1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос 6-11 м/с, борооны өмнө түр зуур 15-17 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 25-30 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүсч, 14-16 градус дулаан байна.
Төлөв байдал: 30-нд нутгийн зүүн хагаст үргэлжилсэн бороо, 31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, 08-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 02-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 30-нд говь, талын нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. 30-нд нутгийн зүүн хагаст, 8-р сарын 02-нд нутгийн баруун хагаст сэрүүн байх боловч бусад хугацаанд дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.28-ны өдрийн 16:33 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км замыг туулан 16:36 цагт очиж, 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 07.28-ны өдрийн 16:43 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 0.7 км замыг туулан 16:46 цагт очиж, 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан.
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 07.28-ны өдрийн 17:31 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 17:36 цагт очиж, 3х5 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
3.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Харганат багийн задгайд тус сумын харьяат иргэн К /19 настай, эмэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ 07.27-ны өдрийн 17:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 07.28-ны өдрийн 01:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн 5 алба хаагч, тус сумын Засаг даргын Тамгын газрын 10 ажилтан, ар гэрийн 18 хүн, нийт 33 хүн, 4 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 13:45 цагт иргэн К-г тус сумын Партизан баг дахь иргэн П-гийн хашаан дотроос /гэрээс нь зүүн урд зүгт 5 км-т/ эсэн мэнд олж, Эмнэлгийн байгууллага болон ар гэрийнхэнд нь шилжүүлэн өгсөн.
Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг багийн “Бадын гүүр” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 10 км-т, аймгийн төвөөс баруун зүгт 265 км-т/ тус сумын харьяат малчин А-гийн хүү У /5 настай, эрэгтэй/ 07.28-ны өдрийн 18:00 цагийн орчим худаг дээрээс гэр рүүгээ харина гэж яваад /худгаас гэр хүртэл 300 метрийн зайтай/ сураггүй алга болсон тухай дуудлагыг 07.28-ны өдрийн 21:38 цагт хүлээн авсан. Тус сумын Цагдаагийн хэсгийн 2 алба хаагч, Засаг даргын Тамгын газрын 14 ажилтан, ар гэрийн 4 хүн, нийт 20 хүн, 5 автомашинтай 22:11 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Усны осол /эрэн хайх/: Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Улаанбаатар-2” амралтын газарт ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль төгссөний 30 жилийн ойг ангийнхантайгаа тэмдэглэж байсан Дундговь аймгийн харьяат иргэн Н /49 настай, эрэгтэй, согтуу/ “Туул” голын усанд сэлж байгаад живсэн тухай дуудлагыг 07.26-ны өдрийн 11:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 алба хаагч, нийслэлийн Аврах ангийн 2 алба хаагч, нийт 12 алба хаагч, 3 автомашин, 2 завьтай 07.28-ны өдрийн 06:00 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлж, “Туул” голын усаар 10 км-т завиар урсаж, 3-4 метрийн гүнд 10 удаагийн шумбалт хийж, мөн өдрийн 14:25 цагт тус дүүргийн 6 дугаар хорооны “Шугуй” гэдэг газраас иргэн Н-ийн цогцсыг “Туул” голын уснаас /осолдсон газраас зүүн урд зүгт 500 метрт, 2 метрийн гүнээс/ олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР