Т.Бадрал: Онцгой байдлын байгууллага нэг номерын агентлаг байх болно

6-20-1.jpg

С.УЯНГА

Удирдсан хамт олныхоо жаргал, зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэрч, урагшилж өөдлөхийн хувь заяаг үүрч явдаг нэг хүн байдаг. Тэр хүн бол манай сониноос оноож өгсөн нэрээр “Нэгдүгээр хүн” юм. Улс орны бодлого, аливаа салбарын тулгарч буй асуудлыг бүрнээ мэдэж байх учиртай тэр эрхэм нь зүгээр нэг тамга атгаад суух биш санаа оноогоо дэвшүүлж түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө уйгагүй тэмцдэг нэгэн байх учиртай билээ. Тиймээс “Зууны мэдээ” сонин “Нэгдүгээр хүн” булангийнхаа энэ удаагийн зочноор Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралыг урьж ярилцлаа. 

-Онцгой байдлын албаны ой тохиож байгаа онцлог цаг үед тантай ярилцаж байгаагийнх албаны түүхийг сөхөхгүй өнгөрч болохгүй байх?

-Онцгой байдлын алба ард иргэдэд шуурхай, хүртээмжтэй үйлчлэх үүрэгтэй төрийн үйлчилгээний байгууллага. Нөгөө талаас төрийн цэргийн байгууллага гэдгээрээ онцлогтой. Өнгөрсөн үегүй ирээдүй гэж байдаггүйтэй адил түүхээ мэдэж байх ёстой юм. Системээс системийн өөрчлөлт рүү шилжихэд богино хугацаа мэт боловч их зүйл өөрчлөгдөж байна. Систем ямар суурин дээр бий болсныг ярих учиртай. Монгол Улсад гал унтраах, гал түймэртэй тэмцэх байгууллагын суурь тавигдаад 97 жил болж байна.

Иргэний хамгаалалтын байгууллага, улсын нөөцийн газрыг анх нэгтгэхдээ гамшигтай тэмцэх хүмүүнлэгийн тусламж үзүүлж олон улсын жишиг рүү шилжихээр ижил төстэй гурван байгууллагыг нэгтгэсэн. Бид шинэ систем нэгдсэн тогтолцоонд орсны 15 жилийнхээ ойг тэмдэглэж байна. Анх нэгдэхдээ ямар байсныг бас их сайн бодмоор. Хууль эрх зүйн орчноос гадна гурван байгууллагыг нэгтгэж нэг том “айл” болгоход багагүй зөрчил үүсч байсан нь нууц биш. Гэхдээ өнгөрсөн 15 жилийн хугацаанд онцгой байдлын алба “нялхсын өвчнөө” амжилттай даван туулсан.

-Бид шинэ систем нэгдсэн тогтолцоонд орсныхоо 15 жилийнхээ ойг тэмдэглэж байна.

-Таны ажилласан цаг хугацаа бараг ойтой чацуу биз дээ?

-Гурван салбар нэгдэж шинэ тогтолцоонд орох үед нь анх мэргэжилтнээр ажилд орж байлаа. Хөрш орны асуудал хариуцсан мэргэжилтнээр энэ салбарт орж ирснээс хойш ахлах мэргэжилтэн, хэлтэс, газрын дарга, дэд дарга, дарга гээд 15 жилийг үдсэн байна. Харин энэ байгууллагыг ахлах, удирдан чиглүүлэх хувь заяагаа харвал түүх надтай салшгүй холбоотой.

-Саяхан л аврагчдаа түймэрт багаж хэрэгсэлгүй явууллаа, гоймон идүүлж байна, аврах завь, усны багаж хэрэгсэл, хувцасгүй байна гэсэн нийгмийн шүүмжлэл байлаа. Одоо бол байдал өөр болсон гэж харж байна?

