1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орсон.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай, бороо орно. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс 6-11 м/с, нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 14-19 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс 6-11 м/с, зарим үед 13-15 м/с хүрч ширүүсч 20-22 градус дулаан байна.
Төлөв байдал: 17-нд төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд баруун аймгуудын нутгаар бороо, 19-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 17, 18-нд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байх боловч бусад хугацаанд халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүсийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Өлгийн 28 дугаар гудамжинд граж шатаж байна гэсэн дуудлагыг 06.15-ны өдрийн 08:57 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 09:04 цагт очиж, иргэн Б-ын эзэмшлийн 5х4 метрийн хэмжээтэй граж шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Хорго” хотхоны 2-6 дугаар байрны 2 дугаар орцонд тагт шатаж байна гэсэн дуудлагыг 06.15-ны өдрийн 11:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 11:20 цагт очиж, иргэн Д-ын тагтны хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Төв аймгийн Аргалант сумын Эрдэнэ сумын 5 дугаар багын Өлзийт хороололд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.15-ны өдрийн 12:01 цагт хүлээн авсан. Нийслэлийн Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 34 км замыг туулан 12:40 цагт очиж, иргэн Э-ийн 4х4 метрийн хэмжээтэй байшин, 6х4 метрийн хэмжээтэй байшин, 3х2 метрийн хэмжээтэй амбаар, 6х5 метрийн хэмжээтэй 2 малын саравч тус тус шатаж байсныг 1 цаг 5 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хадатын-Амны задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.15-ны өдрийн 14:36 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 14:46 цагт очиж, иргэн О-ын 5х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард Аюушийн 14 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.15-ны өдрийн 18:19 цагт хүлээн авсан. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км замыг туулан 18:25 цагт очиж, иргэн М-ийн 8х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн 11 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.16-ны өдрийн 00:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км замыг туулан 00:43 цагт очиж, иргэн Б-ийн 8 ханатай гэр шатаж байсныг 22 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дарь-Эхийн хорооллын Ганцын задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.16-ны өдрийн 01:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 01:27 цагт очиж, иргэн М-ын 5 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, “Яргайтын богино” зусланд ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 06.15-ны өдрийн 02:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашин, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашин, Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашин, нийт 18 алба хаагч, 4 автомашинтайгаар ажиллаж мөн өдрийн 06:00 цагт унтраасан. /Түймэрт 1 га талбай шатсан./
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багийн 49 дүгээр гудамжинд Иргэн Х/50 настай, эрэгтэй/ 06.11-ний өдрийн 06:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 06.12-ны өдрийн 17:56 цагт хүлээн авсан. Х-ын өмсөж явсан хувцас Ховд голын эргээс /аймгийн төвөөс зүүн зүгт 3,5 км-т/ олдсон. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 6 алба хаагч, 1 автомашин, 1 завь, Ховд аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, 1 автомашин, 1 нохой, ар гэрийн 20 хүн, 3 автомашин, нийт 34 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.15-ны өдрийн байдлаар ”Хасбаатарын хөшөө” гэдэг газраас “Есөн салаа”, “Тавалтай” гэдэг газар, “Найрамдал-Уул” гэдэг газраас “Хасбаатарын хөшөө”, “Баргиат” гэдэг газар хүртэл нийт 75 км-т “Ховд” голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:30 цагт эрэн хайх ажиллагааг зогсоосон. 06.16-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлнэ.
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Таван толгой багын Бумбатын задгайд Иргэн Ц /49 настай эмэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ 06.14-ний өдрийн 17:00 цагт гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг 06.15-ны өдрийн 09:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн 9 алба хаагч 1 автомашин, 2 мотоцикль, Цагдаагийн хэсгийн 2 алба хаагч, Засаг даргын тамгын газрын 2 албан хаагч, ар гэрийн 3 хүн, нийт 16 хүн, 1 автомашин, 2 мотоцикльтойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 12:58 цагт тус багийн “Бунхант” гэдэг газраас /сумын төвөөс зүүн зүгт 25 км-т/ эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Төв аймгийн Лүн сумын Баянхангай, Лүн сумын нутаг, Улаанбаатар хотоос Төв аймгийн Лүн сумын чиглэлийн А0301 замын 110-113 дугаар км-т /Лүн сумаас зүүн зүгт 13 км-т/ 06.15-ны өдрийн 15:30 цагийн орчимд орсон түр зуурын хүчтэй борооны улмаас үер бууж Улаанбаатар хотоос Лүн сумын чиглэлийн улсын чанартай А0301 замын 110-113 дахь км-т /Лүн сумаас зүүн зүгт 13 км-т/ хатуу хучилттай автозамын зорчих хэсэг их хэмжээний усанд автаж, Баянхангай сумын Хөшөөт багийн Тав хангай хороололд оршин суугч /Баянхангай сумаас урд зүгт 5 км-т/ Ц /4 настай эмэгтэй/ сураггүй болсон, мөн 3 айлын байшин, 2 айлын гэр усанд автсан тухай дуудлагыг 06.15-ны өдрийн 17:30 цагт хүлээн авсан Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Н.Төмөрбаатараар ахлуулсан 20 алба хаагч, 3 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 06.16-ны өдрийн 07:30 цагт Ц /4 настай эмэгтэй/-ын цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. Улаанбаатар хотоос Төв аймгийн Лүн сумын чиглэлийн А0301 замын 110-113 дугаар км-т автозамын зорчих хэсэгт их хэмжээний ус урсаж, замын байгууламжид эвдрэл үүсэж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг явуулах боломжгүй байгаа тул Тээврийн цагдаагийн албанаас тухайн хэсэгт автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаад байна.
Бусад: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цэргийн хотхоны 8 дугаар гудамжинд Иргэн Г-ийн байшингийн дээвэр салхинд хууларч гэр дээр нь унасан, гэр дотор нь байгаа хүн гарч чадахгүй байгаа тухай дуудлагыг 06.15-ны өдрийн 13:35 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 9.5 км замыг туулан 13:50 цагт очиж, иргэн Г /33 настай, эмэгтэй/ гэртэйгээ дарагдаж гарч чадахгүй байсныг гаргаж аюулгүй болгосон.
Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 68 дугаар байрны 2 дугаар орцонд цахилгаан шат гацаж, дотор нь 2 хүн түгжигдсэн тухай дуудлагыг 06.15-ны өдрийн 13:55 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4.5 км замыг туулан 14:04 цагт очиж, иргэн Л /21 настай, эрэгтэй/ иргэн Э /20 настай, эрэгтэй/ нар цахилгаан шатанд түгжигдэж гарч чадахгүй байсныг гаргаж аюулгүй болгосон.
Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баян багийн “Давстай бор нуур” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 70 км-т/, иргэн О-ийн эзэмшлийн “Кроун-170” загварын суудлын автомашин /1 том хүн, 3 хүүхэдтэй/ шаварт суусан тухай дуудлагыг 06.15-ны өдрийн 17:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн 3 алба хаагч, 1 автомашинтай 70 км замыг туулан 22:00 цагт очиж, 20 минут ажиллан гаргаж аюулгүй болгосон.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, Микро хорооллын 179 дүгээр байрөнд 2 дугаар давхарын цонхноор бага насны 2 хүүхэд унах гээд байна гэсэн дуудлагыг 06.15-ны өдрийн 18:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх бүлгийн 4 алба хаагч, 1 автомашинтай 0.8 км замыг туулан 18:20 цагт очиж, Р /3 настай, эрэгтэй/, Г / 2 настай, эрэгтэй/ нар цонх дээрээ тоглож байсныг аврах шат ашиглан цонхоор нь орж аюулгүй болгон, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн “Гэгээн нуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 100 км-т, сумын төвөөс зүүн урд 45 км-т/ 06.15-ны өдрийн 22:40 цагт орсон түр зуурын хүчтэй борооны улмаас малчин М, Б, Т нарын 3 гэр усанд автаж, 5 иргэн /2 том хүн, 3 хүүхэд/ усанд боогдсон гэсэн дуудлагыг 06.16-ны өдрийн 01:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж 5 иргэн, 3 гэрийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж аюулгүй болгосон.
Төв аймгийн Лүн сумын Цагаан-Уул багийн “Зэгэс” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 7 км-т/ Иргэн Т-ын гэр усанд автаж, 8 хүн /5 том хүн, 3 хүүхэд/ усанд боогдсон тухай дуудлагыг 06.15-ны өдрийн 21:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Н.Төмөрбаатараар ахлуулсан 12 алба хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж, тухайн иргэдийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж аюулгүй болгосон.
Завхан аймгийн Алдархаан сумын Чигэстэй багийн “Таван чихийн-Ам” гэдэг газар “Чигэстэй” голд Портер загварын автомашин усанд суусан тухай дуудлагыг 06.15-ны өдрийн 08:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн 6 алба хаагч 1 автомашинтай ажиллаж, иргэн З-ын эзэмшлийн “Портер” загварын автомашиныг уснаас татан гаргаж аюулгүй болгосон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР