Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал болон даргын зөвлөлийн гишүүд, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 98 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Үйлчилгээний гавьяат ажилтан цол” хүртсэн Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахлах дэслэгч Х.Мөнхбатыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, ахмад цолоор шагналаа.
Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын ажил хөдөлмөрийг Монгол Улсын төр засаг өндрөөр үнэлж, төрийн дээд шагналаа хүртээсэнд баяртай байна. Энэхүү үйл явдал Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг төр засаг, ард түмэн үнэлж, дэмжиж байгаагийн томоохон илрэл юм. Онцгой байдлын байгууллагаас энэ хугацаанд долоон гавьяат цолтон төрснөөс аврагчдаас хоёрдахь гавьяат маань төрлөө. Та бүхэн бидний бахархал юм шүү” гэлээ.
Ахмад Х.Мөнхбат нь Онцгой байдлын байгууллагад 11 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд 182 иргэний амь нас, ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 950.0 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан.
Мөн тэрээр Онцгой байдлын байгууллагын Онцгой гавьяа байгуулсан гурван алба хаагчийн нэг юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.