Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Завхан, Увс, Ховд, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр үүлшиж, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх,  Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 19-24 градус, Алтайн өвөр говь, говь болон зүүн аймгуудын нутгаар 31-36 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 7-12 м/с. 29-31 градус дулаан байна.

Төлөв байдал: 4-нд төв болон говийн аймгуудын нутгаар, 5-нд нутгийн зүүн хагаст, 6-нд зүүн аймгуудын нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд зүүн аймгуудын нутаг, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. 4-нд төв болон говийн аймгуудын нутгаар, цаашдаа нутгийн зүүн хагаст сэрүүсч Монгол-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад: Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороонд нярай хүүхэд цоожлогдсон тухай дуудлагыг 08.02-ны өдрийн 16:08 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр 5.5 км зам туулан 16:16 цагт очиход Н /1 настай, эрэгтэй/ гэртээ цоожлогдсон байсныг гаргаж ээж О-д хүлээлгэн өгсөн. 

3.Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хөндлөн хайлааст багийн “Бичигт боомт” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ хээрийн түймэр гарсан тухай мэдээллийг 08.02-ны өдрийн 16:46 цагт хүлээн авсан. Хилийн 0146 дугаар ангийн 8 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 17:15 цагт цурманд оруулж, 19:20 цагт бүрэн унтраасан тухай тус ангийн шуурхай жижүүр, ахмад Ю.Баттулга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Улаан-Ам багийн “Орхоны хүрхрээ”-ний орчимд /сумын төвөөс баруун зүгт 22 км-т/ Хужирт сумын харьяат иргэн Г /60 настай, эрэгтэй/ толгойгоо норгох гэж байгаад усанд осолдсон тухай мэдээллийг 08.02-ны өдрийн 18:44 цагт хүлээн авсан. “Орхоны хүрхрээ”-ний орчимд амарч явсан иргэд тухайн иргэний цогцсыг гаргасан тухай тус сумын ЗДТГ-ын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top