Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Булган, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с зарим газраар секундэд 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 22-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Бороо орохгүй, салхи баруун өмнөөс 7-12 м/с, 26-28 градус дулаан байна.

Төлөв байдал: 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо, 21-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны өмнө 16-18 м/с, зарим үед 22-24 м/с хүрч ширүүснэ. 20, 21-нд ихэнх нутгаар, 22, 23-нд нутгийн зүүн хагаст өдөртөө халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанНийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 06.19-ний өдрийн 10:59 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 10 км замыг туулан 11:10 цагт очиж, иргэн З-гийн 5х4, 4х3 метрийн хэмжээтэй амбаар, 5 метрийн урттай модон хашаа тус тус шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багт ерөнхий боловсролын сургуулийн агуулах шатаж байна гэсэн дуудлагыг 06.19-ний өдрийн 11:56 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 7 км замыг туулан 12:01 цагт очиж, 4х2 метрийн хэмжээтэй агуулахад хураалттай эд хогшил /хөнжил, гудас/ шатаж байсныг 34 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 06.19-ний өдрийн 12:49 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 12:52 цагт очиж, 38 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.19-ний өдрийн 14:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 4.5 км замыг туулан 14:50 цагт очиж, 5 ханатай гэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандал багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 06.19-ний өдрийн 17:26 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан 17:28 цагт очиж, 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ой, хээрийн түймэрСэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн “Цагаан нуга” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 40 км-т, аймгийн төвөөс зүүн зүгт 208 км-т/ Монгол Улсын хилийн 693 дугаар тэмдэгтэд /Монгол Улсын хилийн гүн рүү 2 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 06.19-ний өдрийн 09:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 8 алба хаагч, Эрэн хайх, аврах ангийн 4 алба хаагч, Хилийн 0243 дугаар ангийн 7 алба хаагч, орон нутгийн 17 иргэн, нийт 36 хүн, 5 автомашин, 3 морьтойгоор ажиллаж, мөн өдрийн 18:30 цагт түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. /Түймэрт урьдчилсан байдлаар 6 га талбай шатсан./

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багт иргэн Х /50 настай, эрэгтэй/ 06.11-ний өдрийн 06:00 цагийн орчим гэрээсээ  гараад сураггүй болсон тухай дуудлагыг 06.12-ны өдрийн 17:56 цагт /18:32 цагт/ хүлээн авсан. Х-гийн өмсөж явсан хувцас Ховд голын эргээс /аймгийн төвөөс зүүн зүгт 3.5 км-т/ олдсон. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 6 алба хаагч, Ховд аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч,  ар гэрээс 10 хүн, нийт 24 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06.19-ний өдрийн байдлаар 2 бүлэгт хуваагдан “Найрамдал-Уул” гэдэг газраас  “Хасбаатар хөшөө” гэдэг газар хүртэл, Бугат сумын “Бугын гол” гэдэг газраас “Есөн салаа” гэдэг газар хүртэл 105 км-т самналт хийж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 22:00 цагт түр зогсоосон. 06.20-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Усны осол /эрэн хайх, аврах/: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Цагаан эрэг багийн “Нүхэн гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 7 км-т/ тус сумын харьяат иргэн Б “Орхон” голд осолдсон тухай дуудлагыг 06.19-ний өдрийн 14:48 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3 алба хаагч, Эрэн хайх аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашин, 1 завьтай 7 км замыг туулан 15:05 цагт очиж, мөн өдрийн 15:09 цагт иргэн Б /57 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/-гийн цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Бусад: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт иргэн Ч /28 настай, эрэгтэй/ цэвэр, бохир усны нүх ухаж байгаад шороонд дарагдсан тухай дуудлагыг 06.19-ний өдрийн 20:41 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 5 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 20:44 цагт очиж, цэвэр, бохир усны нүх ухаж байгаад /2 метрийн гүн, 6 метрийн урттай/ шороонд дарагдсан байсныг 10 минут ажиллаж, эсэн мэнд мэнд гаргаж Эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн. /Тухайн иргэн эмнэлгийн байгууллагад очсоны дараа нас барсан тухай мэдээллийг Эмнэлгийн байгууллагаас аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн./

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top