Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:  Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Завхан, Сэлэнгэ, Орхон, Өмнөговь, Өвөрхангай, Увс, Ховд, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг.Төвийн аймгуудын ихэнх нутгаар үргэлжилсэн бороо, баруун болон зүүн аймгуудын ихэнх, говийн аймгуудын зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Монгол-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 23-28 градус, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 30-35 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос 7-12 м/с. 19-21 градус дулаан байна.

Төлөв байдал: 28-нд нутгийн хойд хагаст, 29-нд төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд нутгийн зүүн хагаст, 31-нд баруун болон зүүн аймгуудын хойд хэсгээр үргэлжилсэн бороо орно. Салхи 28, 29-нд нутгийн зүүн хагаст түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 30-нд нутгийн баруун хэсгээр, 31-нд ихэнх нутгаар дулаарна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанНийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн хэсэгт иргэн М-ийн эзэмшлийн 2 давхар агуулахын 3х4 метрийн хэмжээтэй хаалга шатаж байна гэсэн дуудлагыг 07.26-ны өдрийн 12:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км замыг туулан 12:47 цагт очиж, 5 минут  ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сариг багийн хог хаягдлын цэгийн баруун талд иргэн Б-гийн жолоодож явсан “ХОВО” загварын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.26-ны өдрийн 16:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 16:40 цагт очиж, 7 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 4 дүгээр багт 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 07.26-ны өдрийн 23:39 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 23:44 цагт очиж, 36 минут ажиллаж унтраасан.

3.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Аянга: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн Чандмань гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 9.5 км-т/ иргэн Д-гийн 4 ханатай гэрт 07.26-ны өдрийн 05:30-06:00 цагийн орчим аянга буусны улмаас шатсан тухай дуудлагыг 07.26-ны өдрийн 08:14 цагт хүлээн авсан. Тус сумын Онцгой байдлын газрын 3 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 1 алба хаагч, нийт 4 алба хаагч, 1 автомашинтай 9.5 км замыг туулан 09:20 цагт очиж, гал түймэр гарсан шалтгаан, нөхцөлийг тогтоож ажилласан. Аянга буух үед гэрт тус сумын харьяат иргэн Т /36 настай, эмэгтэй/, охин О /5 настай, эмэгтэй/, Б /2 настай, эмэгтэй/ нарыг эсэн мэнд аварч, аюулгүй газарт гаргасан.

Үер: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багт 07.24-26-ны өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас иргэн Б, А нарын 6 ханатай 2 гэр, Б, Н, П, Г, Б, Ж нарын хашаа, амбаар усанд автсан тухай дуудлагыг 07.26-ны өдрийн 15:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 41 дүгээр ангийн 15 алба хаагч, 2 автомашин, тус сумын ЗДТГ-ын 5 ажилтан, 1 Ковш, 1 том оврын ачааны автомашин, нийт 20 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр 10 автомашин шороо асгаж, 300 метрийн урт, 1 метрийн өндөртэй далан босгож, 10 тн ус соруулж, 10 цаг ажилласан.   

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багт иргэн Л-ийн 6 ханатай гэрт үерийн ус орсон тухай дуудлагыг 07.26-ны өдрийн 19:41 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 5 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулж 19:51 цагт очиж, гэрийг нүүлгэн шилжүүлсэн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Өндрөөс аврах: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд дээвэр дээрээс хүн унах гэж байна гэсэн дуудлагыг 07.26-ны өдрийн 22:21 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км замыг туулан 22:26 цагт очиж, тус дүүргийн харьяат иргэн Х /36 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/-ыг барилгын дээврээс зүүгдсэн байсныг татаж гарган аюулгүй болгож цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Усны осол /эрэн хайх, аврах/: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Могойтын дэнж, “Туул голын салаанд 2 иргэн усанд боогдсон тухай дуудлагыг 13:45 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 завьтай ажиллаж, тус дүүргийн харьяат иргэн М /38 настай, эмэгтэй/, Б /20 настай, эрэгтэй/, Э /16 настай, эрэгтэй/ нарыг аварч, аюулгүй газарт гаргасан.

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд иргэн Б /60 настай, эрэгтэй/ усанд боогдсон тухай дуудлагыг 07.26-ны өдрийн 18:00 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 завьтай ажиллаж, иргэн Бо-г аварч, аюулгүй газарт гаргасан.

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “ЮБИ-2” амралтын газраас хойд зүгт 20 метрт Дундговь аймгийн харьяат иргэн Н /49 настай, эрэгтэй/ “Туул” голд живсэн тухай дуудлагыг 07.26-ны өдрийн 11:39 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 75 км замыг туулан 12:40 цагт очиж, осолдсон газраас завьтай 50 км урсаж, 5-6 метрийн гүнд 10 удаагийн шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 22:00 цагт түр зогсоосон. 07.27-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд “Туул” голын салаанд 3 иргэн усанд боогдсон тухай дуудлагыг 07.26-ны өдрийн 18:23 цагт хүлээн авч тус Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 завьтай ажиллаж, Баянгол дүүргийн харьяат иргэн Г /59 настай, эрэгтэй/, Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Б /59 настай, эрэгтэй/, Г /50 настай, эмэгтэй/ нарыг аварч, аюулгүй газарт гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top