Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь, Увс, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орсон.Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутгаар  бороо, төвийн аймгуудын ихэнх, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 15-20 градус, говийн бүс нутаг, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар 28-33 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. 28-30 градус дулаан байна.

Төлөв байдал: 16-17-нд баруун аймгуудын ихэнх нутгаар бороо, төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн ихэнх нутгаар, 19-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн баруун хагаст сэрүүхэн, зүүн хагаст аагим халуун байна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр сэрүүхэн шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд 9х4 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.14-ний өдрийн 09:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 09:30 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Өлзийт багт иргэн Б-гийн эзэмшлийн “Ланд Ровер” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.15-ны өдрийн 02:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 02:29 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэрСэлэнгэ аймгийн Ерөө сумын Буургачин багийн “Халуун рашаан” гэдэг газрын урд уулын энгэрт /сумын төвөөс зүүн хойд зүгт 130 км-т/ ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 07.11-ний өдрийн  22:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 25 алба хаагч, 2 автомашинтай унтраахаар ажиллаж байна. 07.14-ний өдрийн 23:00 цагийн байдлаар алба хаагчид 3 бүлэгт хуваагдан түймрийн баруун, зүүн, урд талд ажиллаж байна. Түймрийн голомтод унанги мод, хөвд ихтэй, шатлага ихтэй, салхи тогтуун байна..

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Хэрээн гол” гэдэг газар /Бугант багийн төвөөс зүүн урд зүгт 40 км-т/ 07.11-ний өдрийн 12:30 цагт усархаг бороо орж аянга буусны улмаас ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.12-ны өдрийн 13:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч, орон нутгийн 27 иргэн, нийт 52 хүн, 4 автомашинтай унтраахаар ажиллаж байна. 07.14-ний өдрийн 23:00 цагийн байдлаар алба хаагчид 2 бүлэгт хуваагдан түймрийн зүүн болон урд талыг барьсан. Түймрийн баруун, хойд талд ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багийн “Атаа” гэдэг уул /сумын төвөөс хойд зүгт 148 км-т/ ойн түймэр гарсан нь www.fires.ru сайт дээр 07.12-ны өдрийн 15:30 цагт илэрсэн. Хойд бүсийн төв Орхон аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 20 алба хаагч, 1 автомашинтай 07.14-ний өдрийн 23:00 цагийн байдлаар алба хаагчид 2 бүлэгт хуваагдан түймрийн баруун болон зүүн талд ажиллаж, түймрийн зурвасаас дотогш 5-10 метр газрыг цэвэрлэн унтраах үйл ажиллагаа явуулж, 1 км газрын түймрийг унтраасан. Түймрийн голомтод унанги мод, хөвд ихтэй зүүн хойд хэсэгт шатлага ихтэй, тэнгэр бүрхэг, салхи тогтуун байна. /Алба хаагчид Ө-49011’45.7″, У-107029’24.4″ координатад байрлаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар урт нь 1,5 км, өргөн нь 1,2 км орчим талбай шатсан./

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Угтаал гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 50 км/-т ойн түймрийн цэг www.fires.ru сайтад 07.13-ны өдрийн 12:00 цагт илэрсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 9 алба хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 19 хүн, 2 автомашинтай түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.           

Ой, хээрийн түймэр: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн ”Ногоон толгой” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 45 км-т/ ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 07.14-ний өдрийн 09:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 11 алба хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 31 хүн 4 техник хэрэгсэлтэй 2 бүлэгт хуваагдан түймрийн 2 талд ажиллаж байна. Түймрийн голомтод унанги мод, хөвд ихтэй, шатлага ихтэй, салхи тогтуун байна. /Түймэрт урьдчилсан байдлаар урт нь 800 метр, өргөн нь 500 метр талбай шатсан./

4.Байгаль, цаг агаарын аюулт үзэгдэл:

Үер: Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багт /сумын төвд/ 07.14-ний өдрийн 13:40 цагаас 13:50 цагийн хооронд хүчтэй аадар бороо орсны улмаас 10 айлын хашаа, гудамжны гэрэлтүүлгийн 10 ширхэг шон унаж, Улаанбаатар-Наранбулаг-Сонгино чиглэлийн А18 кодтой улсын чанартай замын 85-95 дугаартай баганын хооронд далан сэтэрсэн  байгаа тухай мэдээллийг 07.14-ний өдрийн 15:50 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргаар ахлуулсан 60 иргэн, 4 бүлэгт хуваагдан Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль уруйн үерт автагдаж болзошгүй  тул сургуулийн эргэн тойронд далан сэргээн босгох, мөн гэрэлтүүлгийн шугамын цахилгааныг салгах, унасан хашаануудыг засварлахаар ажиллаж байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч Д.Пүрэвжаваар ахлуулсан аймгийн Засаг даргын Тамгын газрын 2 ажилтан, “АЗЗА” ТӨХК-ийн 2 ажилтан, нийт 5 ажилтан, 1 автомашинтай тухай нөхцөл байдлыг тодорхойлох, хохирлыг хэмжээг тогтоох, улсын чанартай замын сэтэрсэн далангийн хэмжээг тогтоох, хохирлыг тооцохоор тус суманд ажиллаж байна.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай багийн “Цант” гэдэг газар /Сайхан сумын төвөөс баруун хойд зүгт 18 км-т/ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн Б-гийн охин Х /6 настай, эмэгтэй/ Орхон голын усанд живсэн тухай дуудлагыг 07.12-ны өдрийн 13:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 12 алба хаагч, 1 автомашин, 2 завьтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 07.14-ний өдрийн 10:00 цагт осолдсон газраас зүүн зүгт 8 км-ийн зайд “Орхон” голын уснаас цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Бэрлэгийн цагаан тохой” гэдэг газар Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат иргэн Б /24 настай, эрэгтэй/ 07.13-ны өдрийн 17:00 цагийн орчим “Ерөө” голын усанд живсэн тухай дуудлагыг 07.13 ны өдрийн 17:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 5 алба хаагч, Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 2 алба хаагч, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 1 алба хаагч, Мандал сум дахь Цагдаагийн хэлтсийн 4 алба хаагч, “Ерөө Байгалийн Хишиг” уурхайн нөхөрлөлийн 15 ажилтан, нийт 27 алба хаагч, 5 автомашинтай осолдсон газраас 6 км-т завьтай урсаж 4 метрийн гүнд 25 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 21:55 цагт түр зогсоосон. 07.15-ны өдрийн 05:30 цагт дахин эхлүүлсэн.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн гүүрийн доор “Туул” голд хүн живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 15:07 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4,5 км замыг туулан 15:11 цагт очиж, Д /11 настай, эрэгтэй/, Т /10 настай, эрэгтэй/ нарыг “Туул” голоос гарган эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн, Н /13 настай, эрэгтэй/-гийн цогцсыг мөн өдрийн 15:10 цагт “Туул” голоос гарган цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Баянцагаан давааны урд “Туул” голд хүн живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 15:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 9 алба хаагч, 1 автомашинтай 10 км замыг туулан 16:06 цагт очиж, 00:30 цаг ажиллаж, нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн Ц /24 настай, эрэгтэй/-ийн цогцсыг “Туул” голоос гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Голын усанд боогдсон: Увс аймгийн Тариалан сумын Мянган багийн “Шагайтын хөтөл” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 70 км-т, сумын төвөөс баруун зүгт 40 км-т/ Швейцарь Улсын 2 жуулчин, Монгол Улсын 5 жуулчин “Хархираан” голын усанд боогдсон тул гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 07.14-ний өдрийн 10:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр 10 алба хаагч, 2 автомашин, 1 завьтай тус багийн “Мянганы хөндий” гэдэг газар “Хархираан” голын усанд боогдсон Швецарь Улсын харьяат иргэн Г /31 настай, эрэгтэй/, Л /28 настай, эмэгтэй/, Улаанбаатар хотын харьяат иргэн Д /19 настай, эрэгтэй/, Х /22 настай, эмэгтэй/, С /24 настай, эрэгтэй/ нарыг мөн өдрийн 21:43 цагт завиар аюулгүй газарт гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top