1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Баян-Өлгий, Дорнод, Говь-Алтай, Өмнөговь, Сүхбаатар, Завхан, Хөвсгөл аймгуудын зарим газраар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болон говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун хойноос 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн төв хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 градус, Их нууруудын хотгор болон Алтай өвөр говиор 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Бороо орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүсч, 19-21 градус дулаан байна.
Төлөв байдал: 9-нд нутгийн зүүн хагаст, 10-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгаар, 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгаар, 12-нд төв, болон зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 10-нд Алтайн салбар уулсаар, 11-нд нутгийн төв хэсгээр, 12-нд зарим нутгаар 15-17 м/с, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. 10-нд нутгийн баруун хэсгээр, 11 нутгийн төв хэсгээр, 12-нд нутгийн зүүн хэсгээр дулаарна. Бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
2.Гал түймэр:
Объектын түймэр: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны 15 дугаар байранд хүнсний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 08.07-ны өдрийн 05:55 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км замыг туулан 06:01 цагт очиж, иргэн Л-ын эзэмшлийн “Цоглог” 8 нэрийн хүнсний дэлгүүрийн 5х7 метрийн хэмжээтэй өрөөний тусгаарлагч модон хана шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянгол дүүргин 1 дүгээр хорооны 3 дугаар байрны автомашины зогсоол дээр суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.07-ны өдрийн 06:45 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 06:51 цагт очиж, иргэн Э-ын эзэмшлийн “Соната-6” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, “Шархад”-ны автобусны эцсийн буудлын дэргэд, автозамын зорчих хэсэгт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.07-ны өдрийн 15:18 цагт / хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7 км замыг туулан 15:29 цагт очиж, иргэн А-ийн жолоодож явсан “Грандэур” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх багийн 36 дугаар гудамжинд 0 Иргэн А-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.08-ны өдрийн 00:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3.9 км замыг туулан 00:52 цагт очиж, 7х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.
3.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:
Аянга: Увс аймгийн Тэс сумын Цагаантолгой багийн “Тарвагатай” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 180 км-т, сумын төвөөс баруун зүгт 20 км-т/ 08.06-ны өдрийн 11:00 цагийн орчим дуу цахилгаантай түр зуурын бороо орсны улмаас тус сумын харьяат малчин Б-ын бэлчээрт явсан 11 үхэр аянганд ниргүүлж хорогдсон тухай мэдээллийг тус сумын Цагаантолгой багийн харьяат малчин О аймгийн Онцгой байдлын газарт 08.07-ны өдрийн 20:10 цагт мэдээлсэн. Мэдээллийн дагуу ажлын хэсэг 08.08-ны өдөр тухайн газарт очиж ажиллахаар шийдвэрлэсэн тухай тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Буяндалай аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.
Үер: Увс аймгийн Улаангом сумын 9,12 дугаар багт 08.06-ны өдөр орсон усархаг борооны улмаас уулнаас үер бууж, тус сумын 9,12 дугаар багийн айл, өрхүүд үерийн усанд бүрэн автаж болзошгүй байна гэсэн мэдээллийг 08.07-ны өдрийн 09:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 алба хаагч, 5 автомашин, тус сумын Засаг даргын Тамгын газрын 17 албан хаагч, 4 автомашин, мэргэжлийн ангийн 15 ажилтан, 7 автомашин, орон нутгийн 65 иргэн, нийт 133 хүн, 16 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 6 айлын гэр, эд хогшлыг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж, 250 метрийн урттай шороон даланг (2 метрийн өргөн, 1.5 метрийн өндөртэй) сэргээн засварлан үерийн усыг гадагшлуулж, аюулгүй болгосон.
