Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

   Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Баянхонгор, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий  аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Төв болон баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Салхи хойноос 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 27-32 градус,  говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Бороо орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. 17-19 градус дулаан байна.

Төлөв байдал: 1-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо, 2-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны өмнө түр зуур 14-16 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө  21-26 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 2 гудамжинд Иргэн Б-ийн эзэмшлийн улсын бүртгэлээс хасагдсан “Грейс” загварын бага оврийн автобус шатаж байна гэсэн дуудлагыг 06.29-ний өдрийн 12:29 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 12:36 цагт очиж, 00:10 цаг ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багийн “Бумбат” хорооллын 3 дугаар гудамжинд Иргэн У-ийн 3х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.29-ний өдрийн 16:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 16:12 цагт очиж, 00:23 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 3 дугаар гудамжинд Иргэн М-ийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар, гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.29-ний өдрийн 17:41 цагт хүлээн авсан.  Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 17:48 цагт очиж, 00:10 цаг ажиллаж унтраасан.     

Объектын түймэр:Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн сургуулийн хорооны 4 дүгээр гудамжинд Иргэн Н-ын 6 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.29-ний өдрийн 08:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 2,5 км замыг туулан 08:04 цагт очиж, 00:25 цаг ажиллаж 08:30 цаг ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо,  “Эрх саран” сувиллын газарт Увс аймгийн харьяат иргэн Б /68 настай, эрэгтэй/ 06.26-ны өдрийн 05:30 цагийн орчим сувиллаас гараад сураггүй болсон тухай дуудлагыг 06.26-ны өдрийн 11:26 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашин, Цагдаагийн байгууллагын 1 алба хаагч, нийт 6 хүн, 1 автомашинтайгаар ажиллаж, “Эрх саран” сувиллаас “Таван толгойн бетонон гүүр” хүртэл 3,5 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Иргэн Б нь “Буянт-Ухаа-2” хороололд явж байсан гэсэн иргэний мэдээллийн дагуу Хан-уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Т.Гансүх тус хорооллын камерыг шүүхэд тухайн иргэн явж байгаа нь харагдаагүй. Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 22:00 цагт эрэн хайх ажиллагааг зогсоосон. 

Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн Иргэн Э /64 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ 06.28-ны өдрийн 13 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг мөн өдрийн 14:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн 11 алба хаагч, 1 автомашин, Хилийн 0198 дугаар ангийн 10 алба хаагч, 10 морь, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 329 дүгээр салбарын 9 алба хаагч, 1 автомашин, тус сумын ЗДТГ-ын 12 албан хаагч, 2 автомашин, 1 мотоцикль, нийт 42 хүн, 4 автомашин, 1 мотоцикль, 10 морьтой тус багийн “Манхан” гэдэг газарт 10 км-ийн тойрогт явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:00 цагт зогсоосон. 06.30-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Усны осол /эрэн хайх, аврах/: Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Хангал-Өртөө” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 172 км-т/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн харьяат иргэн Г /17 настай, эрэгтэй/ “Орхон” голын усанд осолдсон тухай дуудлагыг 06.27-ны өдрийн 21:20 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашин, 1 завьтай “Хангал” өртөө, “Хилийн 109, 113 дугаар тэмдэгт”, “Орхон туулын бэлчир”, “Хадан хошуу”, “Эг Сэлэнгийн бэлчир” гэдэг газар 33 км-т голоор урсаж, 5 метрийн гүнд 3 удаа шумбалт хийсэн боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 20:20 цагт зогсоосон. 06.30-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн. 

Бусад: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, 5 буудлын “Арвижих” дэлгүүрийн хажууд нийтийн орон сууцны 5 давхрын цонхноос хүн зүүгдсэн байна гэсэн дуудлагыг 06.30-ны өдрийн 04:03 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 7,5 км замыг туулан 04:11 цагт очиход Баянзүрх дүүргийн харьяат иргэн Т /24 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн/ орон сууцны 5 давхрын цонхноос унаж нуруу нь гэмтсэн тул эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top