Б.ЭНХЗАЯА
Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгчийн зарлигаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахлах дэслэгч Х.Мөнхбат “Үйлчилгээний гавьяат ажилтан цол”-оор шагнуулсан юм. Ахлах дэслэгч Х.Мөнхбат Онцгой байдлын байгууллагаас төрсөн долоо дахь гавьяат буюу энгийн аврагчаас төрсөн хоёр дахь залуу гавьяат болсон билээ. Түүнтэй хүнд, ноцтой аврах ажиллагаанууд болон албаных нь талаар ярилцлаа.
-Онцгой байдлын албаны цөөхөн гавьяатуудын эгнээнд нэгдсэн танд баяр хүргэе. Орон нутгаас төрж байгаа анхны гавьяат цолтон болжээ?
-Баярлалаа. Монголын төр, ард түмнийхээ хайр хишгийг хүртэж “Үйлчилгээний гавьяат ажилтан” гэсэн нэр хүндтэй цол тэмдгийг авсандаа маш их баяртай байна.
-Онцгой байдлын албанд хэзээ орж байв?
-Би Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Ж.Хөх-Өвгөн гэдэг хүний ес дэх хүүхэд болж төрсөн. Мөрөн сумаасаа ажил албаныхаа гарааг эхэлсэн. Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах отрядад аврагч усчнаар 2008 онд орж 11 дэх жилдээ ажиллаж байна. Өмнө нь Зэвсэгт хүчинд ажиллаж байлаа. Төрийн албанд 16 дахь жилдээ ажиллаж байна. Миний хувьд аврах ажиллагаанд маш олон удаа оролцож байсан. Ус, аваар осол, үер, эрэл хайгуул, ган зуд, өвчин тахал гэх мэт.
-Онцгой байдлынхны хувьд Хөвсгөл аймаг онцлог газар нутаг болов уу. Аялал жуулчлалын бүс нутаг учраас хүн амын хөдөлгөөн ихтэй биз?
-Далай ээж гэж бидний хүндэлж дээдэлдэг Хөвсгөл нуур, түүнийг тойрсон маш олон нуур цөөрөм, гол горхи, өндөр хорьдол сарьдаг, гүн ойтой. Аялал жуулчлалын төв бүс нутаг гэдэг утгаараа зорчих иргэд маш олон. Үүнийг дагаад янз бүрийн осол аваар тасардаггүй. Ялангуяа усны осол их гардаг.
-Таны оролцсон аврах ажиллагаануудаас нэлээд хэдэн жилийн өмнө Хөвсгөл нуурт живсэн “НИК” компанийн шатахуун ачсан хоёр автомашины ослыг албаныхан онцолдог юм билээ. Тэр ослын талаар тодруулахгүй юу?
-Намайг энэ шагналыг авахад түлхэц болсон аврах ажиллагаа тэр болов уу. 2011 оны хоёрдугаар сарын 8-нд “НИК” компанийн шатахуун ачиж явсан хоёр “Урал” автомашин Хөвсгөл нуурт цөмөрч осолдсон. Дуудлага 9-ний өглөө манайд ирсэн байсан. Машин жолоодож явсан хоёр жолооч амьд гарсан, харин нэг туслах жолооч нь гарч чадаагүй осолдсон байсан. Аврах багийн 10 гаруй албан хаагч ослын газрыг зорьж очин цагийн байдлыг үнэлж, цооног гарган шумбалт хийсэн.
-Хөвсгөл нуур Монголын хамгийн гүн нуур гэдэг. Аврах ажиллагаа хэр хугацаанд өрнөсөн бол?
-Машиныг 47 метрийн гүнээс олсон. Усны аврах ажиллагаа тийм ч амар биш. Хэд, хэдэн удаа шумбалт хийнэ.
Багаж, хэрэгсэл маань тэр их хүйтэн усанд хөлдчихнө. Буцаж гарч ирээд дахиж орно. Тэр олон шумбалтын дараа байршлаа тогтооно. Дараа нь дахин шумбалт хийж буцалтгүй нэрвэгдэгч /нас барсан хүн/-ийг авч гарч ирнэ. Машин осолдсон газар нь нуурын эргээсээ 220 орчим метрийн зайд байсан. Мөсний зузаан нэг метр 20 см. Тийм зузаантай мөсийг эрэг хүртэл нь гудамлаж цоолж, машинаа татаж гаргасан. Аврах ажиллагаа 14 орчим хоног үргэлжилсэн байх.
-Анхны аврах ажиллагаагаа санаж байна уу?
