Х.ЭНХБОЛД: САНАСАНДАА ХҮРЭХ, ЗОРЬСНОО БИЕЛҮҮЛЭХ ЧИНЬ АВРАГЧ ХҮНИЙ БАХДАЛ ШҮҮ ДЭЭ

65742786_2451447881745109_1616539610479853568_n.jpg

“Аврагчийн хөрөг” буландаа Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Х.Энхболдыг урилаа. Ард иргэдээ аливаа гамшиг, ослоос авран хамгаалах онцгой үүрэгтэй албандаа даргын жолоочоор үүрэг гүйцэтгэж эхэлсэн тэрбээр өдгөө 18 дахь жилдээ ажиллаж байгаа юм.

– Онцгой байдлын байгууллагатай ажил, амьдралаа холбоод хэдэн жил болж байна вэ? 

– Одоогоос 17 жилийн өмнө Онцгой байдлын байгууллага гэдэг онцлог ихтэй албанд орж байлаа. Арван жилийн сургуулиа төгсөөд хөдөө мал маллаж байгаад 2002 онд анх ажилд орсон. Тухайн үед ажилд авах сонгон шалгаруулалтад нь шалгалт өгч тэнцээд даргын жолоочоор томилогдсон. Арван жил даргын жолоочоор үүрэг гүйцэтгэж байгаад 2012 оноос гал унтраах автомашины жолоочоор ажиллаж эхэлсэн дээ.

– Даргын жолоочийн хувьд томоохон гамшиг, осол болгоны голомтод даргатайгаа хамт ажиллах болдог. Иймэрхүү томоохон осол, гамшгийн дуудлагад хэр их явж байв?

– Гол, усны осол, гал түймрийн гээд дуудлагаар үүрэг гүйцэтгэн ажилладаг байсан. Эдгээр дуудлагануудаас санаанаас гардаггүй нэг дуудлага бий. 2010 онд Цээл суманд хүчтэй аадар бороо орсны улмаас үер бууж, үерийн улмаас 17 хүн амь насаа алдсан. Дуудлагаар очиход уйлсан хүн, майлсан мал, урссан гэр орон гээд харахад халширмаар. Гэхдээ их сонин. Хүрэн голынхоо яг хажууд байгаа айл нь үерт өртөөгүй мөртлөө уулын хамар дээр буусан айлууд нь усанд урсчихсан байсан.  Гэр бүлээрээ амь насаа алдаад ганцхан бага насны хүүхэд нь үлдсэн тийм сэтгэл эмзэглэмээр гамшгийн дуудлагад долоо хоног ажиллаж байлаа.

– Зарим хүмүүст даргын жолооч гэдэг ядаргаатай, уйтгартай ажил шиг санагддаг. Тэгвэл даргын жолооч байхын давуу тал гэж бас байна биз?

– Даргын жолооч байна гэдэг олон давуу талтай. Тухайн удирдлагын арга барил, зарчим, бусадтай харилцаж байгаа харилцаа зэргээс үргэлж суралцаж байдаг. Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын даргаар 2011-2014 оны хооронд ажиллаж байсан хурандаа С.Пүрэвсамдангаас /Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын дарга / маш их зүйлийг сурч байсан. Удирдлаганд нь ажиллаж, олон сайхан зан чанарыг нь өвлөж, ажил, амьдралдаа мөрдлөг болгон ажиллаж байгаадаа баярладаг юм. Баярлалаа гэдгээ  “Онцгой мэдээ” сониноороо дамжуулмаар байна.

– Гал унтраах автомашины жолоочоор ажилласан анхны дуудлага юу байв?

– Хуримаа хийх гээд барьсан шинэ гэр нь хажуу айл нь гал алдсанаас болоод шатаж байна гэх дуудлагаар очиж байлаа. Гэр хоорондын аюулгүй зай алдагдсанаас хоёр гэр хоёулаа шатах нөхцөл үүссэн байсан. Гэхдээ манай аймаг харьцангуй гал түймрийн дуудлага багатай. Дуудлага багатай байна гээд бэлтгэл, бэлэн байдлаа алдаж болохгүй. Байнгын л бэлтгэлтэй байх ёстой. Тийм болохоор ээлжинд гарах хугацаанд хийхээр үүрэгт заагдсан ажлуудаа хийж, шинээр албанд орж ирж байгаа залуучуудаа сургаж, дадлагажуулдаг.

– Хүнд хэрнээ хүндтэй албанд үүрэг гүйцэтгэхдээ шантрах үе гарч байв уу?

– Алба маань хүний төлөө гэсэн тангарагтай. Өдөр бүр бусдад тусалж, тэднээсээ баярлалаа гэдэг үгийг сонсоод ажлын эрч хүчээ сэлбэж байдаг болохоор шантрах үе гарч байгаагүй л дээ. Гэхдээ эрсдэлтэй нөхцөлд ажилладаг л байсан.

