Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Завхан,Өвөрхангай,  Ховд, Хөвсгөл, Хэнтий, Сэлэнгэ, Орхон  аймгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун хойноос, зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор 15-20 градус, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод:  Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно, салхи баруун өмнөөс 6-11 м/с. 28-30 градус дулаан байна.

Төлөв байдал: 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай бороо орно. Салхи 19, 20-нд зарим газраар борооны өмнө түр зуур 14-16 м/с хүрч ширүүснэ. 18-наас ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанНийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд 6х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.15-ны өдрийн 11:40 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км замыг туулан 11:50 цагт очиж 50 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

Ойн түймэрСэлэнгэ аймгийн Ерөө сумын Буургачин багийн “Халуун рашаан” гэдэг газрын урд уулын энгэрт /сумын төвөөс зүүн хойд зүгт 130 км-т/ ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 07.11-ний өдрийн  22:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 25 алба хаагч, 2 автомашинтай унтраахаар ажиллаж байна. 07.15-ны өдрийн 23:00 цагийн байдлаар алба хаагчид 3 бүлэгт хуваагдан түймрийн баруун, зүүн, урд талд ажиллаж байна. Түймрийн голомтод унанги мод, хөвд ихтэй, шатлага ихтэй, бага зэрэг бороо орсон, салхи тогтуун байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Хэрийн гол” гэдэг газар /Бугант багийн төвөөс зүүн урд зүгт 40 км-т/ 07.11-ний өдрийн 12:30 цагт усархаг бороо орж аянга буусны улмаас ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.12-ны өдрийн 13:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч, орон нутгийн 27 иргэн, нийт 52 хүн, 4 автомашинтай унтраахаар ажиллаж байна. 07.15-ны өдрийн 23:00 цагийн байдлаар алба хаагчид 2 бүлэгт хуваагдан түймрийн зүүн болон урд талыг цурманд оруулсан. Түймрийн зүүн болон урд талдаа унтраахаар ажиллаж  байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багийн “Атаа” гэдэг уул /сумын төвөөс хойд зүгт 148 км-т/ ойн түймрийн цэг www.fires.ru сайт дээр 07.12-ны өдрийн 15:30 цагт илэрсэн. Хойд бүсийн төв Орхон аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 20 алба хаагч, 1 автомашинтай 07.15-ны өдрийн 23:00 цагийн байдлаар түймрийн баруун урд болон зүүн хойд хэсэг тэлж ассан. Түймрийн голомтод унанги мод, хөвд  ихтэй, тэнгэр бүрхэг, салхи тогтуун байна. /Алба хаагчид Ө-49011’45.7″, У-107029’24.4″ координатад байрлаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар урт нь 1,5 км, өргөн нь 1,8 км орчим талбай шатсан. /Нэмэлт хүч шаардлагатай/

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Угтаал гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 50 км/-т ойн түймрийн цэг www.fires.ru сайтад 07.13-ны өдрийн 12:00 цагт илэрсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 9 алба хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 19 хүн, 2 автомашинтай 07.15-ны өдөр түймрийн урд тал болон хойд талыг хяналтанд авсан бөгөөд 15:00 цагийн орчимд түймрийн голомтод усархаг бороо орсон. 

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин  багийн “Бэрлэг” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 90 км-т/ ойн түймрийн цэг www.fires.ru сайтад 07.15-ны өдрийн 12:05 цагт илэрсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 11 алба хаагч, 1 автомашинтай 07.15-ны өдрийн 13:16 цагт явсан бөгөөд 23:30 цагийн байдлаар түймрийн голомтод 10 орчим км дөхөж очсон, автомашинаа үлдээгээд явганаар түймрийн голомтод хүрнэ.  

Ой, хээрийн түймэр: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн ”Ногоон толгой” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 45 км-т/ ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 07.14-ний өдрийн 09:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 11 алба хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 31 хүн 4 техник хэрэгсэлтэй 07.15-ны өдөр 2 бүлэгт хуваагдан түймрийн 2 талд ажиллаж байна. Түймрийн голомтод унанги мод, хөвд ихтэй, 30-40 минут бороо орсон салхи тогтуун байна. /Түймэрт урьдчилсан байдлаар 48 га талбай шатсан./

4.Үйлдвэрлэлийн осол:

Баяжуулах үйлдвэрийн осол: Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон-Овоо багийн “Зөрлөг” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт  17 км-т/ жонш баяжуулах үйлдвэрийн цэвэр ус хадгалах усан санд гэрээт хамгаалагч Хөвсгөл аймгийн харьяат иргэн Д /45 настай, эрэгтэй/ 07.14-ний өдрийн 14:00 цагт орж живсэн  нь тус компанийн дотоод камерын хяналтаар 07.15-ны өдрийн 12:40 цагт илэрсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, 2 автомашин, Цагдаагийн газрын 3 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж мөн өдрийн 18:55 цагт 4 метрийн гүнтэй усан сангаас цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Өндрөөс аврахНийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд 5 давхар орон сууцны барилгын 5 дугаар давхрын тагтнаас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 07.15-ны өдрийн 22:23 цагт хүлээн авсан. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км зам туулан 22:32 цагт очиход  тус байрны оршин суугч иргэн О /37 настай, эмэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 5 давхрын тагтнаас үсрэх гэж байсныг эсэн мэнд буулгаж тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд 9 давхар орон сууцны барилгын 6 давхрын цонхноос хүн унах гэж байна гэсэн дуудлагыг 07.15-ны өдрийн 23:23 цагт хүлээн авсан. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6.5 км зам туулан 23:31 цагт очиход тус байрны оршин суугч иргэн Э /21 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 6 дугаар давхрын цонхоор 2 хөлөө унжуулан тамхи татаад сууж байсныг эсэн мэнд буулган тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Усны осол /эрэн хайх, аврах/: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан багийн “Бугат гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 5 км-т/ “Ховд” голд тус аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн “Шинэ-Айл” хорооллын задгайд оршин суугч иргэн Ж /27 настай, эмэгтэй/ 07.02-ны өдрийн 14:20 цагийн орчим “Ховд” голд живсэн тухай дуудлагыг 07.02-ны өдрийн 14:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 6 алба хаагч, ар гэрийн 10 хүн, нийт 16 хүн, 2 автомашин, 1 завьтайгаар 3 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг Өлгий сумын “Ховд гол” багийн “Соёмбот-Уул” гэдэг газраас Бугат сумын “Тавалтайн рашаан” гэдэг газар хүртэл 35 км-т завьтай, 3-4 метрийн гүнд 2 удаа шумбаж, 2 дугаар бүлэг Өлгий сумын “Найрамдал-Уул” гэдэг газраас Бугат сумын “Тавалтайн рашаан” гэдэг газар хүртэл 40 км-т автомашинтай, 3 дугаар бүлэг Өлгий сумын “Найрамдал-Уул” гэдэг газраас Бугат сумын “Тавалтайн рашаан” гэдэг газар хүртэл 25 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт зогсоосон.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Цагаан тохой” гэдэг газар “Ерөө байгалийн хишиг” ХХК-ийн 10 ажилтан зугаалж явснаас Өвөрхангай аймгийн Тарагт сумын харъяат иргэн Б /24 настай, эрэгтэй/ 07.13-ны өдрийн 17:00 цагийн орчим “Ерөө” голын усанд живсэн тухай дуудлагыг 07.13 ны өдрийн 17:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, Цагдаагийн газрын 4 алба хаагч, “Ерөө байгалийн хишиг” ХХК-ийн 10 ажилтан, нийт 20 хүн, 5 автомашинтай эрэн хайх ажиллагааг осолдсон газраас хойд зүгт 60 км-т  голоор урсаж, голын эрэг дагуу 30 км-т явганаар самналт хийн зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:20 цагт түр зогсоосон. 07.16-ны өдрийн 05:30 цагт дахин эхлүүлсэн.

5.Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаарАрхангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой  багийн “Хумхын-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 7 км-т/ тус сумын харьяат  иргэн Б-гийн хүү А /1нас 6 сартай, эрэгтэй/ 07.15-ны өдрийн 21:00 цагийн Тамир голын усанд живсэн. Орон нутгийн 30 иргэн эрэн хайх ажиллагааг зохион  байгуулж мөн өдрийн 23:50 цагт осолдсон газраас зүүн тийш 3 км газраас цогцсыг олж уснаас гарган тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн тухай мэдээллийг тус сумын харьяат иргэн Б аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.       

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Мухар хөндий  багийн “Чонын худаг” гэдэг газар  /сумын төвөөс зүүн урд зүгт 24 км-т/ тус сумын харьяат иргэн Д-гийн 5х6 метрийн хэмжээтэй байшин 07.15-ны өдрийн 13:00 цагт шатсан тухай мэдээллийг тус сумын харьяат иргэн Б аймгийн Онцгой байдлын газарт мөн өдрийн 19:56 цагт мэдээлсэн.  

Ховд аймгийн Манхан сумын Ботгон багийн “Хуурай салааны-Эх“ гэдэг  газар  /сумын төвөөс зүүн зүгт 70 км-т/ тус сумын харьяат иргэн Г-гийн 5 ханатай гэр 07.15-ны өдрийн 14:00 цагт шатсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мөн өдрийн 16:57 цагт мэдээлсэн.

Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хөх- Эрэг багийн “Хар сайр” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 35 км-т/ Бүгд Найрамдах Казакстан улсын иргэн Б-гийн эзэмшлийн “Камри” загварын суудлын автомашин 07.15-ны өдрийн 21:25 цагт  шатсан тухай мэдээллийг тус сумын харьяат иргэн Ж аймгийн Онцгой байдлын газарт 22:10 цагт мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top