Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:   Улаанбаатар хот болон Өмнөговь аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, төвийн аймгуудын нутгийн зарим газраар аадар дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 градус,  говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Монголын тал нутгаар 31-36 градус, бусад нутгаар   27-32 градус дулаан байна.   

Улаанбаатар хотод:   Аадар, дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. 30-32 градус дулаан байна.  

Төлөв байдал:  4-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд нутгийн зүүн хагаст, 6-нд зарим газраар, 7-нд баруун болон төвийн аймгуудын  нутгийн хойд хэсгээр  дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны өмнө түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ.  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. 4,5-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд зүүн аймгуудын нутгаар, 7-нд нутгийн баруун хагаст сэрүүснэ. 

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан:  Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд 5 ханатай 2 гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.02-ны өдрийн 16:39 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 16:49 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, “Эрх саран” сувиллын газар Увс аймгийн харьяат Б /68 настай, эрэгтэй/ 06.26-ны өдрийн 05:30 цагийн орчим сувиллаас гараад сураггүй болсон тухай дуудлагыг 06.26-ны өдрийн 11:26 цагт хүлээн авсан. Эрэн хайх ажиллагааг 06.26-07.01-нийг хүртэл зохион байгуулан явуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийн хүсэлтээр түр зогсоосон. Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашин, Цагдаагийн байгууллагын 1 алба хаагч, нийт 6 хүн, 1 автомашинтайгаар ажиллаж, 07.02-ны өдөр “Эрх саран” сувиллаас “Шувуун фабрик” хүртэл 12 км-т явганаар голын салаа бүрээр явж голд унасан зараа модыг уснаас гарган цэвэрлэж, “Туул” голоор 10 км-т завьтай урсаж, 5 метрийн гүнд 3 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 22:20 цагт зогсоосон. 07.03-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багт иргэн Э /64 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ 06.28-ны өдрийн 13:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг мөн өдрийн 14:20 цагт хүлээн авсан. 07.02-ны өдрийн байдлаар ар гэрийн 6 иргэн, 1 автомашинтай тус сумын төвөөс зүүн хойд зүгт “Манхан” гэдэг газраас “Ремизовын өндөрлөг” гэдэг газар хүртэл 7 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 07.03-ны өдрийн 06:00 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн 15 алба хаагч, Хилийн 0198 дугаар ангийн 5 алба хаагч, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 329 дүгээр салбарын 14 алба хаагч, Халхгол сумын ЗДТГ-ын 12 ажилтан, ар гэрээс 6 иргэн, нийт 52 хүн, 5 техник хэрэгсэлтэй эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Усны осол /эрэн хайх, аврах/: Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал багийн Орхон голын 96-ийн “Шинэ гүүр Энхтал” гэдэг газар /Сэлэнгэ аймгийн төвөөс баруун урд зүгт 140 км-т, тус аймгийн Хушаат сумын төвөөс зүүн зүгт 7 км-т/ Увс аймгийн харьяат иргэн Ш /22 настай, эрэгтэй/ “Орхон” голд осолдсон тухай дуудлагыг 07.02-ны өдрийн 17:15 цагт хүлээн авсан. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, сумын Цагдаагийн хэсгийн 1 алба хаагч, ар гэрийн 2 иргэн, нийт  10 хүн, 4 техник хэрэгсэлтэй мөн өдрийн 19:19 цагт очиж, “Энхтал” гэдэг газраас Орхон голоор 3 км-т завиар урсаж, 3-4 метрийн гүнд 2 удаа шумбаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 22:09 цагт түр зогсоосон. 07.03-ны өдрийн 05:30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Аврах ажиллагаа: Архангай аймгийн Булган сумын Тамир багийн “Хүрэн бургас” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 10 км-т/ тус сумын харьяат иргэн М-ийн жолоодож явсан “Субару” загварын суудлын автомашин /4 зорчигчтой/ “Тамир”-ын голд урсаж байна гэсэн дуудлагыг 07.02-ны өдрийн 21:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 7 алба хаагч, 1  автомашинтай 10 км замыг туулан 21:45 очиж, иргэд болон автомашиныг голын уснаас аюулгүй газарт татан гаргасан.

Амиа хорлолт: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан багийн “Бугат гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 5 км-т/ “Ховд” голд тус аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн оршин суугч иргэн Ж /27 настай, эмэгтэй/ амиа хорлохоор “Ховд” гол руу орох үед эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан тус аймгийн Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Э /30 настай, эрэгтэй/ түүнийг аврахаар араас нь орж живсэн тухай дуудлагыг 07.02-ны өдрийн 14:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 17 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 8 алба хаагч, Өлгий сумын мэргэжлийн ангийн 10 иргэн, ар гэрийн 15 иргэн, нийт 50 хүн, 9 техник хэрэгсэлтэй эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 16:10 цагт осолдсон газраас баруун хойд зүгт 2 км-т “Бугын гол” багийн “Фермийн-Үзүүр” гэдэг газраас цагдаагийн ахлах ахлагч Э-гийн цогцсыг олж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. Тус сумын “Их булан” багаас Бугат сумын 1 дүгээр багийн “Хатуугийн цутгалан” гэдэг газар хүртэл усаар 25 км завьтай явж, 3-5 метрийн гүнд 6 удаа шумбаж, зангуу хаях, тэмтрэх аргаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч иргэн Ж-гийн цогцсыг олоогүй тул мөн өдрийн 21:50 цагт түр зогсоосон. 07.03-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top