Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

    Өнгөрсөн хоногт: Архангай, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл аймгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр:    Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс 5-10 м/с, борооны өмнө түр зуур 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 21-26 градус, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар 30-35 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.     

Улаанбаатар хотод:  Үүлшинэ, бороо орохгүй, салхи зүүн өмнөөс 5-10 м/с, 30-32 градус дулаан байна.

Төлөв байдал: 11-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Борооны өмнө салхи түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн баруун хэсгээр сэрүүхэн байх боловч бусад нутгаар халж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны “Монел”-ийн 51 дүгээр гудамжинд эзэнгүй гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.09-ний өдрийн 14:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7 км зам туулан 14:43 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн Зуунмод сумын Номт багийн “Одонт хөтөл” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 5 км-т/ иргэн Ч-ийн эзэмшлийн “Делика” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.09-ний өдрийн 15:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км зам туулан 15:51 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн Зуунмод сумын Номт багийн “Мянган айл”-ын байрны гадна зогсоолд иргэн А-ын эзэмшлийн “Суббару форестер” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.09-ний өдрийн 16:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км зам туулан 16:21 цагт очиж 8 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны “Сонсголон”-гийн 4 дүгээр гудамжинд иргэн Б-ын эзэмшлийн “Ланд ровер В-6” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.09-ний өдрийн 17:35 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 13 км зам туулан 17:52 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

2. Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Ашинга” гэдэг газар /Мандал сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.07-ны өдрийн 11:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 10 алба хаагч, 1 автомашин, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 10 алба хаагч, 1 автомашин, нийт 20 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж  07.09-ний өдрийн 08:55 цагт цурманд оруулсан. Бүрэн унтраахаар ажиллаж байна. /Түймэрт урьдчилсан байдлаар 2 га талбай шатсан./

 Хээрийн түймэр: Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн “Хөндлөн” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 21:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж 07.10-ны өдрийн 00:15 цагт унтраасан. Уг гал түймэрт 21 га талбай шатсан.

3.Тэсэрч дэлбэрэх материалын бодис:

Сум, галт хэрэгсэл илэрсэн: Дундговь аймгийн Сайнцагаан сумын Айраг багийн 8 дугаар гудамжинд иргэн Э-ийн хашаанд сум байна гэсэн дуудлагыг 07.09-ний өдрийн 17:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, 1 автомашин,аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн хэлтсийн 1 алба хаагч, 1 автомашин, Тагнуулын хэлтсийн 3 алба хаагч, 1 автомашин, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн 4 алба хаагч, 1 автомашин, 278 дугаар салбарын 1 алба хаагч, 1 автомашин  нийт 10 алба хаагч, 5 автомашинтай ажиллаж танкийн их бууны 125 мм-ийн 1 ширхэг сумыг  07.10-ны өдрийн 06:30 цагт Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай хүрэлцэн очиж сумын төвөөс урд зүгт 5 км-т устгаж булсан.  

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан багийн “Бугат гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 5 км-т/  “Ховд” голд Тус аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн “Шинэ-Айл” хорооллын задгайд оршин суугч иргэн Ж /27 настай, эмэгтэй/ 07.02-ны өдрийн 14:20 цагийн орчим “Ховд” голд живсэн тухай дуудлагыг 07.02-ны өдрийн 14:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 6 алба хаагч, 1 автомашин, 1 завь, ар гэрийн 10 хүн, 1 автомашин, нийт 16 хүн, 2 автомашин, 1 завьтайгаар 3 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг Өлгий сумын “Ховд гол” багийн “Соёмбот-Уул” гэдэг газраас Бугат сумын “Тавалтайн рашаан” гэдэг газар хүртэл 35 км-т завьтай, 3-4 метрийн гүнд 2 удаа шумбаж, 2 дугаар бүлэг Өлгий сумын “Найрамдал-Уул” гэдэг газраас Бугат сумын “Тавалтайн рашаан” гэдэг газар хүртэл 40 км-т автомашинтай, 3 дугаар бүлэг Өлгий сумын “Найрамдал-Уул” гэдэг газраас Бугат сумын “Тавалтайн рашаан” гэдэг газар хүртэл 25 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 07.10-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн.   

5.Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хужирт багийн Зуслан гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 23 км/ 07.09-ний өдрийн 16:00-16:30 цагийн хооронд усархаг бороо орж аянга буусны улмаас малчин Г-ийн 600 бог мал, Л-ийн 715 бог мал аянгад ниргүүлж хорогдсон. Мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Цэгмэдбаатар аймгийн Онцгой байдлын газарт 19:00 цагт ирүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top