1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Сүхбаатар аймгийн зарим нутгаар бага зэрэг бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтмол байлаа.
Өнөөдөр: Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, ихэнх нутгаар 14-16 м/с хүртэл ширүүсч зөөлөн шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, Орхон-Сэлэнгийн саваар сэрүүсч 13-18 градус, Алтайн өвөр говь болон говийн бүсийн нутаг, Дорнод, Дарьгангын талаар 25-30 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үдээс хойш бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 5-10 м/с, зарим үед 13-15 м/с хүрч зөөлөн шороон шуурга шуурна. 20-22 градус дулаан байна.
Төлөв байдал: 4-нд нутгийн зүүн хойд хэсгээр, 5, 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 4-нд нутгийн зүүн хэсгээр, 6-нд зүүн аймгуудын нутгаар, 7-нд баруун болон зүүн аймгуудын нутгаар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. 6-нд нутгийн баруун хэсгээр, 7- нд ихэнх нутгаар дулаарна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Баатархайрханы “Задгай”-д 2х2 хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 06.02-ны өдрийн 16:19 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 9 км зам туулан 16:29 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд 4х6 хэмжээтэй байшин, 2х2 хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 06.02-ны өдрийн 16:41 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7 км зам туулан 16:50 цагт очиж 50 минут ажиллаж унтраасан.
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал багт 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.02-ны өдрийн 20:42 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.2 км замыг туулан 20:48 цагт очиж, 26 минут ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн “Даваатын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 43 км-т, сумын төвөөс зүүн зүгт 65 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.31-ний өдрийн 15:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 12 алба хаагч, орон нутгийн 40 иргэн, нийт 52 хүн, 5 автомашин, 10 мотоциклтой ажиллаж, 06.02-ны өдрийн 17:30 цагт унтраан тус багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн. Уг гал түймэрт 3 га ойн талбай шатсан.
4.Үйлдвэрлэлийн осол:
Бичил уурхайн осол: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Урт булгийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 60 км-т, Дархан сумын төвөөс зүүн урд зүгт 100 км / “Пентатерра” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Шарын гол- Уул уурхай” ХХК-ийн ажилтан Дархан-Уул аймгийн харьяат иргэн Б /29 настай, эрэгтэй/-гийн жолоодож явсан “Хово 371” загварын өөрөө буулгагч /60 тонн/ автомашин уурхайн ухаш руу унаж, осолдсон тухай дуудлагыг 05.23-ны өдрийн 23:26 цагт хүлээн авсан. ОБЕГ-ын 2 алба хаагч, ҮАБ-ын 3 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, Цагдаагийн газрын 2 алба хаагч, МХГ-ын 1 ажилтан, Баянгол сумын нутгийн захиргааны байгууллагын 2 албан хаагч, Дархан-Уул аймгийн Шарынгол сум дахь “Шарын гол” ХК-ийн 11 ажилтан, “Шарын гол-Уул уурхай” ХХК-ийн 61 ажилтан, 11 хүнд даацын техник, “Их мэлмий” хамгаалалтын албаны 9 ажилтан, 2 автомашин, нийт 113 хүн, 14 хүнд даацын техник, 21 автомашин, 2 завьтайгаар ажиллаж байна. 06.02-ны өдрийн 23:00 цагийн байдлаар 11 аврагч, 15 метрийн радиус /6-9 метрийн гүнд/-т нийт 10 удаагийн шумбалт хийсэн. 1250 м3 ус татах хүчин чадалтай насос 1, 400 м3 хүчин чадалтай насос 4, 150 м3 хүчин чадалтай насос 1, 75 м3 хүчин чадалтай насос 2, нийт 8 насосоор 24787 м3 /нийт 207009 м3/ усыг гадагшлуулж, нуурын усны түвшин нийт 9.5 метрээр буурсан. Одоогоор усны түвшин дунджаар 9 метрийн гүнтэй байна. 1580 м3 лаг шавар тээвэрлэж, бэлтгэсэн талбайд буулган, буусан лаг шаварт эрэлч нохой ашиглан эрэн хайх ажиллагааг хийсэн. 1000 м3 хайрга тээвэрлэн зам зассан бөгөөд үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 22:20 цагт ажиллагааг түр зогсоосон. Ослын голомт дахь “Хараа-1” холбооны хөдөлгөөнт зангилгаа болон “Хараа”, “Ерөө” холбооны суурин зангилгаатай богино долгионы радио холбоог зохион байгуулж, мөн өдрийн 12:00, 14:00, 18:00, 20:00, 22:00 цагуудад богино долгионы радио холбоо болон утсан холбоогоор холбогдож мэдээ, мэдээлэл солилцож, холбооны чанар байдал /хүлээн авалт 3-4, нэвтрүүлэг 5/-ыг үнэлж ажилласан. 06.03-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
5.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /төөрсөн/: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Их баян” гэдэг ууланд аялж явсан 5 хүн төөрсөн тухай дуудлагыг 06.02-ны өдрийн 03:03 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 26 км зам туулан 03:46 цагт очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулан Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны харьяат иргэн Э /54 настай, эмэгтэй/, О /50 настай, эмэгтэй/, Ү /15 настай, эмэгтэй/, Б /11 настай, эмэгтэй/, Х /9 настай, эрэгтэй/ нарыг мөн өдрийн 04:39 цагт эсэн мэнд олж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
Өндрөөс аврах: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны “Олимп” хотхонд 18 давхар орон сууцны барилгын 17 дугаар давхрын тагтнаас хүн унасан тухай дуудлагыг 06.02-ны өдрийн 23:25 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 13 км зам туулан 23:37 цагт очиход тус хотхоны оршин суугч иргэн Г /29 настай, эмэгтэй/ нь 17 дугаар давхраас үсэрч өргөтгөлийн 2 дугаар давхрын дээвэр дээр унаж нас барсан тул цогцсыг буулгаж тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР