухаш руу унаж осолдсон тухай дуудлагыг 05.23-ны өдрийн 23:26 цагт хүлээн авсан. ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан ОБЕГ-ын 4 алба хаагч, ҮАБ-ын 4 алба хаагч, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, тус аймгийн Цагдаагийн газрын 9 алба хаагч, Прокурорын газрын 2 ажилтан, МХЕГ-ын 2 ажилтан, Сэлэнгэ аймгийн МХГ-ын 4 ажилтан, Баянгол сумын мэргэжлийн ангийн 2 хүн, Дархан-Уул аймгийн Шарынгол сум дахь “Шарын гол” ХК-ийн 10 ажилтан, “Шарын гол-Уул уурхай” ХХК-ийн 60 ажилтан, 8 хүнд даацын техник, 10 автомашин, “Болор-Оргил майнинг” ХХК-ийн 4 ажилтан, нийт 122 хүн, 14 хүнд даацын техник, 26 автомашин, 2 завьтайгаар ажиллаж байна. 05.29-ний өдрийн 22:00 цагийн байдлаар 9 аврагч, 15 метрийн тойрогт якор шидэж, 10 метрийн гүнд, нийт 15 удаа шумбалт хийсэн. 24 цагийн турш 1250 м3 ус татах хүчин чадалтай насос 1,  400 м3 ус татах хүчин чадалтай насос 4, 150 м3 ус татах хүчин чадалтай насос 1, 75 м3 ус татах хүчин чадалтай насос 1, нийт 7 насосоор 24351 м3 /нийт 105.222 м3/ усыг гадагшлуулж, нуурын усны түвшин нийт 4.85 метрээр буурсан. 640 м3 лаг шаврыг бэлтгэсэн талбайд зөөвөрлөн гаргасан бөгөөд үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 20:30 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоосон. 05.30-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top