-Анх нэгдэж байхад хууль эрх зүйн орчин бүрэн бус, тоног төхөөрөмж хангалтгүй гээд хүнд нөхцөлд байсан. Судлаад үзэхээр 1990 онд зах зээлд шилжээд 2004-2005 онд энэ салбарт хөрөнгө оруулалт бараг хийгээгүй юм билээ. Яагаад ингэж боддог вэ гэхээр манай ашиглаж байгаа техник хэрэгсэл 1970-1980-аад оных мөртлөө 1990 оных гэж байдаггүй. 2005 оноос шинэ системд шилжсэнээс хойш техникийн шинэчлэл хийж эхэлсэн.

Таны хэлдэг үнэн. Аврагчид багажгүй, хувцасгүй, хоол унд муутай гээд зарим нь гайхдаг. Ний нуугүй хэлэхэд 2004 онд гурван байгууллага нэгдэж байхад нэг ширхэг усны хувцас байтугай тийм ойлголт байгаагүй. Өвөл аврагчдын биеийг  спиртээр арчаад ус руу оруулдаг байсан. Үүнийг яагаад баталгаатай хэлж байна гэхээр 2004 онд гадаад харилцааны мэргэжилтнээр ажиллаж байхад нэг өдөр жижүүр залгаад “Гадны хүн ирсэн байна. Орчуулга хийгээд өгөөч” гэсэн. Буугаад очиход дөчөөд насны хүн тамирчдын сонирхогчийн нэлээд хуучин усны хувцас барьчихсан “Хөвсгөл нууранд очоод ирлээ. Танай аврагчдад нэг ширхэг ч усны хувцас алга. Үүнийг бэлэглэе” гэж байсан. Инээдтэй юм шиг санагдаж мэднэ. Гэхдээ тэр бол анхны усны хувцас байсан. Тусгай хэрэгслийн хувцас  их үнэтэй. Чанартай нэг ширхэг усны хувцас 20-30 сая төгрөгөөр л яригдана. Хямдхан нь урагдаад алга болно. Яг одоо бидний хүчин  чадал бол таван усчны гурав нь өмсөх хувцастай, хоёр нь хоосон байна.

-Онцгой байдлын албаны чадавхи улс орон, ард иргэдийн аюулгүй байдлыг бүрэн хэмжээнд батлан даах хэмжээнд бэхжихэд хэр ойрхон байна гэж та харж байна вэ?

-2005 онд манай байгууллагын хөрөнгө оруулалт 90 сая төгрөг байсан. Энэ нь тухайн үеийн ханшаар ОХУ-д үйлдвэрлэсэн нэг ширхэг галын машин авах мөнгө юм билээ. Энэ байдлаар явбал онцгой байдлын алба иж бүрэн техникээр хангагдахад 122 жил шаардлагатай гэсэн тооцоо хийж байсан.

Харин 2017 онд албанд хэрэглэж байгаа болон хэрэглэх ёстой техник  төхөөрөмжийг судлахад ойрын таван жилд 320 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Яг үнэндээ улсаас өгч байгаа мөнгөөр дийлэхгүй. Тиймээс бид улсын төсөв харахгүйгээр бусад бүх эх үүсвэр, боломжийг ашиглая гэсэн ганц л зорилго тавьсан. Одоогийн байдлаар шаардлагатай 320 тэрбумаас Засгийн газар хоорондын зээл, буцалтгүй тусламж гээд олон сувгаас 260 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг гаргаад тавьчихлаа. Дахиад 60 орчим тэрбум төгрөгийн асуудлыг шийдчихвэл албанд шаардлагатай байгаа тоног, төхөөрөмж багаж хэрэгслийнхээ 80 хувийг хангачихна. Техник байнга шинэчлэгдэж байдаг учраас үлдсэн 20 хувьд нь эргэлт хийж байх ёстой юм билээ.

Онцгой байдлын алба өрсөлдөөнтэй, ард түмний хайр хүндлэл хүлээсэн шилдэг алба болно гэдэгт эргэлздэггүй.

-Таны хувьд онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа олон улсын түвшинд үнэлэгдэж, системийн шинэчлэл хийж буй түүхэн цаг үед энэ байгууллагыг удирдаж байна. Амласан, зорьсон бүхнээ хийж амжив уу?