Мэдээлэл /Усанд автсан тухай/: Баянхонгор аймгийн Жаргалант сумын Хөндлөн булаг багийн “Хүрээний буйр” гэдэг газар /Аймгийн төвөөс баруун хойд зүгт 158 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 35 км-т/ 08.07-ны өдрийн 17:00-18:00 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас тухайн газарт алт олборлох үйл ажиллагаа явуулдаг “Оргил моунт” ХХК-ийн эзэмшлийн “Тэгшийн-Ам” уурхайн тогтоол усны далан сэтэрч 3 өрхийн 4 гэр (тус сумын харьяат малчин Л-ийн 5 ханатай 1 гэр, 4 ханатай 1 гэр, малчин Э-ийн 5 ханатай 1 гэр, малчин З-ын 5 ханатай 1 гэр) усанд автсан тухай мэдээллийг 17:57 цагт хүлээн авсан. Мэдээллийн дагуу ажлын хэсэг (тус сумын Засаг даргын Тамгын газрын 3 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 7 иргэн) 08.07-ны өдрийн 21:10 цагт очиж, 3 өрхийн гэр, эд хогшлыг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Өндрөөс аврах: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн 135 дугаар байрны 6 давхар барилгын 3 дугаар давхрын 12 тоотын цонхны тавцан дээрээс бага насны хүүхэд унах гэж байна гэсэн дуудлагыг 08.07-ны өдрийн 11:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 11:55 цагт очиж, Э /4 настай, эрэгтэй, эцэг, эх нь гэрт цоожилж явсан/ цонхны тавцан дээрээ хөлөө унжуулан сууж байсныг сунадаг шат ашиглан эсэн мэнд буулгаж, ар гэрийнхэн болон цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Усны осол /эрэн хайх/: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Хэрлэнгийн гүүр” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 1 км-т/ 4 хүн зугаалж явснаас нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат /44 настай, эрэгтэй/ 08.03-ны өдрийн 14:40 цагийн орчим “Хэрлэн” голын усанд живсэн тухай дуудлагыг 08.03-ны өдрийн 14:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, 1 автомашин, 1 завь, Үндэсний аврах бригадын 8 алба хаагч, 1 автомашин, 1 завь, нийт 17 алба хаагч, 2 автомашин, 2 завьтайгаар 08.07-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн. 08.07-ны өдрийн байдлаар осолдсон газраас зүүн урд зүгт 47 км-т “Хэрлэн” гол дагуу явганаар болон завьтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2-3 метрийн гүнд 69 удаа шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:00 цагт түр зогсоосон. 08.08-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Хэнтий аймгийн Хэрлэн сум 1 дүгээр багийн “Ногоо бригад” гэдэг газар /аймгаас урд зүгт 9 км-т/ тус сумын харьяат Б/48 настай, эрэгтэй/ 08.04-ний өдрийн 12:15 цагийн орчим ногоо усалдаг усалгааны системийн хоолойг “Хэрлэн” голын уснаас гаргах гэж байгаад унаж, живсэн тухай дуудлагыг 08.04-ний өдрийн 12:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашин, 1 завь, Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашин, 1 завь, нийт 12 алба хаагч, 2 автомашин, 2 завьтайгаар 08.07-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн. 08.07-ны өдрийн байдлаар осолдсон газраас зүүн урд зүгт 26 км-т “Хэрлэн” гол дагуу явганаар болон завьтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 14:40 цагт тус аймгийн Баянхутаг сумын Жаргалант багийн “Дааган дэл” уул, “Цантын хошуу” гэдэг газрын заагт “Хэрлэн” голын эргээс /осолдсон газраас зүүн урд зүгт 26 км-т/ иргэн Б-ийн цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Увс аймгийн Малчин сумын Баянхайрхан багийн “Хяргас” нуур гэдэг газар /Аймгийн төвөөс зүүн урд зүгт 135 км-т, сумын төвөөс урд зүгт 45 км-т/ 13 хүн амарч явснаас тус аймгийн Зүүнговь сумын Зэл багийн харьяат иргэн Ж /80 настай, эмэгтэй/ 08.07-ны өдрийн 04:00 цагийн орчим хоноглож байсан майхнаасаа гарч яваад сураггүй алга болсон, “Хяргас” нуурын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 08.07-ны 08:46 цагт хүлээн авсан. “Хяргас” нуурын эргийн хамгаалалтанд үүрэг гүйцэтгэж байсан тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 3 алба хаагч, 1 автомашин, 1 завь, Цагдаагийн газрын 2 алба хаагч, 1 автомашин, нийт 5 алба хаагч, 2 автомашин, 1 завьтай ажиллаж, мөн өдрийн 09:22 цагт “Хяргас” нуурын зүүн урд эргийн усан дотроос /нуурын эргээс 2 метрийн зайд 1 метрийн гүнээс/ цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР