Б.Насанцацрал
Урин дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд гэр бүл, хамт олноороо аялал зугаалгаар явахдаа гол усны ойролцоо хүүхдээ хараа хяналтгүй орхисноос, мөн согтууруулах ундаа хэрэглэснээс ус руу орж осолдох тохиолдол ихэсдэг. Ойрын өдрүүдэд усархаг бороо орсны гол усны түвшин нэмэгдээд байгаа билээ. Иймд НОБГ-ын харъяа Нийслэлийн “Аврах анги 105”-ын албан хаагчид Цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэл Туул голын сав газраар зохион байгуулж байна. Нийслэлийн Онцгой байдлын газраас жил бүр Туул голд завьт эргүүл ажиллуулдаг. Ингэснээр сүүлийн жилүүдэд нийслэлд усны ослоор амь насаа алдсан иргэдийн тоо буурсан дүнтэй байгаа юм.
Усанд урсаж явсан дөрвөн хүний амийг аварсан
Нийслэлийн Аврах анги 105-ын мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Даваасүрэн “Завьт эргүүлийг бид ес дэх жилдээ Цагдаагийн байгууллагатай хамтран зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд ард иргэдийн ихээр цуглардаг бүс болох Баянзүрх дүүргийн Хар усан тохой, Сонгино-Хайрхан дүүргийн Сонсголонгийн гүүр орчим тогтмол байршуулж, 80 гаруй алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа. Мөн иргэдэд сэрэмжлүүлэх хуудсыг тогтмол тарааж, анхааруулга өгч ажиллалаа. Завьт эргүүлийн хугацаанд нийт найман удаагийн дуудлагаар 10 гаруй хүний амийг аварсан. Эргүүлийн үед голын усанд урсаж явсан насанд хүрсэн хоёр, бага насны хоёр хүүхдийг амийг авраад байна.
Сүүлийн таван жилийн судалгаанаас үзэхэд хөдөлгөөнт эргүүл байрлуулснаас хойш ард иргэдийн голын усанд осолдох тоо 35 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Гэвч хөдөлгөөнт эргүүл байрлуулж, сэрэмжлүүлэг сануулга өгсөөр байтал өнгөрсөн амралтын өдрүүдэд зургаан хүний амь эрсдсэн харамсалтай үйл явдал боллоо. Осолдсон хүмүүсийн хоёр нь согтууруулах ундаа хэрэглэснээс, үлдсэн нь анхаарал болгоомж алдсанаас үүдэлтэй байсан” гээд гол, усны үерийн түвшин 5-45 см даван үерлээд байгаа энэ үед голын эрэг дагуу аялж, зугаалахгүй байхыг анхаарууллаа.
Иргэдэд шаардлага тавихад дургүйцдэг
НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын аврагч, ахлагч М.Болдбаяр “Иргэдэд шаардлага тавихад дургүйцэх, эсэргүүцэх хандлага ажиглагддаг. Тэр тусмаа архи, согтуурах ундаа хэрэглэсэн хүмүүс аврах ажиллагаанд саад болдог. Чулуу барьж дайрна, хэл амаар доромжилно. Энэ бол бидэнд тулгардаг хүндрэлтэй асуудал. Гэхдээ Цагдаагийн байгууллагатай хамтраад цагдаатай хамт явах болсноор энэ асуудал буурсан. Завьт эргүүлийг бид өглөөний 08:00 цагаас оройны 22:00 цагийн хооронд явуулж байгаа. Зарим тохиолдолд 24 цагаар ч байрлах тохиолдол бий” гэв.
АМЬ НАСАА АЛДСАН ХҮНИЙ ТОО 30 ХҮРЧЭЭ
ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Ш.Анхтуяа “Энэ он гарснаар 42 удаагийн осол гарч, 30 хүн амь насаа алдсан. Үүнээс дөрөв нь хүүхэд, 26 нь том хүн байгаа юм. Цаг уурын байгууллагын мэдээлснээр ирэх амралтын өдрүүдэд үргэлжилсэн усархаг, дуу цахилгаантай бороо орохыг анхааруулсан. Тиймээс иргэд гол усны эрэг дагуу зугаалахгүй байх, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад түгээхийг дахин анхааруулж байна” гэлээ. Өнгөрсөн найман жилийн хугацаанд завь этгүүлийнхэн 1800 гаруй удаагийн дуудлагаар 3500 иргэний амь насыг авран хамгаалжээ. Харин 06 дугаар сарын 10-наас хойш найман хүний амь аварсан байна. Алба хаагчид энэ сарын 06 дугаар сарын 20-ны өдрөөс 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл моторт болон сэлүүрт завиар иргэдийг голын усанд осолдохоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг ханган ажиллах юм байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.07.01