Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын Засгийн газар, Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлж, нийт 3.0 сая евро буюу 9 тэрбум төгрөгийн өртөг бүхий гал унтраах зориулалтын 3 төрлийн 15 ширхэг автомашиныг өнөөдөр хүлээн авлаа.
Арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайдын ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Л.Саянаа, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, БНПУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд, ноён Кишиштоф Бойко, БНПУ-ын Гадаад хэргийн дэд сайд, ноён Мечей Ланг нар оролцож, аймаг, орон нутгийн Онцгой байдлын газруудад автомашины түлхүүрийг гардуулан өгсөн юм.
Гал унтраах зориулалтын эдгээр автомашинуудыг НОБГ болон Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатар, Төв, Өмнөговь, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газруудад олголоо.
Ингэснээр Онцгой байдлын байгууллагын гал түймэр, гамшиг осолтой тэмцэх, эрэн хайх, аврах ажиллагааны чадавх дээшилж, хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээг хэрэглэгчдэд түргэн шуурхай хүргэх боломж бүрдээд байна.
Польш улсад үйлдвэрлэсэн энэхүү гал унтраах автомашин нь 3.5 тн устай, секундэд 50 л ус шахах хүчин чадал бүхий насостой, гал унтраах дунд оврын ангиллын туулах чадвар сайтай.
Мөн Монгол орны цаг агаарын эрс, тэс уур амьсгал, газар нутаг, автозамын нөхцөлд тохируулан нэмэлт тоног, төхөөрөмжөөр тоноглогдсон, орчин үеийн дэвшилтэд технологи бүхий аврах ажиллагааны багаж, хэрэгсэл суурилуулсанаараа онцлог юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.