-Бидэнд зорилго байсан. Зорилгодоо хүрэх хүсэл тэмүүлэл бий. Багаар ажилласны хүчинд дээр дурдсанчлан техник төхөөрөмжөөс эхлээд  тодорхой  асуудлуудыг шийдвэрлэж чадлаа. Үүний нэг нь онцгой байдлын алба Монгол Улсын өнцөг булан бүрт төрийн үйлчилгээг хүргэх үүрэгтэй. Гэтэл зарим сум аймгийн төвөөс 300 км-ээс зайтай учраас дуудлага аваад шуурхай үйлчлэх хүндрэлтэй. Тиймээс үйлчилгээг иргэдэд ойртуулахын тулд нэгжүүдийг байгуулж эхэлсэн. Гурван жилд 20 гаруй нэгж байгууллаа. Аймгаас 100 км-ийн радиуст нэгжтэй болгох энэ ажил үргэлжилнэ.

Олон улсын стандартаар бол дуудлага хүлээн авснаас хойш ямар хугацаанд очив гэдгээр нь тухайн байгууллагын чадавхийг үнэлдэг. Тиймээс бид Улаанбаатар, аймгийн төвд дуудлага авснаас хойш зургаан минутад очих ёстой гэсэн стандарт тавьсан. Орон нутагт зам харгуй, газар нутгийн онцлогоос хамаараад 150 км-ийн радиуст 1-2 цагийн дотор очиж байна. Үүнийг  наашлуулж 30 минут болгохоор судалж байна. Үүний тулд бүтцийн өөрчлөлт хийж төвлөрлийг бууруулахаар бүсийн удирдлагын тогтолцоотой болж шийдвэрээ тэнд гаргадаг болсон. Яах аргагүй нэмэлт хүч хэрэгтэй бол Үндэсний аврах бригадыг дуудна. Мөн хариу арга хэмжээний төлөвлөгөөг шуурхай гаргах зэргээр судалгаа шинжилгээн дээр тулгуурласан шинэчлэлүүдийг хийж байна. Шинэ анги салбар байгуулах, бүсийн удирдлагын тогтолцоо руу орох энэ ажлуудын үргэлжлэл бидний үйл ажиллагааны дараагийн чиглэлийг тодорхойлж байна.

-Бүхий л салбарт хөрөнгө мөнгөний зовлон бий. Харин  төсвийн нэг хувийг гамшгаас сэргийлэхэд зарцуулахаар болсон нь хэрэгжүүлж чадах  юм бол том дэвшил шүү?

-Хэрэгжиж эхэлсэн. Гамшгаас сэргийлэх орчин үеийн систем эрсдэл рүү төвлөрч байна. Аймаг, суманд ямар эрсдэл байна. Хаана нь ямар үерийн далан шугам баригдах ёстой юм. Цаг уурын дулаарлаас үүдэж ямар давтамжтайгаар ган, зуд болж байгааг тооцож эрсдэлийн төлөвлөгөө гаргана. Хамтарч ажилладаг олон ул­сын байгууллагын төсөл хөтөлбөрөө эрсдэлийг бууруулах чиглэлд төвлөрүүлэхээр хамтарч ажиллаж байна.

Тухайлбал, Ховд аймгийн эрсдэлийн үнэлгээг гаргаж байна. Ингэж  эрсдэлээ үнэлсний дараа төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх санхүү хэрэгтэй. Гамшгаас хамгаалах хуулийн 50.1-д орон нутгийн удирдлага төсвийнхөө нэг хувийг гамшгийн эрсдэлийг бууруулахад зарцуулахаар тусгасан. Ийм томъёололтой улс орон дэлхийд цөөн. Аймаг, орон нутгийн тухайн жилийн төсөв миний ширээн дээр өрөөстэй байдаг.

Мөн аймгийн Засаг даргын нөөц хөрөнгийг гамшигт зарцуулах зохицуулалттай ч энэ байдал хэрэгждэггүй. Тиймээс бид Авлигатай тэмцэх газарт хүсэлт гаргаж шалгуулснаар ахиц дэвшил гарч байна. Гамшгаас сэргийлэх системийг бий болгоно гэдэг зөвхөн бүтэц, тоног төхөөрөмжийн асуудал биш юм. Хамаарахгүй салбар байхгүй учраас улс орон, бүс нутаг, аймаг орон нутгийн тогтвортой хөгжлийн асуудал яригдана. Өнөөгийн хөгжлийн ололт, амжилтыг бууруулахгүй байя гэвэл эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг макро түвшинд ойлгож анхаарах ёстой. Бэлэн бай гэсэн шаардлагыг тавихын тулд системтэй ажиллах учиртай.

