Б.Ууганбаяр: Дэлхий нийт гамшгаас урьдчилан сэргийлэхэд анхаарч байна

“ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН

Онцгой байдлын ерѳнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяртай ярилцлаа.

-Гамшгаас урьдчилан сэргийлэх газар байгуулагдаад жил болж байна. Ямар ажил хийж, ямар ахиц гарав?

-Онцгой байдлын ерѳнхий газар энэ оны эхэнд Гамшгаас урьдчилан сэргийлэх газрыг шинээр байгуулсан. Арав гаруй жилийн ѳмнѳ Монгол Улс төдийгүй дэлхий нийт гамшгаас хамгаалах менежментийнхээ хувьд ихэвчлэн гамшгийн хор уршгийг арилгах чиглэлээр ѳртѳг ихтэй менежментийг хэрэгжүүлдэг байсан. Харин сүүлийн үед дэлхий нийтээр ѳртѳг ихтэй менежментээс илүү урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах асуудал чухал гэдгийг ойлгож эхэллээ.

Өөрөөр хэлбэл, арван жилийн тэртээ гамшгаас урьдчилан сэргийлэхэд зарцуулсан нэг доллар гамшгийн дараах гурван доллартай тэнцдэг гэж ярьдаг байсан. Харин одоо бол урьдчилан сэргийлэхэд зарцуулсан нэг доллар гамшгийн хор уршгийг арилгахад зарцуулах 15 доллартай тэнцдэг болсон гэх Оросын эрдэмтний судалгаа байдаг. Тэгэхээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ ямар ач холбогдолтой гэдгийг гамшиг судлаач, олон улсын байгууллагуудаас гаргаж байгаа дээрх судалгаанаас харж болно.

Мѳн дэлхийн улс орнууд, тухайлбал, Зүүн ѳмнѳд Азийн улс орнуудад урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах асуудалд маш их анхаарч, энэ асуудлыг хариуцсан нэгж ажилладаг. Тиймээс Онцгой байдлын ерѳнхий газар нэгдүгээрт, гамшгаас хамгаалах менежментийг боловсронгуй болгох, хоёрдугаарт, олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор урьдчилан сэргийлэх ажлаа тэргүүлэх чиглэлд тавьж энэ газрыг байгуулсан.

Урьдчилан сэргийлэх ажлын цѳм нь сургалт байдаг. Онцгой байдлын ерѳнхий газраас гамшгаас хамгаалах хуулиар заасны дагуу таван ангиллын сургалтыг зохион байгуулж байгаа. Энэ нь удирдах албан тушаалтан, мэргэжлийн анги, аврах салбарын, оюутан сурагчийн, ажилтны, ард иргэдийн гэсэн зааг ялгаатай юм.

Гамшгаас урьдчилан сэргийлэх газар байгууллагдсанаас хойш албан хаагчийг сургах, чадваржуулах нэлээдгүй сургалтыг хийсэн. Жишээлбэл, удирдах албан тушаалтны, эмч, эмнэлгийн зааварлагчийн, гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтний, хүний нөөц, дотоод ажил хариуцсан ажилтны, аврах, гал унтраах ангийн захирагчийн гэх мэт сургалт, семинарыг зохион байгууллаа.

Урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай албан даалгавар орон нутагт хүргүүлж удирдамжаар хангаж, сургалт хариуцсан албан тушаалтны төвшин тогтоох шалгалтыг зохион байгууллаа. Засгийн газрын тогтоолоор гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөрийг батлууллаа. ХСИС-ийн Ахлагчийн сургуульд аврагч, гал сөнөөгч, дуудлага хүлээн авагч бэлтгэх сургалт хийлээ. Австрали улсаас ирсэн сайн дурын ажилтнаар англи хэлний сургалт зохион байгуулж байна. Азийн гамшгийн бэлэн байдлын төвтэй хамтран гамшгийн эрсдэлийн асуудлаар гурван удаагийн цуврал сургалт, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулсан. Уг сургалтаар 160 сургагч багш бэлтгэсэн. Японы хүүхдийг ивээх сантай хамтран бүсчилсэн сургалт явууллаа.

ОБЕГ-аас орон нутагт зохион байгуулдаг томоохон сургалт, нэгдсэн арга хэмжээ бол гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль байдаг. Энэ жил Ѳвѳрхангай аймагт гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, Дархан-Уул аймагт удирдах албан тушаалтны команд штабын сургуулийг зохион байгууллаа. Энэ жил таван том сургалт явуулах ёстой. Үлдсэн сургалтыг намар зохион байгуулна. Жилээс жилд орон нутаг явуулдаг сургалтынхаа аргабарилыг өөрчилж, хүний хэрэгцээ шаардлагад нийцсэн практик талын сургалтыг явуулахыг зорьж, ажиллаж байгаа. Мөн АНУ-ын Ази номхон далайн цэргийн командлалтай хамтраад “Говийн чоно-2015” сургалт, дадлагыг зохион байгуулсан.

