Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Хөвсгөл, Төв аймгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эхээр 17-22 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна. 

Улаанбаатар хотод:  Үүлшинэ, бороо орно, салхи баруун өмнөөс хойш эргэж 5-10 м/с борооны өмнө түр зуур ширүүснэ, өчигдөрөөс сэрүүсч 19-21 градус дулаан байна.

Төлөв байдал: 23-нд нутгийн зүүн хагаст, 24, 25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанНийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд 4х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.21-ний өдрийн 13:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 9.5 км зам туулан 13:55 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд 8х11 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 07.21-ний өдрийн 15:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 9 км зам туулан 15:22 цагт очиж 1 цаг 30 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хорооны “Туул”-ын “Задгай”-д чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 07.21-ний өдрийн 17:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 16 км зам туулан 17:46 цагт очиж 23 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/Дорноговь аймгийн Өргөн сумын Сүмийн булаг багийн “Могойт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 45 км-т, сумын төвөөс хойд зүгт 15 км-т/ малчин Г-гийнд мал маллаж байсан тус аймгийн Замын-Үүд сумын харьяат Ө-гийн хүү Ө /15 настай, эрэгтэй/ хүмүүстэй маргалдсаны улмаас 07.19-ний өдрийн 08:00 цагийн орчим гэрээс нь гараад сураггүй болсон тухай мэдээллийг 07.20-ны өдрийн 21:51 цагт хүлээн авсан. Тус сумын ЗДТГ-ын 5 алба хаагч, 1 автомашинтай  эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 07.21-ний өдрийн 13:40 цагт сумын төвөөс хойд зүгт 20 км-т тус багийн “Улаан-Эрэг” газар иргэн Д-гийн гэрээс эсэн мэнд олсон тухай  тус сумын Засаг дарга Ж.Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Усны осол /эрэн хайх, аврах/: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан багийн “Бугат гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 5 км-т/ “Ховд” голд тус аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн оршин суугч иргэн Ж /27 настай, эмэгтэй/ 07.02-ны өдрийн 14:20 цагийн орчим “Ховд” голд живсэн тул 07.02-10-ны өдрүүдэд тус аймгийн Онцгой байдлын газар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон байсныг 07.17-ны өдрөөс дахин үргэлжлүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 5 алба хаагч, ар гэрийн 3 хүн, нутгийн захиргааны байгууллагын 4 ажилтан, нийт 12 хүн, 3 техник хэрэгсэлтэй 07.21-ний өдрийн байдлаар 2 бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 1 дүгээр бүлэг тус сумын Ховд гол багийн “Соёмбот-Уул” гэдэг газраас Бугат сумын Буга багийн “Бригадын төв” гэдэг газар хүртэл 25 км-т завиар урсаж, 4 метрийн гүнд 3 удаагийн шумбалт хийж, зангуу хаях, тэмтрэх аргаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 2 дугаар бүлэг Өлгий сумын “Найрамдал-Уул” гэдэг газраас Бугат сумын “Тавалтайн рашаан” гэдэг газар хүртэл 30 км-т автомашинаар, 10 км-т явганаар Ховд голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:00 цагт түр зогсоосон. 07.22-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 5 км-т/ “Дэлгэр мөрөн” голд 2 хүн сэлж байснаас тус сумын Үерт багийн харьяат иргэн М /21 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг 07.18-ны өдрийн 20:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, ар гэрийн 12 хүн, нийт 25 хүн, 4 автомашин, 2 завьтайгаар 07.21-ний өдрийн байдлаар тус сумын “Өндөр-Эрэг” гэдэг газраас “Өндөр хясаа”, “Хилэнтийн гүүр”, “Хүүшийн булан”, “Баян-Эрхэт” гэдэг газар хүртэл 60 км-т “Дэлгэр мөрөн” голоор завьтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 3-6 метрийн гүнд 13 удаа гүний шумбалт, “Өндөр-Хясаа” гэдэг газраас “Өндөр-Эрхэт” гэдэг газар хүртэл 15 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон. 07.22-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн “Модон гүүр” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 5 км-т/ Хэрлэн голд эмэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлагыг 07.21-ны өдрийн 08:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашин, 1 завтай ажиллаж мөн өдрийн 08:36 цагт  Дорнод аймгийн Булган сумын харьяат иргэн Ц /72 настай, эмэгтэй/-ын цогцсыг уснаас гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Бусад: Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны “Шоовой” гэдэг газар /дүүргээс хойд  зүгт 35 км-т/ Туул голын усанд иргэн А-гийн жолоодож явсан 10 зорчигчтой “Ланд круйзер-77” загварын суудлын автомашин суусан тухай дуудлагыг 07.21-ний өдрийн 13:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 6 алба хаагч, 2 автомашинтай 35 км зам туулан 14:11 цагт очиж усанд суусан автомашиныг  татан гаргасан.

Баянгол дүүргийн 2 дугаар хороонд бохирын шугамын засварын ажил хийж байсан 1 хүн бетонон хавтанд хөлөө даруулсан байна гэсэн дуудлагыг 07.21-ний өдрийн 16:23 цагт хүлээн авсан. Нийслэлийн Онцгой байдлын газрын  Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км зам туулан 16:34 цагт очиход Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны харьяат иргэн  Д /51 настай эрэгтэй/ 1.5х1.2 метрийн хэмжээтэй бетонон хавтанд 2 хөлөө даруулсан байсныг гаргаж ГССҮТ-д хүргэж өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top