-Төсвийн нэг хувь, Засаг даргын нөөц хөрөнгө гээд Засаг дарга нарыг шахах, “муудалцах” хэрэг гарах нь?  

-Зарим аймаг төсвийнхөө нэг хувийг зарцуулсан, хувьдаа хүрээгүй гээд янз бүр ч суурь тавигдсан нь том дэвшил. Гэхдээ би 2020 оны сонгуулийн дараа нэг зүйлээс айж байна. Орон нутгийн удирдлагууд өөрчлөгдөнө. Шинэ томилогдсон хүмүүсийг дахиад л сургах асуудал гарч ирнэ. 2012 оны сонгуулийн дараа орон нутгийн удирдлагын 80 хувь нь өөрчлөгдсөн байсан. Тэр хүмүүсийг сургахад дахиад хөрөнгө, цаг хугацаа шаардана. Болж өгвөл орон нутгийн удирдлагуудыг тогтвортой байлгамаар байгаа юм. Тухайн шатны Засаг дарга орон нутагтаа гамшгаас хамгаалах үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, санхүүжүүлнэ гэж хуульд заасан.

-Онцгой байдлын байгууллага, удирдлагын хувьд улс төрөөс ангид байх ёстой болсон нь байгууллагын тогтвортой хөгжихөд том түлхэц болж байна гэж хувьдаа харж байна?

-Онцгой байдлын алба мэргэжлийн, төрийн цэргийн байгууллагын хувьд улс төрөөс ангид байх ёстой. Энэ салбарыг мэргэжлийн түвшинд байлгахыг хуулиар баталгаажуулсан. ОБЕГ-ын даргаар салбартаа 10-аас доошгүй жил ажилласан байх ёстой. Тэр дундаа хэлтсийн даргаас дээш албан тушаалд таваас доошгүй жил ажилласан байх ёстой гэж заасан.

2017 онд ойрын таван жилд 320 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Яг үнэндээ улсаас өгч байгаа мөнгөөр дийлэхгүй. Тиймээс бид улсын төсөв харахгүйгээр бусад бүх эх үүсвэр, боломжийг ашиглах зорилго тавьсан.

-Дэлхий нийтээр гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд санаа зовниж байна. Гамшиг гэдэг өөрөө улсын хөгжилтэй салшгүй холбоотой асуудал. Таны бодлоор гамшигт бэлэн байх, гамшгийн эрсдэлийг бууруулах хамгийн энгийн гарц нь юу вэ?

-10 жилд нэг удаа хуралддаг дэлхийн Гамшгийн эрсдэлийг бууруулах бага хурал  2015 онд болж дэлхий нийтээр шинэ зорилт тавьсан. Гамшгийн аюулыг бууруулахын тулд эрсдэлээ тооцохоор болж түүнээс хойш манай улсад гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэхийн тулд Гамшгаас хамгаалах хуульдаа өөрчлөлт оруулсан. Эхлээд эрсдэлээ тодорхойлох ёстой юм байна гэж үзэж, эрх зүйн баримт бичгүүдээ баталлаа. Одоо бүтцийн ажлууд хийж байна. Үндэсний хэмжээнд Гамшгийн эрсдэлийн зөвлөл байгуулж санхүү хөрөнгө мөнгө, дэлхий нийтийн мөрдөж байгаа тогтвортой хөгжлийн бодлоготой уялдуулахаар ажиллаж байна.

