Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Өвөрхангай, Өмнөговь аймгийн нутгаар хэсэгчлэн бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Говь болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 21-26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 29-34 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, 25-27 градус дулаан байна.

Төлөв байдал: 9,10-нд нутгийн зарим газраар, 11-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүсийн нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. 11-12-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхаан багийн 4 дүгээр гудамжинд иргэн М-ийн граж шатаж байна гэсэн дуудлагыг 07.07-ны өдрийн 16:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги 7 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км замыг туулан 16:45 цагт очиж, 40х60 метрийн хэмжээтэй автограж дотор хураасан 3 тонн задгай өвс шатаж байсныг 1 цаг 35 минут ажиллаж унтраасан.

2. Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Ашинга” гэдэг газар /Сумын төвөөс урд зүгт 160 км-т, Мандал сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км-т/ “Ялбагийн пост” гэдэг газраас урд зүгт 18 км орчимд ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.07-ны өдрийн 18:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 10 алба хаагч, 1 автомашин, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 10 алба хаагч, нийт 20 алба хаагч, 1 автомашинтай мөн өдрийн 23:20 цагт түймрийн голомт руу хөдөлгөөн үйлдэж, 07.08-ны өдрийн 04:00 цагт 40 км замыг туулан түймрийн голомтод дөхөж амарсан. 06:30 цагт хөдөлгөөнийг дахин цааш үргэлжлүүлсэн. /Цааш 30 км явж түймрийн голомтод очино/

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн 37 дугаар байрны иргэн Э /64 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ 06.28-ны өдрийн 13:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг мөн өдрийн 14:20 цагт хүлээн авсан. 07.07-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашин, 1 завьтайгаар сумын төвөөс зүүн урд зүгт “Хар-Үзүүрийн манхан”, “Халх гол”-ын модон гүүр гэдэг газар хүртэл 6 км-т “Халх гол”-ын усанд завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 16:20 цагт түр зогсоосон.

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Аварга баг дахь “Аварга тосон” рашаан сувиллын газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 150 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 5 км-т/ “Эвтэй дөрвөн амьтан” амралтын газар эмээтэйгээ амарч явсан М /6 настай, эмэгтэй/ 07.06-ны өдрийн 19:40 цагийн орчим тус амралтын газрын тоглоомын талбайд тоглож байгаад сураггүй болсон тухай дуудлагыг 07.07-ны өдрийн 10:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 8 алба хаагч, 2 автомашин, Цагдаагийн газрын 4 алба хаагч, 1 автомашин, Жаргалтхаан сумын Цагдаагийн хэлтсийн 3 алба хаагч, 1 автомашин, Дэлгэрхаан сумын Цагдаагийн хэсгийн 2 алба хаагч, 1 автомашин,  Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн 12 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 21 иргэн, 6 автомашин, 3 мотоцикл, ар гэрийн 4 хүн, 1 автомашин, нийт 54 хүн, 16 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 18:05 цагт тус амралтын газраас баруун урд зүгт 60 метрийн зайтай нүхэн жорлонгоос М-ийн цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Усны осол /эрэн хайх ажиллагаа/: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан багийн “Бугат гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 5 км-т/ “Ховд” голд Тус аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн “Шинэ-Айл” хорооллын задгайд оршин суугч иргэн Ж /27 настай, эмэгтэй/ 07.02-ны өдрийн 14:20 цагийн орчим “Ховд” голд живсэн тухай дуудлагыг 07.02-ны өдрийн 14:27 цагт хүлээн авсан. 07.07-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 6 алба хаагч, 1 автомашин, 1 завь, ар гэрийн 10 хүн, 3 автомашин, нийт 16 хүн, 4 автомашин, 1 завьтайгаар 2 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг Өлгий сумын “Ховд гол” багийн “Соёмбот- Уул” гэдэг газраас Бугат сумын “Хатуугийн цутгалан” гэдэг газар хүртэл 25 км-т автомашинаар, 2 дугаар бүлэг Өлгий сумын “Найрамдал-Уул” гэдэг газраас Бугат сумын “Хатуугийн цутгалан” гэдэг газар хүртэл 21 км-т завьтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 3-4 метрийн гүнд 6 удаа шумбалтыг хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:15 цагт түр зогсоосон. 07.08-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн.   

Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр багийн “Өндөр-Улаан” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 40 км-т/ Архангай аймгийн Хайрхан сумын харьяат иргэн Ү /21 настай, эрэгтэй/ зугаалж яваад 07.06-ны өдрийн 20:00 цагийн орчим “Туул” голын усанд живсэн тухай дуудлагыг 07.06-ны өдрийн 20:27 цагт хүлээн авсан. Үндэсний Аврах бригадын 8 алба хаагч, 1 автомашин, нийслэлийн Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 6 алба хаагч, 2 автомашин, нийт 14 алба хаагч, 3 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 07.07-ны өдрийн 11:30 цагт иргэн Ү /21 настай, эрэгтэй/-ын цогцсыг “Туул” голоос гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн хойд талд “Туул” голын усанд цогцос байна гэсэн дуудлагыг 07.07-ны өдрийн 13:43 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 34 км замыг туулан 14:25 цагт очиж, цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. Уг цогцос нь 06.26-ны өдөр “Эрх саран” сувиллаас гараад сураггүй алга болсон Увс аймгийн харьяат иргэн Б /68 настай, эрэгтэй/-ийн цогцос болохыг Цагдаагийн байгууллагаас тогтоосон.  

Бусад: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Ханан-Эрэг” ХХК-ийн хашаанд бага насны хүүхэд толгойгоо төмөр хийцэд хавчуулаад гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг 07.07-ны өдрийн 11:43 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 16.5 км замыг туулан 12:00 цагт очиж, Г /2 настай, эмэгтэй/ хашааны төмөр хаалганы хавтасны завсар толгойгоо гацаагаад гаргаж чадахгүй байсныг аюулгүй болгож, эмээ Л-д хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top