Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Ховд аймгийн Буянт сумын Цагаан-Эрэг багийн “Хужир булан” гэдэг газар иргэн А /19 настай, эмэгтэй/ 2015.09.05-ны өдрийн 07:00 цагийн орчим сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 22:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Уснаас эрэн хайх: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Билүү багийн “Хар-Ус” гэдэг газар иргэн А /22 настай, эмэгтэй/ “Ховд” голын усанд живсэн тухай дуудлагыг 2015.09.05-ны өдрийн 21:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 автомашин, 1 завьтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

2. Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд:  1 аймгийн 1 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонь, ямааны Маэди-Винса” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Галзуу” өвчний 1, нийт 3 аймгийн 3 сумын нутагт 3 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна. Үүнд:

Дорноговь аймгийн Өргөн сумын Баянмөнх багийн “Хэрээ” гэдэг газар малчин Б-н 20 хонь 2015.08.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.20-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Амгалант” гэдэг газар малчин Н-н 4 хонь 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Хонь, ямааны Маэди-Винса” өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын Арбулаг багийн “Шувуутын шанаган” гэдэг газар малчин Б-н 1 үхэр 2015.08.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.08.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Ойхээрийн түймэр:

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хоолойнзах багийн “Хар давааны-Ам” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.08.27-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 50 иргэн, 5 автомашин, нийт 74 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.09.02-ны өдрийн 18:00 цагт түймрийг цурамд оруулсан. 2015.09.04-ний өдөр нэмэлтээр орон нутгийн 80 иргэн, 6 автомашин, нийт 154 хүн, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

4. Техникийн холбогдолтлой осол:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг “Гэсэр” сүмийн баруун талын авто замын зорчих хэсгийн хажуу руу 33 хүнтэй зорчиж явсан “Атибус” ХХК-ийн “Дэу” загварын зорчигч тээврийн том оврын автобус унах гээд байна гэсэн дуудлагыг 2015.09.05-ны өдрийн 08:26 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж, хазайсан байсан тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж зорчигчдыг гаргасан.

Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалант багийн “Бор хоолой” гэдэг газар авто замын зорчих хэсгийн хажуу руу “Ниссан Навара” загварын суудлын автомашин онхолдож, автомашины эд ангид 2 хүн хавчуулагдаж нас барсан тухай дуудлагыг 2015.09.05-ны өдрийн 23:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж, иргэн Б /42 настай, эрэгтэй/, Э /27 настай, эрэгтэй/ нар эд ангид хавчуулагдаж нас барсан байсныг гаргаж, цогцсыг аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top