-Сургалтаас гадна дэлхий нийт гамшигтай тэмцэх ямар агуулга руу чиглэж байна вэ?

– Энд би сургалтын талаар нэлээдгүй ярилаа. Ингээд яриад байвал их зүйл байна. Ямар агуулгаар яриад байгаа нь гамшигтай тэмцэх ганц боломж нь сайн бэлтгэгдсэн төрийн байгууллага, иргэн байх хэрэгтэй байна. Ер нь мэдлэгтэй, чадвартай, ёсзүйтэй иргэнтэй болмоор байна. Гамшгаас урьдчилан сэргийлэх сургалтын арга барил нь хѳгжсѳн улс орны тэргүүний туршлагыг бид хуулбарлан авч нэвтрүүлэх хэрэгтэй.

Цаашдаа урьдчилан сэргийлэх ажлын үр ѳгѳѳж, арга хэлбэр, шалтгаан нөхцөл рүү нь анхаармаар байна. Ѳнгѳрсѳн гуравдугаар сард Япон улсад болсон дэлхийн гамшгийн аюулыг бууруулах бага хурлын үеэр гамшгийн эрсдэлийг бууруулах талаар таван том асуудлуудыг дэвшүүлсэн. Дэлхий нийтийн туршлага, жишгээс харахад гамшиг гарсан үед хөрөнгө мѳнгѳ үрэхээс илүү гамшиг бий болгох эрсдэл, хүчин зүйл нь юу гэдгийг ойлгох шаардлагатай болчихоод байна. Өөрөөр хэлбэл эрсдэлийг бууруулах хүчин зүйл нь мэдлэг боловсрол байна уу, эдийн засаг, дэд бүтэц, зам барилга нь байна уу, тогтолцоо байна уу гэдэг олон асуудал руу дэлхий нийт чиглэж байна.

-Энэ оны эхний долоон сарын байдлаар аюул, ослоос болж 120 хүн амиа алджээ. Мөн 80 хүн усанд осолдсоны 24 нь хүүхэд байгаа. Ер нь зүүн аймгуудад гарсан түймэр ч иргэдэд мэдлэг мэдээлэл хэрэгтэй юм шиг?

-120 хүний дийлэнх нь усны ослоор амь үрэгдсэн байгаа юм. Тиймээс иргэд хариуцлагатай л байх ёстой. Ѳѳр юу ч хэрэггүй. Голын усны хажууд хүүхэдтэйгээ оччихоод хүүхдээ мартаад хөзөр тоглодог, хүүхэд усанд энддэг, онцгой байдлын албан хаагчийг анхааруулахад “Чамд хамаагүй” гээд байж байгаа хүмүүсийг юу гэж ойлгох вэ.

Зүүн аймгуудад гарсан түймрийн эзэн шалтгаантай холбоотой судалгааг Гамшиг судлалын хүрээлэнгээр хийлгэсэн. Судалгаанаас харахад үнс нурмаа унтраагаагүй, тамхины ишээ аюулгүй болгож хаяагүй, машиндаа оч баригчгүй явсан зэрэг дийлэнх нь хүний буруутай үйл ажиллагаанаас холбоотой түймэр гарсан байгаа юм. Уг нь ой, хээрийн түймэр, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар Онцгой байдлын еренхий газар, Улсын онцгой комисс, орон нутгийн онцгой байдлын байгууллагаас шат шатны байгууллагад нь албан даалгавар өгч, ард иргэд рүү хандсан сэрэмжлүүлэг мэдээ маш их хүргэсэн. Даанч иргэд хариуцлагагүй, хэнэггүйгээс болж, амь насаа алдаж, эд хөрөнгөөрөө хохирч байна. Түймрийн улирал эхэлж байгаа үед үнс нурмаа гадаа цацчихдаг, асаасан шүдэнзээ бүрэн унтраалгүй хаядаг хүмүүсийг яах вэ. Төрийн үйлчилгээ авч байгаа хүмүүс эргээд ухамсартай, хариуцлагатай байх ёстой. Хэдий болтол эх орноо хайрлахгүй, ёс зүйгүй явах юм бэ. Энэ бүхнийг өөрчлөх цаг болсон.

Энэ жил усны ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ маш сайн зохион байгуулж, эргүүлт пост ажиллуусны үр дүнд усны осолд ѳртѳж амь насаа алдсан хүний тоо ѳнгѳрсѳн жилийнхээс бараг 50 хувиар буурсан. Ер нь онцгой байдлын албан хаагчид жилийн дѳрвѳн улиралд тасралтгүй ажиллаж байдаг. Тиймээс мэргэжлийн байгууллагаас ѳгч байгаа заавар зѳвлѳмжийг өчүүхэн ч болтугай дагах юм бол маш их хэмжээний хохирлыг амсахгүй байх боломжтой. Иргэдэд байгалийн аюулт үзэгдэл болох талаар сэрэмжлүүлэх мэдээллийг тогтмол ѳгч байна. Албан хаагч болон аж ахуйн нэгж, иргэд рүү чиглэсэн сургалтыг ихээхэн хийж байгаа. Саяхан ард иргэдэд зориулан www.ontsgoi.sur.gov.mn цахим хуудас нээсэн. Аль болох мэдээлэл ѳгѳхийг зорьж байгаа.

