Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

    Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Завхан, Өвөрхангай, Хөвсгөл аймгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

    Өнөөдөр:    Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар өмнөөс хойш эргэж 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ.  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 19-24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, дуу цахилгаантай бороо орно, салхи баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, 23-25 градус дулаан байна.

Төлөв байдал:  8, 9, 10-нд нутгийн зарим газраар, 11-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүсийн нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “Хангал констракшн” ХХК-ийн модны захын хашаанд цахилгаан харуул, цахилгаан хөрөө, хураалттай банз шатаж байна гэсэн дуудлагыг 07.06-ны өдрийн 16:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай тасаг 10 км замыг туулан 16:38 цагт очиж 1 цаг, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 9 км зам туулан 16.49 цагт очиж 40 минут ажиллаж тус тус унтраасан.

Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангай багийн 7 дугаар гудамжинд Иргэн Г-ийн 9х5 метрийн хэмжээтэй байшин, 3х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 07.06-ны өдрийн 23:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 23:15 цагт очиж 45 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны “Зээл”-ийн 1 дүгээр гудамжинд эзэнгүй  гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.07-ны өдрийн 03:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр  ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5.5 км замыг туулан 03:13 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

3. Зам тээврийн осол:

Автозамын осол: Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багт 1 зорчигчтой ачааны автомашин онхолдож хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 07.06-ны өдрийн 23:05 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын 3 алба хаагч 1 автомашинтай 3 км замыг туулан 23:11 цагт очиход Дархан-Уул аймгийн харьяат иргэн Ц /44 настай, эрэгтэй/ “Даево” загварын ачааны автомашинаар зорчиж яваад онхолдож хавчууулагдсан байсныг эсэн мэнд гаргаж эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн 37 дугаар байрны иргэн Э /64 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ 06.28-ны өдрийн 13:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг мөн өдрийн 14:20 цагт хүлээн авсан. 07.06-ны өдрийн байдлаар 07.05-06-ны өдрүүдэд тус сумын “Улс хувьсгалын баяр наадам” болж байгаа тул ар гэрийнхэнтэй зөвшилцөж, Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн даргын шийдвэрээр эрэн хайх ажиллагааг түр зогсоосон.

Усны осол /эрэн хайх, аврах/: Төв аймгийн Эрдэнэ сум ынӨгөөмөр багийн “Өндөр-Улаан” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 40 км-т/   иргэн Ү /21 настай, эрэгтэй/ Туул голын усанд живсэн тухай дуудлагыг 07.06-ны өдрийн 20:27 цагт хүлээн авсан.  Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 6 алба хаагч, 1 автомашинтай 37 км зам туулан 21:38 цагт очиход үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрэн хайх ажиллагааг түр зогсоон 07.07-ны өдрөөс эхлэн зохион байгуулахаар болсон.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан багийн “Бугат гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 5 км-т/  “Ховд” голд Тус аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн “Шинэ-Айл” хорооллын задгайд оршин суугч иргэн Ж /27 настай, эмэгтэй/ 07.02-ны өдрийн 14:20 цагийн орчим “Ховд” голд живсэн тухай дуудлагыг 07.02-ны өдрийн 14:27 цагт хүлээн авсан. 07.06-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 6 алба хаагч, 1 автомашин, 1 завь, ар гэрийн 3 хүн, 1 автомашин, нийт 9 хүн, 2 автомашин, 1 завьтайгаар 2 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг “Соёмбот” уулнаас Бугат сумын “Хатуугийн цутгалан” гэдэг газар хүртэл 25 км-т явганаар, 2 дугаар бүлэг “Найрамдал-Уул” гэдэг газраас Бугат сумын “Тавалтайн рашаан” гэдэг газар хүртэл 61 км-т завьтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 3-4 метрийн гүнд 8 удаа шумбалтыг хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:20 цагт түр зогсоосон. 07.07-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн.        

Бусад: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Оргил” рашаан сувилалын барилгын 1 дүгээр давхарт хувиараа засварын ажил хийж байсан 2 хүн хана нурж дарагдсан тухай дуудлагыг 07.06-ны өдрийн 13:47 цагт хүлээн авсан. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан 13:56 цагт очиход Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат иргэн А /28 настай, эрэгтэй/, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат иргэн Ц нар 3х4 хэмжээтэй бетонон хавтанд даруулан гэмтсэн байсныг ГССҮТ-д хүргэж өгсөн.

Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хорооны “Зүүн наран”-гийн 13 дугаар гудамжинд иргэн Б-ийн эзэмшлийн “Крондо” загварын суудлын автомашин жалга руу унах гэж байна гэсэн дуудлагыг 07.06-ны өдрийн 17:54 цагт хүлээн авсан. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 8 км зам туулан 18:05 цагт очиж автомашиныг татаж аюулгүй газар гаргасан.

Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн “Нарийн-Өлөнт” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 6 км-т/ Ихтамир сумын төвөөс Улаанбаатар хотын чиглэлд БНСУ-ын 21 иргэн зорчиж явсан 84-84 УНЯ улсын дугаартай 45 хүний суудалтай автобус шаварт суусан тухай дуудлагыг 07.06-ны өдрийн 23:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 3 алба хаагч, 1 автомашинтай 25 км зам туулан 01:08 цагт очиж автобусыг шавраас татан гаргасан. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top