“3авьт эргүүл” арга хэмжээ 9 дэх жилдээ зохион байгуулагдаж байна

000ad11063bbbf65650beb4d565cc2cf-810x500.jpg

Өвөл дуусч утаа ч мартагдаж, хотын хөл хөдөлгөөн саараад, зам түгжрэлгүй, нийтийн тээвэр ч сэлүүхэн болжээ. Өглөө, оройд автобусны буудал дээр ганц хоёр хүн байх, үүнээс анзаарвал аялал зугаалгын сар эхэлмэгц л нийслэлийнхэн хөдөө, орон нутгийг зорьсныг илтгэнэ. Хүн бүр л ээлжийн амралтаа авч, зугаалгаар явагсад ихэвчлэн гол, устай ойрхон газар барааддаг нь ёс. Найз нөхөд, хамаатан садан, гэр бүлээрээ хөдөө, агаар салхинд гаран хорхог боодог хийж, алжаал ядаргаагаа тайлахыг эрмэлздэг. Нийслэлд ч бас зуны амралт нь эхэлсэн хүүхэд залуус голын эрэгт “өнжиж” буй.

Баяр наадмын өдрүүд хаяанд ирсэн энэ үед Онцгой байдлын ерөнхий газраас голын эрэг бараадах иргэдийг үе усны аюул, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ес дэх жилдээ “Завьт эргүүл” арга хэмжээг зургадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн зохион байгуулж ажиллаж байна.

Энэ хүрээнд орон нутагт иргэдийн хамгийн их зорьдог Хөвсгөл нуур, Хяргас нуур, Сэлэнгэ мөрөн орчимд аймгийн Онцгой байдлын алба хаагчид “завьт эргүүл” хөдөлгөөний хүчин чадлыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Тэгвэл Улаанбаатарт НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын а алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран Туул голын Гачууртын Хар усан тохойгоос Био комбинатын гүүр хүртэл моторт болон сэлүүрт завиар иргэдэд анхааруулсаар байгаа юм. Гэвч иргэд нэг их ач холбогдол өгч тоосонгүй юу, их халуун байснаас тэссэнгүй юу гол руу тэмүүлэх нь нэмэгдэж, энэ хэрээр осолдож амиа алдсаар.

Он гарснаас хойш Онцгой байдлын байгууллагад нийт 42 удаагийн үер усны ослын дуудлага ирж,  30 хүн амь насаа алджээ. Тэдний дөрөв нь хүүхэд бол 26 нь насанд хүрэгчид. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад усны ослоор амиа алдагсдын тоо буурсан үзүүлэлт аж.

Хэдийгээр ийм боловч ослын дуудлага нэмэгдэх хандлагатай байгааг Онцгой байдлын ерөнхий газрынхан хэлж буй юм. Алба хаагчдын хэлснээр голын эрэг дагуу амрагчдын ихэнх нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гол руу орж, мөн эцэг эхчүүд хүүхдүүдээ хайхралгүй орхисноос болж осол гарах нь түгээмэл гэнэ.

Өнгөрсөн амралтын өдрүүдийг угтан манай сурвалжлах баг баасан гарагт /2019.06.28/ Маршалын гүүр орчимд буюу Туул голын эрэг дагуу НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчдын  “Завьт эргүүл”-тэй хамт эргүүлд гарлаа. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар үргэлжлэн орсон бороотой байсан тул Туул гол багаггүй үерлэжээ.

Мөн гол мөрний үерийн түвшин зарим газраар 5-45 см-ээр давж үерлэсэн байна. Тухайлбал, Алтайн нуруунаас эх авдаг голууд, Хангайн нуруунаас эх авдаг Хархираа голын үерийн түвшин 45 см давж үерлэсэн гэх мэдээллийг Цаг уурын байгууллагаас өгсөн юм.

Энэ өдөр ажлын долоо хоногийн сүүлчийн өдөр байсан болохоор ч тэр үү, эсвэл бүрхэг байсантай холбоотой юу голын эрэг дагуу амарч буй хүн харагдсангүй. Гэхдээ холбогдох албаны хүмүүс амралтын өдрүүдээр Туул гол орчимд амрагчдын хөл хөдөлгөөн тасардаггүй тул энэ хэрээр ачаалал ихэсдгийг хэлж байлаа.

Нийслэлийн Аврах анги 105-ын завьтай эргүүл гурван алба хаагч, цагдаагийн хамт эргүүлд гарах бөгөөд осол гарсан үед уг завь нь алба хаагчдаас гадна дөрвөн хүнийг тээвэрлэх боломжтой аж. Аврагчдын хувцас хэр зэрэг аюулгүй найдвартайг сонирхвол гүний шумбалт, аврах ажиллагааг хийгээгүй тохиолдолд аюулгүй болохыг тайлбарлаж байсан юм.

СОГТУУРУУЛАХ УНДААГ ХЭТРҮҮЛЭН ХЭРЭГЛЭСЭН ҮЕДЭЭ ГОЛ РУУ ОРЖ, ОСОЛДОЖ БАЙНА

НОБГ-ын  нийслэлийн Аврах 105-ын аврагч, ахлах ахлагч Н.ОЮУНБААТАР: 

– Голын эрэг дагуу амарч буй хүмүүс санамсар болгоомжгүй байдлаасаа болж усанд осолдох тохиолдол гарч байна. Согтууруулах ундаа хэрэглэсэн, хүнд хоол хэтрүүлэн идсэн үедээ голын усанд ороход шөрмөс татаж усанд осолдох улмаар амь насаа алдах эрсдэлтэй. Живж буй хүнийг нэг нь аврах гэж байхдаа нөгөө нь амиа алдах ч тохиолдол гардаг. Усанд живж байгаа хүн өөрөө дээш гарахын тулд аврах гэж буй хүнээ дарах, эсвэл тэвэрч авдаг. Ажлын өдрүүдэд ачаалал харьцангуй бага ч оюутан, сурагчдын амралт эхэлсэн тул голын эрэг дагуу өдрийг өнгөрүүлэх нь түгээмэл. Амралтын өдрүүдээр хүн бүр голын эрэг бараадан амрах хэрээр дуудлага ачаалал нэмэгддэг. Он гарснаас хойш 30 хүн нас барсан нь их үзүүлэлт юм.  Ер нь усны осол хоромхон зуурт болдог учраас зарим үед аварч амждаггүй. Бид 2-3 минут л хугацаа алдахад л аврах ажиллагаа оройтсон байдаг. Голын эрэгт амарч буй иргэдийн зарим нь зөв боловсон амарч байхад ихэнх нь найз нөхөд, ойр дотнын хүмүүстэйгээ амрах үедээ архи согтууруулах ундаа хэрэглэнэ. Энэ үедээ нэгийгээ хөөргөж ус руу оруулах, тоглох нэрийдлээр усанд нэгийгээ дарах, хөлнөөс нь татаж унагаах зэрэг санамсар болгоомжгүй байдлаас болж ихэвчлэн осол гарч байна. Иргэдээс гадна, гаднын жуулчид үүргэвчтэй аялал хийж явахдаа гол үерлэснийг мэдэлгүй хөл алдаж, голын усанд осолдох шахсаныг бид таарч, амь насыг нь аварч байсан. Ямарваа нэгэн осолд орсон хүн бол шоконд орсон байдаг. Шокноос гарахад нь сэтгэлзүйн тусламж үзүүлсний дараа Яаралтай түргэн тусламжид хүлээлгэн өгдөг. Усанд осолдоод живсэн хүнийг олж биед хуримтлагдсан усыг нь гаргахад хэцүү байдаг бол харин усанд осолдоод удаагүй ус залгисан хүн тусламж авахад хурдан. Аврах ажиллагааны хувцас гүний аврах ажиллагаа хийгээгүй тохиолдолд урагдаж цоорохгүй боломжийн. Завины даац дөрвөн хүнийг багтаах боломжтой. Гурван аврагч нэг цагдаатай завьт эргүүлийн үүргийг гүйцэтгэдэг.

ГОЛЫН ЭРЭГ ДЭЭР ЗӨВ БОЛОВСОН АМАРЧ БУЙ ХҮМҮҮС ЦӨӨХӨН

НОБГ-ын  нийслэлийн Аврах 105-ын аврагч, ахлагч Г.ГАНСҮХ:

– Завьтай эргүүл бол усны ослыг багасгах, иргэдийг зөв боловсон амрахад сэрэмжлүүлэг өгч ажиллаж байгаа учраас аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж байна. Хүн бүрт зөвлөгөө өгч ажилладаг. Гэсэн ч иргэд архи дарс хэрэглэсэн үедээ “Та нарт ямар хамаатай юм” гэх үл тоосон зүйлийг хэлдэг, зарим нь хүлээн авна. Зөв боловсон амарч буй хүмүүс их цөөхөн. Иргэд амарч зугаалахдаа архи дарс хэтрүүлэн хэрэглэж байна. Гэр бүлээрээ голын эрэг дагуу амрах үедээ хүүхдүүдээ хараа хяналтгүй орхидог. Дунд сургууль болон өсвөр насны буюу 4-8 дугаар ангийн хүүхдүүд Гачуурт орчимд хичээлээ тараад гэртээ харилгүй гол дээр тоглож зугаалах нь түгээмэл. Тэд нэгийгээ усанд дарах усаар байлдах тохиолдол их. Энэ маш эрсдэлтэй. Ер нь амарч буй иргэд голын эрэг дээр архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснийхээ дараа сэрүүцэх гэж гол руу ордог нь усанд осолдох улмаар амь насаа алдах шалтгаан болж байна. Мөн шаардлага хангахгүй хийлдэг гудас, хийлдэг тоглоом, завинаас болж усанд осолдох тохиолдол гардаг тул иргэд өөрсдийн аюулгүй байдлыг сайтар хангах хэрэгтэй. Бидний хувьд амралтын өдрүүдээр маш  их ачаалалтай байдаг. Гэхдээ ажлын өдрүүдэд ч бас Туул гол дээр иргэд маш их ирж зугаалдаг болсон учраас ачаалал багасахгүй. Энэ жил голын түвшин дундаж байгаа ч иргэдийн хайхрамжгүй байдлаас үүдэн усны осол гарч байна. Архи согтууруулах ундааг хэрэглэсэн үедээ гол руу орох, хүүхдүүдээ хараа хяналтгүй орхидог, бага насны хүүхдүүд эцэг, эхийн хараа хяналтгүй гол руу орохгүй байхыг сэрэмжлүүлж байна.

ОСЛЫН ДУУДЛАГЫН ТОО ӨСЧ, АМИА АЛДСАН ТОО БУУРСАН ҮЗҮҮЛЭЛТТЭЙ БАЙНА

ОБЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Ш.АНХТУЯА: 

-Зуны улирал эхэлж амралт зугаалгын улиралд гол усны осол ихсэх хандлагатай байдаг. Энэ жил Туул гол дээр завьт эргүүлийнхэн ес дэх жилдээ гарч ажиллаж байна. Нийслэлийн Аврах ангийн 105-ын алба хаагчид өдөр бүр эргүүл гүйцэтгэж байгаагаас гадна хөдөө орон нутагт ч  бас хяналт тавьж завьт эргүүлийг ажиллуулж байна. Баяр наадмын өдрүүд дөхсөнтэй холбоотой орон нутагт завьт эргүүлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Иргэд аялж зугаалж яваа бол гол мөрөн гатлахдаа баталгаатай зам, гүүрээр гатлах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орохгүй байх, хүүхдүүдээ хараа хяналтгүй голын эрэг дагуу орхихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

  ЗУНЫ УЛИРАЛД СОГТУУГИЙН ДУУДЛАГА ИХЭСДЭГ

Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн цагдаа, дэд ахлагч А.АРИУНБАЯР: 

-Иргэд голын эрэг дагуу согтууруулах ундаа хэрэглэдэг. Ялангуяа амралтын өдрүүдээр согтууруулах ундаа хэрэглэх тохиолдол түгээмэл, согтуурсан үедээ гал түлж хонож байна. Энэ үедээ гол руу орж усанд осолдох тохиолдол гардаг. Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Туул голын эрэг дагуу явган эргүүл хийж байна. Согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүст шаардлага тавьж ноцтой гэж үзсэн тохиолдолд саатуулж байна. Онцгой байдлын албаны завьт эргүүлтэй хамтран өдөр бүрт эргүүлд гарч байна. Шалгалтын үеэр голын эрэг дагуу болон модон дунд согтууруулах ундааг хэрэглэдэг. Урин дулаан цагт голын эрэг дагуу согтууруулах ундаа хэрэглэсэн иргэд түгээмэл. Бидний зүгээс голын эрэг дагуу  архидан согтуурч буй хүмүүст шаардлага тавьж зөвлөмж өгч ажилладаг. Иргэдийн зарим нь согтуурсан үедээ зөвлөмж, шаардлагыг эсэргүүцдэг. Архи согтууруулах ундааг тэр бүр хурааж авах эрх байхгүй ноцтой гэж үзсэн зайлшгүй шаардлагатай үед хураана. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэдийг саатуулах зөрчил их. Зуны улиралд согтуу үеийн дуудлага их байдаг. Иргэдээс голын эрэг дээр согтуурсан үедээ нэгэнтэйгээ зодолдсон, танхайрсан гэх дуудлага өдөрт 30 орчим удаа ирүүлдэг.

КВАДРАТ ЦИКЛЬТЭЙ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙХДАА БАГА НАСНЫ ХОЁР ХҮҮХДИЙГ АВРАН ХАМГААЛЖЭЭ

Нийслэлийн аврах анги 105-ын аврагч, ахлагч  Б.ОДБАЯР:

Энэ жил завьт эргүүлээс гадна Туул голын эрэг дагуу нэг ээлжиндээ хоёр хүний бүрэлдэхүүнтэй тус бүр квадрат циклтэй үүрэг гүйцэтгэж байна. Өглөө 09.00-22.00 цаг хүртэл Хар усан тохойгоос Сонсголонгийн гүүр хүртэл ажиллаж, хүмүүст болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өгч ажиллаж байна. Зургадугаар сарын 10-наас эргүүлд гарах хугацаанд бага насны хоёр хүүхдийн амь насыг авран хамгааллаа. Туул голын эрэг дагуу эргүүлээр ажиллах явцад бага насны хоёр хүүхэд усанд урсаж байсныг олж харсан даруйд аврах ажиллагааг явуулсан. Энэ мэтчилэн квадрат циклтэй эргүүлд гарах давуу тал их байна. Бид голын эрэг дагуу амарч буй хүмүүст голын ус руу орохоос өмнө урьдчилан сэргийлэх байдлаар сэрэмжлүүлэг зөвлөмж өгч ажилладаг. Өмнөх жилүүдтэй харьцуулахад нийслэлийхэн их эерэг хандлагатай болчихсон санагдсан. Биднийг сэрэмжлүүлэг зөвлөмж өгөхөд тоодоггүй байсан бол одоо дэмждэг, голоос зайтай амардаг болсон байна. Зарим согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүс үл тоох хандлага гаргадгийг үгүйсгэхгүй. Эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас болж бага насны хүүхдүүд усанд осолдох өндөр эрсдэлтэй байна. Хүүхэд нь усанд бөмбөгөө алдахад араас нь авах гэж байгаад урсах тохиолдол гардаг. Энэ бүхнээс урьдчилан сэргийлэх ажлыг гүйцэтгэж хяналт тавьж ажиллаж байна. Голын эрэгт амарч буй хүмүүст ус руу орохоос өмнө сэрэмжлүүлэг өгч ажилладаг.

Монгол орны хэмжээнд гамшиг, аюулт үзэгдэл, осол жилд дунджаар 3520 гаруй удаа тохиолдож, 200-210 орчим хүн амь насаа алдаж байгаагийн 46 орчим хувийг усны осол эзэлдэг байна. Хэдийгээр Онцгой байдлын газраас анхааруулга сэрэмжлүүлгийг иргэдэд байнга өгөхийн сацуу гол мөрний хавиар харьяа газрынх нь аврах ангийнхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан ч хүмүүс өөрсдийн хэнэггүйгээс амиа алдсаар л байна. Усанд живж, амиа алдсан иргэдийн ихэнх буюу 90 хувь нь архидан согтуурсан үедээ осолддог хэмээн албаныхан онцолж буй юм. Архи уусан үед голын хүйтэн ус руу орох нь хүний бүх биеийн шөрмөс татаж, өөрийгөө удирдах чадвар буурах, тухайн хүний биеэр цус гүйх нь удааширч бие бүхэлдээ хүндэрч хөдөөлгөөн хийж амжилгүй усанд живдэг байна. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хэдий сайн сэлдэг байсан ч гэсэн живдэг болохыг аврагчид хэлж байсан юм. Цөөхөн хэдэн монголчууд магадгүй анхаарал, болгоомжтой байж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ус руу орохгүй байх, согтууруулах ундааг зохистой хэрэглэсэн бол дээрх золгүй байдлаар амиа алдагсдын 90 хувь нь өнөөдөр мэнд сэрүүн байх байсан.

Эх сурвалж: news.mn

scroll to top