Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр болон нутгийн удирдлагууд энэ сарын 05-нд Дорнод аймгийн Халхгол суманд хэрэгжиж буй “Шинэ сум” бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.
“Шинэ сум” бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Халхгол сумын Засаг даргын тамгын газрын барилга, 250 хүний суудалтай соёлын төв, 20 ортой эмнэлэг, 650 хүүхдийн дунд сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн дотуур байр, спорт заал зэрэг 11 байгууламж барьж буй юм.
Түүнчлэн дэд бүтэц, ариун цэврийн байгууламжийг бүрэн шийдэж, сумын орон сууц, аж ахуй нэгжийн барилгыг дулаанаар хангах гурван уурын зуух шинээр барьж байна.
Улаанбаатар хотоос 1000 гаруй км зайтай Халхгол суманд газар тариаланг хөгжүүлж, хөрш зэргэлдээ улс, хот руу бүтээгдэхүүн гаргах боломж бий. Тухайлбал орон нутагт боловсруулах үйлдвэр барих зэргээр төрөөс бодлогоор дэмжих шаардлагатай гэж үзэж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.