-Мөрөнтэй ойрхон Дэлгэрмөрөн голд хүний цогцос байна гэсэн дуудлагад шинэ цэрэг очиж байлаа. Олон жилийн турш сураггүй болчихсон хүн элсэнд дарагдаад хувцас нь цухуйж байхыг нутгийнхан олж хараад манайд дуудлага өгсөн юм билээ. Олон жилийн дараа олдож байгаа болохоор хувцсан дотор яс голдуу л байсан. Түүний дараахан бас нэг усны дуудлагаар явсан. Хамгийн анх хүний цогцсыг тэгэхэд харж байлаа. Тэр үед хальт айдас төрөөд л. Харин олон жил ажилласан аврагч ах нар “Бурхан болсон хүнээс битгий ай, ямар ч гэм хийхгүй” гэж тайвшруулж байсан. Мэдээж бид улс эх орон, ард түмнийхээ төлөө амь биеэ үл хайрлан зүтгэнэ гээд тангараг өргөчихсөн хүмүүс тангарагтаа үнэнч байхаас аргагүй. Түүнээс хойш ч их юм үзэж дээ.
-Осолдсон хүний ар гэрт муу мэдээ дуулгах, дэргэд нь аврах ажиллагаа явуулахад бас л амаргүй байдаг болов уу?
-Хэцүү. Хүнээ алдчихсан хүн маш их уй гашууд автаж, сэтгэл санааны тогтворгүй байдалд байдаг. Аврах ажиллагаа явуулж байхад дэргэд хүн орилж чарлаад байхад бидний сэтгэл санаанд ч багагүй нөлөөлдөг. Тийм үед өөрсдийгөө зоригжуулахаас гадна ар гэрийн хүмүүсийг ч тайвшруулж, хараа хяналттай байх ёстой байдаг. Эс тэгвэл хүнээ алдсан хүн чинь “Би үхчихье” гээд ослын газар руу өөрөө орчихдог тохиолдол бий.
-Аврах ажиллаагаанаас хүнээ эсэн мэнд гаргаж чадвал хамгийн сайхан биз?
-Мэдээж тэгэлгүй яахав.Нэг удаа бага насны хүүхэд Дэлгэрмөрөн голд урслаа гэсэн дуудлага ирсэн. Аймгийн төвийн хажуугаар урсдаг болохоор манай аврах бүлэг цаг алдалгүй очиж хүүхдийг урсаж байхад доороос нь тосч барьж авсан. Гурван настай хүүхэд байсан. Хүүхдийг гаргаж ирээд доош харуулан усыг нь гаргахад гэнэт уйлаад ухаан орж билээ. Бид тийм сайхан буянлаг аврах дуудлагад очихоороо өөрсдөө ч их урамшиж, зоригжино. Ер нь 9-10 хоног удаан хугацаагаар хайсан хүнийг амь эрсэдсэн байсан ч цогцсыг нь олохдоо бид маш их баярладаг. Хүнээ олсон бол бидний зорилго биелж байгаа хэрэг. Ар гэрийнхнийх нь ч сэтгэлийг амраана. Олохгүй, ажиллагаа маань бүтэхгүй болсон тохиолдлууд байдаг. Тийм ослууд гунигламаар ч юм шиг, сэтгэл шаналгах үе бий.
-Өнгөрсөн жил гадаадын хоёр хос Мөрөнд аялж яваад сураггүй болсон байдаг. Тэдний эрэн хайх ажиллагаа юу болсон юм бол?
-БНХАУ-ын хоёр иргэн аяллаар явж байгаад сураггүй болсон. Сар гаруй хайгаад олоогүй. Ямар ч сураг ажиг гараагүй. Иймэрхүү олдоогүй эрэл байдаг.
-Та Онцгой байдлын албанд багагүй хугацаанд ажиллажээ. Энэ хугацаанд шантрах үе гарч байв уу?
-Хэцүү байсан үе бол бий. Олон цагаар ус руу шумбаж, түймэр дунд явах зэргээр амар дуудлага гэж байдаггүй. Тэр дундаа усны аврах ажиллагаа маш нарийн, хүнд. Ялангуяа өвлийн улиралд усны гүнд бол бүр хэцүү. Усны багаж хэрэгсэл маань өвлийн хүйтэнд усан дотор хөлдөх тохиолдол гарна. Манайх угаас эрс тэс уур амьсгалтай. Хөвсгөлд маш их хүйтэрдэг.
-Яг тийм нөхцөлд амь тэмцэж байсан үе байдаг уу. Хүн л юм чинь?
