Д.Мөнхжаргал
Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд тохиолддог гамшиг, аюул осол нь бас улирлын чанартай байдаг бололтой юм. Энэ зун хур бороо элбэгтэй сайхан байгаа ч гол, усны осол эндэгдэл цөөнгүй бүртгэгджээ. Үүний талаар мэдээлэл өгнө үү?
-Олон жилийн дундажтай харьцуулахад энэ зун усархаг бороотой, хур тунадас элбэг байна. Цаг уур, орчны шинжилгээний газраас нийт нутгийн 95 хувьд нь зуншлага сайхан боллоо гэж мэдээлсэн. Үүнийг дагаад гол, усны түвшин эрс нэмэгдсэн нь байгаль, экологийн хувьд сайн нөлөөтэй боловч иргэд маань хөдөө гадаа явахдаа нуур, усаа бараадаж амарч тухалж байгаа нь эрсдэл үүсгээд байна. Тэд аялж зугаалж явахдаа сонор сэрэмжээ алдах, хайхрамж болгоомжгүй байдлаасаа шалтгаалан амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал гаргаж байгаа нь харамсалтай. Тухайлбал, он гарсаар улсын хэмжээнд 13 аймгийн 27 сум, нийслэлийн зургаан дүүрэгт усны ослын 72 тохиолдол гарч, 64 хүн амь насаа алдсаны дотор насанд хүрээгүй есөн хүүхэд байгаа юм. Өнөөдрийн байдлаар усны ослын хоёр удаагийн дуудлагаар эрлийн ажлыг зохион байгуулж байна. Хоёулаа Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт хамааралтай. Манай ажилтан, аврагчид 2-3 метрийн гүнд 15-36 удаагийн шумбалт хийгээд байна.
-Энэ бүхэн мэдээж манай ард иргэдийн санамсар болгоомжгүй, хэнэггүй байдлаас л болдог байхаа даа, тийм үү?
-Ер нь голлох шалтгаан нь тийм л байгаа юм. Заримдаа аялж зугаалж яваа хүмүүс, тэр байтугай нутгийн малчин иргэд ч хуучны сайр чулуу, нуга гангад буудаллаж суурьших, адуу малаа бэлчээрлүүлэх зэргээр байж байгаад дуу цахилгаантай, усархаг бороонд цохиулах гээд усны осолд дайрагддаг. Явуулын хүмүүс гол, усны эрэг дээр архидаж, өөрийгөө хянах чадваргүй болчихоод сэрүүцэх гэж усанд ороод осолдож байх жишээтэй.
–Зургадугаар сарын 20-нд усны хор гардаг гэж ярьдаг байж билээ. Үүнтэй холбоотойгоор иргэд ус руу тэмүүлдэг юм болов уу?
-Тэр ч одоо нэг их хамааралгүй болсон шиг байна. Зуны эхэн сар болгодог ч юмуу үгүй юү, манай иргэд жаахан халууцахаараа л чадсан чадаагүй, болсон болоогүй гол ус бараадаад явчихдаг. Хожмын хор уршиг, хохирлыг боддоггүй нь өөртөө ч төвөгтэй, өрөөлд ч хүндрэл учруулдаг нь харамсалтай. Түүнээс наана гол мөрний мөс нимгэрч, даац нь багассан үед зам харгуй товчлох, мал сүргээ туух зэргээр усанд осолдож эндэх нь цөөнгүй байдаг.
-Танай албанаас завьтай эргүүл хийдэг болоод удаж байна. Хэр үр дүнтэй байна вэ?
-Энэ онд ОБЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу зургадугаар сарын 3-наас завьт эргүүлийг ажиллуулсан. Бид байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх ажлыг тухайн цаг үед нь нэлээд идэвхтэй явуулдаг. Тухайлбал, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааг гуравдугаар сард эхэлдэгтэйгээ адил завьт эргүүлийг есдүгээр сарын дунд үе хүртэл ажиллуулна. Усны осол гамшиг бол маш хурдан хугацаанд болдог онцлогтой. Тиймээс аль болох ойр байж, осол гамшгийн үед яаралтай тусламж дэмжлэг үзүүлж, иргэдийнхээ амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах нь бидний зорилго шүү дээ. Тэр хооронд манай ажилтнууд ус голд ойр байгаа иргэдэд заавар зөвлөгөө өгөх, аюул ослоос урьдчилан сэргийлэх сурталчилгаа хийх зэргээр байнга л ажиллаж байдаг юм. Зарим тохиолдолд цагдаагийн ажилтан, албан хаагчидтайгаа хамт явж, ажил үүргээ гүйцэтгэж байна.