Гамшиг, ослын дараа улс орны тогтвортой хөгжил гацаж эхэлдэг. Үүний хамгийн том жишээ гэвэл  2011 онд Японд газар хөдлөлт, цунами, цөмийн аюул гээд гурвалсан гамшиг болсон. 2011 онд Японы эдийн засгийн өсөлт 0.4 функтээр өсөх тооцоололтой байсан бол гамшиг болсны дараа эдийн засаг ямар ч өсөлтгүй болсон. Гэтэл Японы эдийн засаг ямар том билээ. Харин манайд 2009-2010 он дамнасан зуданд 545 тэрбум төгрөгийн хохирол учирсан байдаг. Тухайн үеийн ханшаар 9.7 сая мал хорогдсон гэж үздэг. Сүүлд 10 сая гэсэн албан ёсны тоо гарсан. Зудын гамшгийг даван туулах хариу арга хэмжээ буюу гадаад, дотоодын тусламж, Засгийн газрын нөөц хөрөнгөөр 45 тэрбум төгрөг зарцуулсан гэхээр нийтдээ 545 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Яг тэр үеийн ханшаар хэдэн сургууль, цэцэрлэг барьж болох вэ гээд үзэхээр 150 хүүхдийн цэцэрлэг, 300 хүүхдийн 200-300 сургууль, цэцэрлэг барих хэмжээний хөрөнгийг алдсан байдаг. Гамшгийн дараа бид ийм хэмжээний эдийн засгийн хохирол амссан байна шүү дээ.

Ядуурал, өвчин зовлон ч мөн адил яах аргагүй гамшигтай холбоотой. Тухайлбал, өнгөрсөн жил Баян-Өлгий аймагт үер боллоо. Уг нь тухайн аймагт 2016 онд болсон үерээс сургамж авч далан барьж байгуулах ёстой байсан. Гэвч далан хийгээгүйгээс өнгөрсөн онд болсон үерт дахин олон айл нэрвэгдэж, эдийн засгийн болон сэтгэл санааны хохирол амссан. Тэгэхээр эрсдэлийг бууруулахын тулд далан, байшин савнаасаа л эхлэх ёстой. Сургууль, цэцэрлэг, зам, гүүр, далан шуудуу барьж байна гэдэг зөвхөн хөрөнгө оруулалт биш эрсдэлийг бууруулж байна гэдгийг албан тушаалтан, төрийн албан хаагчид ойлгох ёстой.  Харин хаана, юу барихаас гадна  дэд бүтэц маш чанартай байх ёстой. Улаанбаатар хот газар хөдлөлтийн эмзэг бүсэд байрладаг. Хотын дундуур маш том хагарал байгааг судалж тогтоож байна. Өөрөөр хэлбэл, гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулахад зарцуулж буй нэг доллар гамшгийн дараа хариу арга хэмжээ авч байгаа долоон доллартай тэнцэнэ гэдгийн л жишээ.

Төр, ард иргэд ялгалгүй өмч хөрөнгөндөө эзэн болж, түүнийхээ төлөө хариуцлага хүлээдэг байх ёстой. Үүний тулд даатгалын асуудал зайлшгүй яригдана. Газар хөдлөлт, гал, тариа, будааны даатгал яригдана. Ган зуднаас болж тариа будаагаа алдлаа гэж төрөөс мөнгө нэхээд  байгаагаас биш уг нь хувь хүний бизнес биз дээ. Бизнес хийж байгаа мөртлөө будаа, өвс, тэжээлээ  улсаас авч, шатахуунаа хөнгөлөлттэй авч байна. Бизнес хийж байгаа бол төрд эрхлэх биш эрсдэлээ тооцож, эд хөрөнгөө даатгуулах хэрэгтэй. Даатгалын системийг хөгжүүлээд эрсдэлээ компанид үүрүүлчихвэл асуудал аяндаа шийдэгдэнэ.

Өөрөөр хэлбэл, эрсдэлийг бууруулах санхүүгийн хөшүүрэг нь даатгалын систем байх юм. Дэлхий нийтэд ч гэсэн эрсдэлийг шилжүүлэх хамгийн шилдэг систем нь даатгал байдаг. Даатгал гээд ярихаар зарим нь  дургүйцэх байх. Гэхдээ л хохирлоо төр, засгаар төлүүлдэг нь бодит үнэн шүү дээ. Иргэн өмчийнхөө төлөө хариуцлага хүлээдэг байх сэтгэлгээг бий болгоё. Тиймээс бид Гамшгийн даатгалын хуулийг олон улсын жишгээр боловсрууллаа. Гамшгийн даатгалыг нэвтрүүлж чадвал үндэсний хэмжээний гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах систем шинэ шатанд гарна.

– Одоогийн байдлаар шаардлагатай 320 тэрбумаас Засгийн газар хоорондын зээл, буцалтгүй тусламж гээд олон сувгаас 260 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг гаргаад тавьчихлаа.

-Улс орнуудын гамшигтай тэмцэх бодлогын цөм нь сайн дурынхан байдаг юм билээ. Саяхан болсон сургуулилтын үеэр ч сайн дурынхан дутагдсан нь харагдсан?

-Дэлхий нийтээр хэрэгжүүлж байгаа бодлогыг өөрийн онцлогт тохируулж хэрэгжүүлж чадаж байна уу гэдэг чухал. Сайн дурын ажил дэлхий нийтэд маш өргөн хүрээтэй ойлголт. Сайн дураараа гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцох, нийгмийн сайн сайхны төлөө ажилласан бол тухайн хүнийг албан тушаал ахиулж, цалин урамшууллыг нэмдэг, сургалтад хамруулдаг. Наад зах нь их, дээд сургуульд элсүүлэхэд сайн дурын ямар ажил хийсэн нь нэг шалгуур үзүүлэлт болдог. Тиймээс миний бас нэг зорьж ажилласан зүйл бол сайн дурынхан. Манайд сайн дурынхны ажил 1990 оноос өмнө сайн хийгдэж байсан. Харин орхигдчихоод  байсан тэр өөрчлөлтийг хуульдаа тусгаж буцааж сэргээснээр сум орон нутаг, дүүрэгт сайн дурын бүлэг байгуулж  ажиллах суурийг тавьж өглөө. 330 сумын 200 орчимд нь сайн дурын бүлэг ажиллаж байна.

Гамшгаас хамгаалах хуулиар сайн дурынхны ажиллах нөхцөл, баталгааг бүрдүүлсэн. Сайн дурынхны аюулгүй байдлыг хангаж, багаж хэрэгсэлтэй болгох ёстой. Магадгүй сайн дурын ажилд оролцож байгаад бэртэж, амь насаа алдвал онцгой байдлын алба хаагчтай адил тусламж, дэмжлэг авахаар хуульчилж өгсөн. Энэ мэтээр сүүлийн гурван жилд системийн хэмжээний маш том өөрчлөлт хийж байгаа учраас сэтгэл зүй, хандлагаас эхлээд тодорхой цаг хугацаа орох байх. Ер нь бол зорьж, зүтгэсэндээ хүрч байна гэж бодож байгаа.

-Залуус онцгой байдлын албанаас халгах, халшрах тохиолдол их гардаг гэсэн. Заамарын уурхайн ослын үеэр л гэхэд аврагчид уснаас гарч ирчихээд аягатай цай барьж чадахгүй дагжин чичирч байсан гэхээр аргагүй ч юм шиг. Амь өрссөн үүрэг гүйцэтгэдэг албаны нийгмийн асуудал өндөр байх ёстойг хэн хүнгүй ярьдаг. Яг бодит байдал ямар байна вэ?

-Байгууллагын удирдлага хүн салбараа бодлогоор чиглүүлдэг бол албаны үйл ажиллагаа аврагч гал сөнөөгчдийн нуруун дээр явдаг. Энэ хүмүүсийн орон сууцтай байх, өсч дэвжих, сурах, эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдахаас эхлээд нийгмийн баталгааг зайлшгүй шийдэх ёстой гэж зорьсон. Хэдийгээр 100 хувьд хүрээгүй ч хувцас хэрэглэл, цалин хөлс, онцгой нэмэгдлийг хуульд оруулсан. Монголын 3.2 сая иргэн, улс орны тогтвортой хөгжлийн төлөө ажиллаж байгаа хүмүүсийн цалин өндөр, нийгмийн баталгаа сайн байх ёстой учраас  илүү сайжирч бодсон хэмжээнд хүрнэ гэдэгт эргэлздэггүй. Бүх алба хаагчаас мэргэжлийн зэргийн шалгалт авч тэнцсэн алба хаагчдад ур чадварын 5-15 хувийн нэмэгдэл олгох зэргээр суурь тавигдаад явж байна. Сүүлийн дөрвөн жилд 500 орчим алба хаагчийг орон сууцтай болгох ажил эхэлсэн.

Онцгой гавьяа байгуулсан аврагчдад энэ жилээс тусгай шагнал олгож эхэлсэн. Өнгөрсөн жил нэг аврагчид 16 сая төгрөг олгосон бол түүнийг цаашдаа 20, 200 ч болгож нэмэгдүүлж болно. Ерөнхийлөгч, Шадар сайдын зүгээс гамшиг ослын голомтод амжилттай  ажилласан аврагчдыг төрийн одон медалиар харамгүй шагнаж урам өглөө.

-Гамшиг ослын дараа улс орны тогтвортой хөгжил гацаж эхэлдэг. Үүний нэг жишээ бол 2009-2010 он дамнасан зуданд 545 тэрбум төгрөгийн хохирол учирсан байдаг.


-Өнөөгийн хөгжлийн ололт амжилтыг бууруулахгүй байя гэвэл эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг макро түвшинд ойлгож анхаарах ёстой.


-Гамшгийн даатгалыг нэвтрүүлж чадвал үндэсний хэмжээний гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах систем шинэ шатанд гарна.

-Онцгой байдлын байгууллагыг ард түмэн хэрхэн үнэлж, хүлээж авч байна вэ гэдэг хамгийн том үнэлэмж. Байгууллага удирдаж байгаа хүний хувьд хэрхэн мэдрэгддэг вэ?

-Онцгой байдлын албанаас 29 настай жирийн аврагч залуу “Үйлчилгээний гавъяат ажилтан” боллоо. Энэ нь төр, ард түмэн онцгой байдлын албыг ойлгож, хүлээн авч анхаарч байгаагийн илрэл гэж ойлгож байгаа. Монгол хүн, Монголын нийгэм онцгой байдлын албагүйгээр аюулгүй байдлаа төсөөлөхгүй гэж ярьж байна. Алба хаагчдын маань хийж хэрэгжүүлж буй бүхэн хүндлэх, хайрлах сэтгэлийг бий болголоо гэж бахархдаг. Залуус онцгой байдлын албанд ажиллах гэж өрсөлддөг тийм л соёл, имижтэй болсон гэж бодож байгаа. Цаашид ч өндөр шалгуур өрсөлдөөнөөр ордог, ард түмний хайр хүндлэл хүлээсэн шилдэг алба болно гэдэгт эргэлздэггүй. Нэг их удахгүй дээ.

-Таны хувьд ямар арга барил, зарчмаар байгууллагаа удирддаг вэ?

-Төрийн ажил зарчимтай байх ёстой. Төлөвлөснөө цаг хугацаанд нь хийх үүрэгтэй. Миний ажлын зарчим бол төлөвлөсөн бол хийх ёстой. Ойрын зүйл битгий хар. Алсыг хар гэж залуустаа хэлдэг. Харин зорьсондоо заавал хүр гэсэн шаардлагыг тавьдаг. Жижиг хэмжээний зорилтыг даван туулаад макро түвшинд ажилла гэж захидаг даа.

Алба хаагчиддаа цэргийн хүн шиг бай гэсэн шаардлагыг байнга тавьдаг. Төрийн үйлчилгээг алагчлалгүй, шуурхай үзүүлэх ёстой учраас хүнийг ажлын хандлагаар нь үнэлдэг. Өсч дэвших гэж тэмүүлсэн адилхан аавын хүүхдүүд тэгш эрхтэй байх ёстой. Энэ салбарт үнэлэмж гэж байх ёстой. Энэ ч утгаараа 2021 он гэхэд онцгой байдлын салбар бүх зүйлээрээ нэг номерт байх болно гэж зорьж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.6.20  ПҮРЭВ  №125  (6092)

scroll to top