1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Булган, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Орхон, Өвөрхангай, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай. бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 21-26 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 32-37 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас 6-11 м/с. Өдөртөө 25-27 градус дулаан байна.
Төлөв байдал: 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 22-нд зарим газраар, 23-24-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай.бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.19-ний өдрийн 08:57 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 09:02 цагт очиж, иргэн О-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.19-ний өдрийн 18:12 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 5 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 18:16 цагт очиж, иргэн Д-гийн 5 ханатай гэр, 2х4 метрийн хэмжээтэй граж, 20 метрийн урттай модон хашаа тус тус шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
3. Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Дүрст нарс” гэдэг газар /Номгон багийн төвөөс зүүн урд зүгт 16 км-т, Сайхан сумын төвөөс зүүн урд зүгт 38 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 22:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 11 алба хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 21 хүн, 3 автомашинтайгаар ажиллаж, 07:20-ны өдрийн 00:33 цагт цурманд оруулж, мөн өдрийн 05:37 цагт бүрэн унтрааж, Номгон багийн Засаг дарга Э.Батсүх, Байгаль орчны улсын байцаагч Г.Энх-Амар нарт хүлээлгэн өгсөн. Түймэрт урьдчилсан байдлаар 1 га талбай шатсан.
4.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:
Аянга: Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Хавтага багийн “Гүнжийн-Ар” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 60 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 10 км-т/ тус сумын харьяат иргэн С /19 настай, эрэгтэй/ малаа хариулж яваад 07.19-ний өдрийн 09:00 цагийн орчим аянганд цохиулж /унаж явсан морь, хариулж явсан 126 бог мал нь хорогдсон/ нас барсан тухай мэдээллийг Арбулаг сумын Хавтага багийн Засаг дарга П.Гандаваа 07.19-ний өдрийн 10:02 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
5.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Усны осол /эрэн хайх, аврах/: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан багийн “Бугат гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 5 км-т/ “Ховд” голд тус аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн оршин суугч иргэн Ж /27 настай, эмэгтэй/ 07.02-ны өдрийн 14:20 цагийн орчим “Ховд” голд живсэн тул 07.02-10-ны өдрүүдэд тус аймгийн Онцгой байдлын газар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон байсныг 07.17-ны өдрөөс дахин үргэлжлүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 6 алба хаагч, ар гэрийн 5 хүн, нутгийн захиргааны байгууллагын 5 ажилтан, нийт 16 хүн, 3 автомашинтай 07.19-ний өдрийн 08:00 цагаас 2 бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 1 дүгээр бүлэг тус сумын Ховд гол багийн “Соёмбот-Уул” гэдэг газраас Бугат сумын Буга багийн “Бригадын төв”, “Хасбаатарын хөшөө” гэдэг газраас Ногооннуур сумын “Тавалтайн рашаан” гэдэг газар хүртэл 35 км-т завиар урсаж, 4 метрийн гүнд 1 удаагийн шумбалт хийж, зангуу хаях, тэмтрэх аргаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 2 дугаар бүлэг Өлгий сумын “Найрамдал-Уул” гэдэг газраас Бугат сумын “Хасбаатарын хөшөө” гэдэг газар хүртэл 65 км-т автомашинаар болон явганаар “Ховд” голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:00 цагт түр зогсоосон. 07.20-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн.
Увс аймгийн Давст сумын Хандгайт баг/аймгийн төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ Увс нууранд 4 хүн сэлж байснаас Увс аймгийн Улаангом сумын харьяат иргэн О /37 настай, эрэгтэй/ 07.18-ны өдрийн 17:50 цагт живсэн тухай дуудлагыг 07.18-ны өдрийн 18:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, 2 автомашин, 1 завьтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 07.19-ний өдрийн 11:10 цагт “Увс” нуурын баруун эргээс /Осолдсон газраас 100 метрийн зайд 3 метрийн гүнээс/ цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 5 км-т/ 4 хүн зугаалж байснаас тус сумын Үерт багийн харьяат иргэн М /21 настай, эрэгтэй/ Дэлгэр мөрний усанд живсэн тухай дуудлагыг 07.18-ны өдрийн 20:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашин, 1 завь, ар гэрийн 15 хүн, 3 автомашинтайгаар 07.19-ний өдрийн 06:35 цагт тус сумын “Өндөр-Эрэг” гэдэг газраас “Өндөр хясаа” гэдэг газар хүртэл 15 км-т “Дэлгэр” мөрөний усаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 8 удаагийн гүний шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 21:30 цагт түр зогсоосон. 07.20-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлнэ.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР