Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:  Баянхонгор, Булган,  Дархан-Уул, Орхон аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 21-26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын талаар 32-37 градус, бусад нутгаар 28-33 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 7-12 м/с, 31-33 градус дулаан байна.

Төлөв байдал:  22-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 24, 25-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, баруун, зүүн, говийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны өмнө 16-18 м/с хүрч ширүүснэ. Өдөртөө халж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанУвс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн “Шар харгай” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 5км-т/ иргэн Л-ийн жолоодож явсан “УАЗ 469” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.20-ны өдрийн 05:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км замыг туулан 05:38 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багт 3х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.20-ны өдрийн 08:26 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 10 км замыг туулан 08:33 цагт очиж, 1 цаг 30 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Арвайхээр багт махны үйлдвэрт яс шатаж байна гэсэн дуудлагыг 06.20-ны өдрийн 11:33 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 11:36 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багт 5х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.20-ны өдрийн 14:48 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 20 км замыг туулан 15:10 цагт очиж, 45 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хустайн задгайд 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.20-ны өдрийн 15:49 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5,5 км замыг туулан 15:58 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд 12х5 метрийн хэмжээтэй хүнсний дэлгүүрийн бараа, бүтээгдэхүүн шатаж байна гэсэн дуудлагыг 06.20-ны өдрийн 23:50 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2,5 км замыг туулан 23:54 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Хэнтий аймгийн Биндэр сумын Баянгол багийн “Харуугийн жалга” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 205 км-т/ ойн түймэр 06.19-ны өдрийн 18:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 12 алба хаагч, сумын ЗДТГ-ын 6 ажилтан, орон нутгийн 24 иргэн, нийт 42 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна. /Түймэрт урьдчилсан байдлаар 2 га талбай шатсан./

Ой, хээрийн түймэр: Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн “Цагаан нуга” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 40 км-т, аймгийн төвөөс зүүн зүгт 208 км-т/ Монгол Улсын хилийн 693 дугаар тэмдэгтэд /Монгол Улсын хилийн гүн рүү 2 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 06.19-ний өдрийн 09:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 8 алба хаагч, Эрэн хайх, аврах ангийн 4 алба хаагч, Хилийн 0243 дугаар ангийн 7 алба хаагч, орон нутгийн 17 иргэн, нийт 36 хүн, 5 автомашин, 3 морьтойгоор ажиллаж, мөн өдрийн 18:30 цагт түймрийг цурманд оруулж, 06.20-ны өдрийн 12:40 цагт түймрийг бүрэн унтрааж, тус сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагч Г.Энхтүвшинд хүлээлгэн өгсөн. Түймэрт 6 га талбай шатсан.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багт иргэн Х /50 настай, эрэгтэй/ 06.11-ний өдрийн 06:00 цагийн орчим гэрээсээ  гараад сураггүй болсон тухай дуудлагыг 06.12-ны өдрийн 17:56 цагт /18:32 цагт/ хүлээн авсан. Х-гийн өмсөж явсан хувцас Ховд голын эргээс /аймгийн төвөөс зүүн зүгт 3.5 км-т/ олдсон. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 6 алба хаагч, Ховд аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, ар гэрээс 15 хүн, нийт 29 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.20-ны өдрийн байдлаар 2 бүлэгт хуваагдан “Найрамдал-Уул” гэдэг газраас  “Хасбаатар хөшөө” гэдэг газар хүртэл 15 км-т самналт хийн 3 удаа шумбалт хийж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 13:00 цагт ар гэрийнхэнтэй зөвшилцөж Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр эрэн хайх ажиллагааг түр зогсоосон.    

Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат багийн “Хонгорын-Ар” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 25 км-т, Сайхан сумын төвөөс хойд зүгт 63 км-т/ тус сумын харьяат иргэн Г-гийн охин Х /3 настай, эмэгтэй/ Орхон голын эрэг дээр тоглож байгаад сураггүй болсон тухай дуудлагыг 06.20-ны өдрийн 15:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 10 алба хаагч, сумын Цагдаагийн хэсгийн 4 алба хаагч, сумын ЗДТГ-ын 15 иргэн, ар гэрийн 5 иргэн, нийт 34 хүн, 6 автомашинтай  2 бүлэгт хуваагдан “Хонгорын-Ар” гэдэг газраас “Услуурын-Ам” гэдэг газар хүртэл 13 км-т завиар урсан 13 удаа шумбаж, явганаар 18 км-т голын эргээр самналт хийж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 21:20 цагт зогсоосон. 06.21-ний өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн. Нэмэлтээр тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 04:00 цагт хөдөлсөн.

5.Тээврийн хэрэгслийн осол:

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багийн Цагдаагийн хяналтын цэгээс 2 км-т /аймгийн төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд нийслэлийн Дорноговь аймгийн харьяат иргэн Б-гийн жолоодож явсан “Волва” загварын ачааны автомашин /1 зорчигчтой/ замын хажуу руу унах гээд байна гэсэн дуудлагыг 06.21-ний өдрийн 02:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 30 км замыг туулан 05:09 цагт очиж, 45 минут ажиллаж автомашиныг татан гаргаж, жолооч Б-д хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top