1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангай, Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд аймгуудын нутгаар бороо орсон.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, зүүн хагаст баруун өмнөөс 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Онон, Улз голын хөндийгөөр 19-24 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 32-37 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. Өдөртөө 28-30 градус дулаан байна.
Төлөв байдал: 22-нд нутгийн төв хэсгээр, 23-нд нутгийн зүүн хагаст, 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд 6х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 07.20-ны өдрийн 07:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 07:35 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд 3х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 07.20-ны өдрийн 17:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 17:07 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.
Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багт Улаангом сум дахь Улсын нөөцийн салбар хашааны гадна иргэн Г-гийн жолоодож явсан “ХОВО” загварын ачааны автомашинд ачсан өвс шатаж байна гэсэн дуудлагыг 07.20-ны өдрийн 17:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 10 алба хаагч, 3 автомашинтай 1,5 км замыг туулан 17:48 цагт очиж, 1 цаг 14 минут ажиллаж унтраасан.
3. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Баянхонгор аймгийн Өлзийт сумын Ёлын-Ам багийн “Бага шаргалжуут” амралтын газраас /аймгийн төвөөс баруун урд зүгт 57 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км-т/ тус аймгийн Эрдэнэцогт сумын харьяат иргэн Б /43 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ 07.20-ны өдрийн 04:00 цагийн орчим сураггүй болсон тухай дуудлагыг 07.20-ны өдрийн 14:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 4 алба хаагч, сумын Цагдаагийн хэсгийн 1 алба хаагч, орон нутгийн 22 иргэн, нийт 27 хүн, 1 автомашин, 1 мотоциклтой эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, иргэн Б-г тус амралтын газраас баруун хойд зүгт 35 км-т “Хар хошууны гарам” гэдэг газраас мөн өдрийн 21:28 цагт эсэн мэнд олж, иргэн Э-д хүлээлгэн өгсөн.
Дорноговь аймгийн Өргөн сумын Сүмийн булаг багийн “Могойт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 45 км-т, сумын төвөөс хойд зүгт 15 км-т/ малчин Г гэдэг айлаас Замын-Үүд сумын харьяат Ө-гийн хүү Ө /15 настай, эрэгтэй, гэрийн хүмүүстэй маргалдсан/ 07.19-ний өдрийн 08:00 цагийн орчим гэрээс гараад сураггүй болсон тухай мэдээллийг 07.20-ны өдрийн 21:51 цагт хүлээн авсан. Тус сумын ЗДТГ-ын 5 алба хаагч, 1 автомашинтай мөн өдрийн 18:00 цагаас тус сумын Сүмийн булаг багийн “Могойт”, “Улаан-Овоот”, “Сүүжийн худаг”, “Төмөр замын 16 дугаар зөрлөг” гэдэг газруудад эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 23:30 цагт түр зогсоосон. 07.21-ний өдрийн 05:30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн тухай мэдээллийг тус сумын Засаг дарга Ж.Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Өндрөөс аврах: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд барьж буй 15 давхар барилгын өргөгч механизмын тавцан дээрээс хүн унах гэж байна гэсэн дуудлагыг 07.20-ны өдрийн 22:08 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 11 км замыг туулан 22:28 цагт очиж, Төв аймгийн харьяат иргэн Г /38 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/-тэй ярилцлага хийж, аврах олс, шуудаг ашиглан өргөгч механизмын тавцангаас буулгаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Усны осол /эрэн хайх, аврах/: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан багийн “Бугат гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 5 км-т/ “Ховд” голд тус аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн оршин суугч иргэн Ж /27 настай, эмэгтэй/ 07.02-ны өдрийн 14:20 цагийн орчим “Ховд” голд живсэн тул 07.02-10-ны өдрүүдэд тус аймгийн Онцгой байдлын газар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон байсныг 07.17-ны өдрөөс дахин үргэлжлүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 5 алба хаагч, ар гэрийн 5 хүн, нутгийн захиргааны байгууллагын 4 ажилтан, нийт 14 хүн, 3 техник хэрэгсэлтэй 07.20-ны өдрийн 08:00 цагаас 2 бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 1 дүгээр бүлэг тус сумын Ховд гол багийн “Соёмбот-Уул” гэдэг газраас Бугат сумын Буга багийн “Бригадын төв” гэдэг газар хүртэл 25 км-т завиар урсаж, 4 метрийн гүнд 3 удаагийн шумбалт хийж, зангуу хаях, тэмтрэх аргаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 2 дугаар бүлэг Өлгий сумын “Найрамдал-Уул” гэдэг газраас Бугат сумын “Тавалтайн рашаан” гэдэг газар хүртэл 30 км-т автомашинтай, 15 км-т явганаар “Ховд” голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:00 цагт түр зогсоосон. 07.21-ний өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 5 км-т/ 4 хүн зугаалж байснаас тус сумын Үерт багийн харьяат иргэн М /21 настай, эрэгтэй/ Дэлгэр мөрний усанд живсэн тухай дуудлагыг 07.18-ны өдрийн 20:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, ар гэрийн 14 хүн, нийт 27 хүн, 4 автомашин, 2 завьтайгаар 07.20-ны өдрийн 07:30 цагт тус сумын “Өндөр-Эрэг” гэдэг газраас “Өндөр хясаа”, “Хилэнтийн гүүр”, “Хүүшийн булан” гэдэг газар хүртэл 20 км-т “Дэлгэр мөрөн” голоор завьтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 3-6 метрийн гүнд 18 удаагийн гүний шумбалт, “Өндөр-Эрэг” гэдэг газраас “Хар-Ус” гэдэг газар хүртэл 8 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон. 07.21-ний өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Баян-Өлгий аймгийн Толбо сумын Толбо нуур багийн “Нуурын-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 60 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 20 км-т/ “Толбо” нууранд завьтай аялж явсан 7 хүн /4 эмэгтэй, 3 хүүхэд/ нуурын төв рүү салхинд туугдан урссан тухай дуудлагыг 07.20-ны өдрийн 17:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн дарга, 5 алба хаагч, 1 автомашин, 1 завьтай ажиллаж, тус аймгийн харьяат А /35 настай, эмэгтэй/, Д /30 настай, эмэгтэй/, М /28 настай, эмэгтэй/, С /20 настай, эмэгтэй/, Н /12 настай, эмэгтэй/, Н /11 настай, эмэгтэй/, К /7 настай, эмэгтэй/ нарыг эсэн мэнд аварч, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР