Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ЫН Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын захирал, хатагтай Жо Хаэнг Ланг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Онцгой байдлын байгууллага нь нь ОХУ, БНХАУ, АНУ, БНСУ, Унгар, Япон, Франц зэрэг 20 гаруй орны гамшгаас хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагууд, НҮБ болон түүний төрөлжсөн агентлагууд, Азийн гамшгийн бэлэн байдлын төв, Олон Улсын Иргэний хамгаалалтын байгууллага, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, Улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Швейцарийн хөгжлийн агентлаг зэрэг бүсийн болон олон улсын байгууллагатай байнгын түншлэл, хамтын ажиллагаатай ажиллан гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.
Гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд, Бүгд Найрамдах Солонгос Улсын Онцгой байдлын ерөнхий газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичгийг 2006 онд үзэглэснээр хоёр байгууллагын харилцаа, хамтын ажиллагааны суурь тавигдсан. Монгол Улсын Онцгой байдлын байгууллага нь БНСУ-ын Дотоод хэрэг, үндэсний аюулгүй байдлын яам, Үндэсний галын удирдлагын газар, Үндэсний аврах алба-119, Гёонги мужийн Гал, гамшгаас хамгаалах газар, Гёонги мужийн Галын академи, Солонгосын Галын судалгааны хүрээлэн болон холбогдох бусад байгууллагуудтай уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай ажилладаг юм.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал уулзалтын эхэнд, “Хатагтай Жо Хаэнг Лан Тантай уулзан танилцаж байгаадаа баяртай байна. БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын буцалтгүй тусламжаар “Гамшгаас хамгаалах судалгааны байгууллагын чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2014-2015 онд ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэнд хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд Гамшиг судлалын хүрээлэн нь дэлхийн жишигт нийцсэн техник, тоног төхөрөмжөөр хангагдан, газар зүйн мэдээллийн системийн чиглэлээр мэргэжлийн сургалтуудыг амжилттай зохион байгуулж байсан” хэмээн онцоллоо.
Уулзалтаар талууд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар тохиролцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.