-Ѳнгѳрсѳн зургадугаар сард НҮБ-тай хамтраад олон улсын сургалтыг зохион байгууллаа. Эцсийн үр дүн нь юу байв?

– Зургадугаар сард НҮБ-ын хүмүүнлэгийн хэргийг зохицуулах газартай хамтраад МУ-д газар хѳдлѳлтийн томоохон гамшиг тохиолдсон үед гадаадаас аврах баг ирж, хэрхэн хамтарч ажиллах, хил дээр яаж хүлээж авах зэргээр тав хоногийн цогц сургалтыг 17 орны 100 тѳлѳѳлѳгчтэй хамтран явѵуллаа. Энэ сургалтын хамгийн энгийн үр дүн бол газар хѳдлѳлийн бэлэн байлалтай тэмцэх улсын тѳлѳвлѳгѳѳнѳѳс орхигдсон олон улсын тусламжийг хүлээн авах, орон нутгийн онцгой байдал, тѳрийн байгууллагатай хамтарч ажиллах зохицуулалт гээгдсэн байсан асуудлыг тѳлѳвлѳгѳѳнд тусгаж шинэчлэх ажил хийгдэж байгаа. Олон улсын тусламжийг хүлээн авах, үдэн гаргах зохицуулалтыг шинээр боловсруулж, Гамшгаас хамгаалах тухай шинээр боловсруулж байгаа хуульд бүтэн бүлэг болгон тусгасан. Гамшигтай тэмцэх бэлэн байдлын тѳлѳвлѳгѳѳ сайжирч байна. Ирээдүйд зохицуулалт сайжрах үр дүн хүлээж байна.

-Гамшгийн аюулыг буй болгоод байгаа хүчин зүйлийг тодорхойлох хѳрѳнгѳ мѳнгѳ, эрхзүйн орчин нь манай улсын хувьд хэр байдаг юм бол?

– Манай өнөөдрийн байгаа Гамшгаас хамгаалах тухай хуульд урьдчилан сэргийлэхэд улсын төсвөөс тэдэн төгрөг зарцуулна гэсэн тодорхой заалт байхгүй. Ер нь бол урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулж байгаа зардал маш бага. Филиппин улс тѳсвийнхѳө 0,01 хувийг урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тѳсѳвлѳнѳ гээд хуульдаа заагаад ѳгчихсѳн байдаг. Бид шинээр боловсруулж байгаа Гамшгаас хамгаалах тухай хуулинд энэ асуудлыг хѳндѳж тавих байх. Хэрэгжиж чадахгүй байгаа нэг зүйл бий. Энэ нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 зүйлд гамшгаас урьдчилан сэргийлэх, тѳлѳвлѳх, зохион байгуулах, хѳрѳнгѳ мѳнгѳ тѳсѳвлѳх, захиран зарцуулах бүрэн эрх бүх шатны Засаг дарга нарт бий. Гэвч урьдчилан сэргийлэх арга хэмжээн дээр хѳрѳнгѳ мѳнгѳ тѳсѳвлѳж чадахгүй байна.

-Манай улс олон улсын аврагчидтай болохоор бэлтгэж байгаа. Мэдээж шаардлага, шалгуур нь ѳндѳр байдаг байх?

-Засгийн газрын шийдвэрээр онцгой байдлын 50 аврагч Буриад улсад гарч байгаа ойн түймрийн голомтод ажиллахаар явсан. Ер нь онцгой байдлын байгууллагын цаашдын нэг тѳлѳвлѳж байгаа томоохон ажил бол олон улсад эрэн хайх, аврах ажлыг зохион байгуулах багтай болохыг хүсч байгаа. Гэвч үүнд маш том шалгуур тавигддаг юм. НҮБ-аас олон улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэх баг бол ийм багаж хэрэгсэлтэй байх ёстой мөн эрүүл мэнд, хэлний шаардлагаас авахуулаад олон шаардлага тавьдаг. Гэхдээ ирэх жил гэхэд бид аврагчдаа бэлтгээд, шалгуулна. Хүмүүсээ сонгон шалгаруулчихсан, одоо англи хэлний бэлтгэлд суулгана. Ер нь бол 30-40 хүнтэй хѳнгѳн зэрэглэлийн багтай болохоор зорьж, багаж хэрэгслээ бага багаар бэлдэж байна.

scroll to top