-Үер, гол усны аюулын үед ажиллах хүн хүч, машин техникийн хангамж хэр байдаг юм бэ?
-Манай албыг иргэд шууд тусламж, аврагч талаас нь хараад үнэлдэг боловч урьдчилан сэргийлэх, аюул ослоос болгоомжлох үүднээс соргог хүлээж авдаггүй юм шиг байдаг. Ер нь Онцгой байдлын албаны үндсэн чиг үүргийн 70 хувь нь урьдчилан сэргийлэх ажил байгаа юм. Дэлхий нийтийн олон улс үүнийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэхдээ л аюул осол тохиолдсон нөхцөлд иргэддээ аль болох хурдан очиж, аврах хамгаалах ажлыг хийх нь бидний үүргийн гол цөм гэж хэлж болно.
Улсын хэмжээнд 100 хувь хүний нөөц, машин техникээ бүрдүүлчихсэн гэж хэлэх нь арай хэтийдсэн дүгнэлт болох байх. Одоо Орост болж байгаа гал түймрийн аюулыг хар л даа. Техник технологи хөгжчихсөн, дэлхийн тэргүүлэх гүрэн боловч гал усны аюул гамшгийн өмнө бас л хүчин мөхсөдөж л байгаа биз дээ. Гэхдээ сүүлийн үед манай онцгой байдлын байгууллага хүн хүч, анги салбараа нэмэгдүүлж, техник тоног төхөөрөмжөө шинэчилж, паркаа өргөжүүлж байна.
-Оросын урд нутгаар гарсан гал түймэр овоо намдсан, унтраасан юм болов уу. Манай тэнгэр сайхан цэлмэг байх чинь?
-Том улс, их гүрэн гэдэг өөр л дөө. Ямартай ч түймрээ унтрааж байх шиг байна. Хил дамнаад манай нутаг дэвсгэр рүү орж ирвэл бид бас л ажиллана л даа. 2013 онд Оросоос нааш орж ирсэн, хил дамнасан түймрийг унтраахад манай онцгойгийнхон оролцож, гурав хоногийн дотор цурманд оруулж л байлаа. Ер нь Хөвсгөл, Сэлэнгэ, Булган зэрэг ой мод ихтэй газарт хил дамнасан гал түймэр гарвал хэрхэн ажиллах талаар ОХУ-тай хийсэн гэрээ хэлэлцээ, ажлын удирдамж байдаг юм.
-Яг одоо Онцгой байдлынхны анхаарлыг татаж байгаа асуудал нь гол усны осол байна. Гол шалтгаан нь юу байдаг юм бол. Ойрын үед цаг агаар ямар байх төлөвтэй байна вэ?
-Энэ нь ердөө л иргэдийн анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдал, хүүхэд багачуудад тавих хараа хяналт суларсан, томчууд нь согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн зэргээс үүдэлтэй. Тиймээс гол мөрөн, нуур усны ойролцоо амарч зугаалахдаа сонор сэрэмжтэй байх, нэг нь нөгөөдөө хяналт тавих, хүүхдүүдээ гол усны эргээс хол байлгах, баталгаатай гүүр, гарам гарцтай газраар автомашинтай зорчих гээд хэдхэн зүйлийг баримталчихвал усны аюул ослоос сэргийлж болмоор байгаа юм.
Цаг уур, орчны шинжилгээний газраас авсан мэдээллээр наймдугаар сард Увс аймгийн зүүн, Завханы хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, Архангай, Өвөрхангай аймгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджийн орчим бороо орох төлөвтэй байна. Маргааш болон энэ сарын 8, 9-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно гэж мэдээлсэн.
Эх сурвалж: Монголын үнэн сонин 2019.08.06