Тухайлбал, 2004 онд Өлгий нуурт хүн алга болоод эрлийн ажиллагаа долоо хоног үргэлжилсэн юм. Тухайн үед  машины дугуйн олгой хаймер хийлээд дээгүүр нь банз барьж боогоод л эрлийн  ажиллагааг явуулж байлаа. Түүнээс хойш багаж, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэл хангалттай болсон. Өөрсдийнхөө бие бялдар, сэтгэлзүйг бэлтгэчихсэн байхад баг хамт олны хүчээр юуг ч даваад л гарах боломжтой болсон байна.

– Тэгвэл аврагч хүний хамгийн том баяр бахдал юу вэ?

 – Үүргээ амжилттай биелүүлээд сэтгэл амрах тэр агшин. Хамт олны дэмжлэг, багийн ажиллагаа, хүн бүрийн ур чадвар дайчлагдсан учраас аврагч бүрийн бахдал тэр байх л гэж боддог. Санасандаа хүрэх, зорьсноо биелүүлэх чинь аврагч хүний бахдал шүү дээ.

– Ажил, үүргийнхээ онцлогийг юу гэж тодорхойлох вэ?

– Аврагчид, аврал эрсэн хэн бүхний амь нас, эд хөрөнгийг давхар дааж явдаг. Дуудлага бүрт минут, секундтэй уралдаж очиж байж л аварч чадна шүү дээ. Тэглээ гээд бас өөрсдөө эрсдэж болохгүй. Хариуцлага өндөртэй. Тийм болохоор автомашиныхаа аюулгүй байдлыг хангаж, зам гарц, усны судалгааг маш сайн хийдэг. Ямар замаар явах вэ, аль гудмаар орж, гарах уу  гээд судалгаагаа маш сайн хийнэ. Нэг нүдэлчихсэн байхад хаяг аваад гарахад асуудал тулгарах нь бага шүү.

– Гэр бүлийнхний дэмжлэг туслалцаа, дэм байхгүйгээр амжилттай үүргээ биелүүлэхэд бас л хэцүү?

– Тийм шүү. Хань маань л гэр бүлийнхээ ажлыг зохицуулж, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлж байна. Миний ар тал найдвартай учраас юунд ч санаа зовохгүй ажлаа хийж чаддаг. Ажлын минь онцлогийг ч маш сайн ойлгоно. Эхнэр маань аймгийн нэгдүгээр цэцэрлэгт тогооч хийдэг. Хоёр охинтой. Том нь 11 дүгээр анги, бага нь 8 дугаар ангийн сурагч.

– Таны хобби гэвэл?

– Ажил, мэргэжлийн онцлогоо дагаад ч тэгдэг юм уу автомашин их сонирхоно. Албандаа гурван нэр төрлийн автомашин унаж, дуудлагад явж байна. Харин хувьдаа бол аваад л, зараад л… Нэг тооцоо гаргатал 27-29 нэр төрлийн автомашин сольж унасан байсан. Эдгээр машин дотроос хамгийн шуурхай, туулах чадвар сайтай машин нь эксель байсан. 2009 онд Дөтийн даваанд зуд болоод машинууд явж чадахгүй байхад эксель машинтайгаа л ганцаараа давж байлаа. Хүмүүст ярихаар үнэмшдэггүй л юм. Гэхдээ харсан хүмүүс байгаа /инээв/.

– Онцгой алба хаагчийн хувьд зорьж байгаа зорилгыг тань сонирхож болох уу?

– Бололгүй яахав. Төслийн шугамаар Шарга сумын “Гал унтраах сайн дурын бүлгэм”-д гал унтраах хөөрөг хийж өгсөн юм. Гал унтраах хөөрөг нь дөрвөн дугуйтай, тн усны савтай, мотороор ажиллах боломжтой. Мөн ямар ч төрлийн автомашинаар чирээд авч явах боломжтойгоор хийсэн. Энэхүү гал унтраах зориулалттай усан хөөргөө цаашид бүх сумандаа хийж өгөхийг зорьж байна даа.

– Олон жил Онцгой албанд үүрэг гүйцэтгэж байгаа хүний хувьд шинэ залуу алба хаагчдадаа юу гэж зөвлөх вэ?

– Албандаа гэсэн сэтгэлтэй, зүтгэлтэй бай л гэж хэлмээр байна. Аливаа ажлын үр дүнг ч хараагүй байж шантарч болохгүй. Тууштай, итгэл, сэтгэлтэй байвал юуг ч даваад гарч чадна. Тийм болохоор бие бялдар, сэтгэлзүйгээ бэлдэж, өөрийгөө хөгжүүлж байх нь чухал  л гэж бодож ажилладаг. Ер нь бол өөртөө оногдсон үүргээ дүүрэн хангалттай хийж чаддаг байх нь чухал шүү дээ.

– Ярилцсан танд баярлалаа. Таны ажил, хөдөлмөрт өндөр амжилт хүсье?

– “Онцгой мэдээ” сониныхоо хамт олонд баярлалаа. Зорилго нэг, үйлс нэгтэй Онцгой байдлын байгууллагын үе, үеийн удирдлага, алба хаагчид болон Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын хамт олондоо хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та бүхний минь үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин

scroll to top