-“НИК” компанийн шатахуун ачсан автомшины осол дээр тийм үетэй тулгарч байсан. Буцалтгүй нэрвэгдэгчээ 47 метрийн гүнээс авч гарч ирэхээр шумбалт хийсэн. Яг тэр явцад амьсгал маань хөлдчихсөн. Бараг л буцалтгүй нэрвэгдэгчтэйгээ цуг явчих дөхсөн. Мэдээж тухайн үед аврах ажиллагааг би ганцаараа гүйцэтгээгүй. Дээр манай багийн хамт олон байсан. Би тэдэнд өөрийнхөө амь насыг даатгачихсан байгаа учраас тэдэндээ итгэж байлаа. Ер нь аврах ажиллагаа гэдэг аврагчид нэг нэгэндээ итгэсэн итгэлцэл дээр л амжилттай явагддаг.
-Амьсгалын аппарат тань хөлдчихсөн хэрэг үү?
-Тийм. Очих газартаа хүрэхээс өмнө хөлдчихсөн. Тэр их даралттай хүйтэн усанд халуун амьсгал хоёр харшилдаад амьсгалын төхөөрөмж хөлдчихсөн. Тэгээд бодсон. Олон хоногийн турш аврах ажиллагаа явууллаа. Одоо л буцалтгүй нэрвэгдэгчээ гаргах ёстой. Дээр хамт олон маань байгаа. Намайг ямар нөхцөлд байгааг тэд хамгийн сайн мэдэж байгаа гэж бодоод цааш шумбасан даа. Хүнээ алдаж магадгүй гээд өөрөөсөө холбоод дээш сэлэх гэтэл болдоггүй. Буцалтгүй нэрвэгдэгч маань машиныхаа дээврийн төмөрнөөс барьсан чигээрээ хөшчихсөн байсан. Тэгээд ноцолдож байж мулталж аваад мандал руугаа сэлсэн. Тэр хооронд амьсгал байхгүй, амь тэмцэж таарна биз дээ. Эцсийн мөчид хүний өнгөрсөн амьдрал нүдний өмнүүр зурсхийдэг гэдэг үг үнэхээр үнэн юм билээ. Бүх амьдрал маань нүдний өмнүүр зурсхийж ухаан орж гараад л байлаа. Гэтэл яг тэр үед миний хоёр охин усан дээрээс тонгойгоод “Аав аа, нааш ир” гээд даллаад байсан. Ухаан ороход хар саарал усан дотор ямар ч амьсгал байхгүй дээшээ өгсөж явлаа. Тэгээд л би яасан ч үхэхгүй, гарах ёстой гээд хамаг хүчээрээ сэлсээр амьд гарсан даа.
-Үнэхээр эгзэгтэй юм. Ийм албаараа бахархах үе бас олон биз?
-Энэ албаар бахархахгүй албан хаагч гэж байхгүй. Онцгой байдлын албан хаагч гэж бахархахаас ч аргагүй тийм сайхан алба. Бидний хийж байгаа үйлс бол цав цагаан. Дандаа буян болдог. Эх орон, ард түмнийхээ төлөө гэсэн сэтгэл өвөрлөж алтан амиараа дэнчин тавьж ажилладаг. Тиймээс энэ албандаа хайртай байхаас аргагүй.
-Та айлын ес дэх хүүхэд гэсэн. Ижий, аав, гэр бүлээ танилцуулаач?
-Аав маань бурхны оронд одоод удаагүй байна. Хүүгээ хараад баярлаж байгаа байх аа. Миний аав Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат. СТА цолтой, бүжигчин хүн байлаа. Ээж маань Я.Туяа гэж Тосонцэнгэл сумын харьяат хүн. Хэвлэх үйлдвэрт олон жил ажилласан. Би эхээс 10-уулаа. Сүүлийн хоёр нь ихэр. Нөгөө ихэр маань эмэгтэй учраас би ах нь гэж явдаг. Ханийг маань Т.Одгэрэл гэдэг. Хөвсгөл аймгийн Зооноз, өвчин судлалын төвд ариутгагч хийдэг, хоёр охинтой.
-Сүүлийн асуултаа асууя. Онцгой байдлын “Үйлчилгээний гавьяат ажилтан” цол тэмдгийг Төрийн тэргүүнээс гардаж байхад танд юу бодогдож байв?
-Үнэхээр сайхан байлаа. Монгол Улсын төр намайг биш энэ албаны нийт албан хаагчдыг шагнасан гэж бодож байгаа. Энэ их хайр энэрлийг алдахгүй дааж явахын төлөө, маш их харуцлагыг алдахгүйн төлөө бүх хүч чадлаа дайчлан ажиллана. Өшөө олон сайхан усчин аврагч төрүүлэхийг хичээнэ ээ. Аврах ажиллагаанд хамт үүрэг гүйцэтгэж явсан бүх албан хаагчдадаа баярлалаа гэж хэлье. Тэдний маань хөлс хүч, хөдөлмөр миний энгэрт хадаастай байна даа. Та бүхэн бүгд гавьяат шүү.
Эх сурвалж: Өдрийн сонин 2019.07.23