НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Улаанзагалмай хороотой хамтран дүүргийн орон сууцны хорооллуудад гарч байгаа хог, хогийн суваг, хогийн цэгийн гал түймрийн дуудлагын тоог бууруулах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоодын удирдлага, ажилтнуудад сургалт зохион байгууллаа.
Дүүргийн хэмжээнд он гарсаар гарсан гал түймрийн 40 гаруй хувийг хог, хогийн суваг, хогийн цэгийн гал түймэр эзэлж байна.
Тиймээс сууц өмчлөгчдийн холбоодын удирдлага, ажилтнуудад “Галын аюулгүй байдлын тухай хууль”-аар аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, иргэний хүлээх үүрэг, гал түймэр гарч байгаа шалтгаан нөхцөл, барилга байгууламжийн аюулгүй байдал, байгууллагын гамшгийн эрсдэлийн тухай ойлголт болон анхны тусламж сэдвээр сургалт зохион байгуулж, онолын мэдлэг олголоо.
Мөн онолын мэдлэгээ бататгах зорилгоор гал унтраах дадлага сургуулийг зохион байгуулсан тус сургалтад 100 гаруй хүн хамрагдсан юм гэж НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.