“Дорнод сонин”
Онцгой байдлын ерөнхий газраас Гамшгаас хамгаалах команд штабын сургалтыг Дорнод аймагт 2015 оны 09 дүгээр сарын 14-18-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Тус сургуулийн удирдагчаар ажиллаж байгаа ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаярын “Дорнод” сонинд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
– Дорнод аймагт гамшгаас хамгаалах томоохон хэмжээний сургалтыг зохион байгуулах гэж байна. Энэхүү сургалтынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх үү?
– Онцгой байдлын ерөнхий газраас жилдээ хоёроос гурван аймагт гамшгаас хамгаалах команд штабын сургалт, хоёр аймагт гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтыг явуулдаг. Энэ сургалтын зохион байгуулах хэд хэдэн үндэслэл байна. Гамшгаас хамгаалах тухай хуулиар улс орны хэмжээнд гамшгаас хамгаалах сургалтыг зохион байгуулах тухай Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхэд тусгагдсан байдаг. Мөн хуулийн 26-р зүйлд бүх шатны Засаг дарга нарын бүрэн эрхийнхээ хүрээнд орон нутгийнхаа түвшинд гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийг байгуулах, сургаж, дадлагжуулах заалт байдаг. Энэ хоёр хуулийн заалтын хүрээнд дээрх сургалтуудыг зохион байгуулдаг. Энэ удаад бид команд штабын сургалтыг Дорнод аймагт зохион байгуулах гэж байна.
– Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалт, команд штабын сургалт хоёрын ялгаа нь юундаа байдаг юм бол?
– Гамшгаас хамгаалах олон нийтийн сургалт бол төрийн захиргааны байгууллагууд болон хувийн хэвшил, аж ахуй нэгж, иргэд гээд бүх салбар хамрагддаг иж бүрэн сургалт байдаг. Харин команд штабын сургалт бол зөвхөн орон нутгийн болоод байгууллагуудын удирдлагын түвшинд явагддагаараа онцлогтой. Яагаад зөвхөн удирдлагуудад сургалт явуулах гээд байна гэхээр аливаа болзошгүй гамшиг осол тохиолдсон үед удирдлагын зүгээс ямар арга хэмжээ авах, бие бялдар хийгээд сэтгэл санааны бэлэн байдал гээд олон хүчин зүйл чухал байдаг. Эдгээрт бэлэн байлгах үүднээс онолын болоод, практик хосолсон сургалтыг явуулж шалгах юм. Орон нутаг, байгууллага, аж ахуйн нэгжийн удирлагын шийдвэр асар олон хүний амь амьдрал, аюулгүй байдалд нөлөөлдөг учраас эдгээр хүмүүс маш өндөр түвшний бэлтгэлтэй байх ёстой. Энэ утгаараа удирдлагын багт чиглэсэн сургалт юм.
– Тэгэхээр сургалт нэлээд өргөн хэмжээтэй явагдах юм байна гэж ойлголоо. Бүх албан байгууллага, төрийн байгууллагууд, сум орон нутгийн удирдлагууд оролцох уу?
– Тэгнэ. Аймаг сум, агентлаг хэлтсийн удирдлага, тэр ч байтугай сургууль цэцэрлэгийн захирал, эрхлэгч нар ч оролцоно.
– Гамшгаас урьдчилан сэргийлэх газар байгуулагдаад удаагүй шинэхэн байгууллага гэж сонссон. Ажлынхаа чиг үүргийн талаар тайлбарлаач?
– Онцгой байдлын ерѳнхий газар энэ оны эхэнд Гамшгаас урьдчилан сэргийлэх газрыг шинээр байгуулсан. Арав гаруй жилийн ѳмнѳ Монгол Улс төдийгүй дэлхий нийт гамшгаас хамгаалах менежментийнхээ хувьд ихэвчлэн гамшгийн хор уршгийг арилгах чиглэлээр ѳртѳг ихтэй менежментийг хэрэгжүүлдэг байсан. Харин сүүлийн үед дэлхий нийтээр ѳртѳг ихтэй менежментээс илүү урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах асуудал чухал гэдгийг ойлгож эхэллээ.Өөрөөр хэлбэл, арван жилийн тэртээ гамшгаас урьдчилан сэргийлэхэд зарцуулсан нэг доллар гамшгийн дараах гурван доллартай тэнцдэг гэж ярьдаг байсан. Харин одоо бол урьдчилан сэргийлэхэд зарцуулсан нэг доллар гамшгийн хор уршгийг арилгахад зарцуулах 15 доллартай тэнцдэг болсон гэх Оросын эрдэмтний судалгаа байдаг. Тэгэхээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ ямар ач холбогдолтой гэдгийг гамшиг судлаач, олон улсын байгууллагуудаас гаргаж байгаа дээрх судалгаанаас харж болно. Тиймээс Онцгой байдлын ерѳнхий газар нэгдүгээрт, гамшгаас хамгаалах менежментийг боловсронгуй болгох, хоёрдугаарт, олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор урьдчилан сэргийлэх ажлаа тэргүүлэх чиглэлд тавьж энэ газрыг байгуулсан.
– Тэгэхээр урьдчилан сэргийлэхийн тулд сургалтаар аливаа гамшгаас хамгаалах менежмент болоод арга зүйн сургалтуудыг түлхүү явуулах нь үр дүнтэй гэж ойлгогдож байна?
– Тэгэлгүй яахав. Урьдчилан сэргийлэх ажлын цѳм нь сургалт байдаг. Онцгой байдлын ерѳнхий газраас гамшгаас хамгаалах хуулиар заасны дагуу таван ангиллын сургалтыг зохион байгуулж байгаа. Энэ нь удирдах албан тушаалтан, мэргэжлийн анги, аврах салбарын, оюутан сурагчийн, ажилтны, ард иргэдийн гэсэн зааг ялгаатай юм. Гамшгаас урьдчилан сэргийлэх газар байгууллагдсанаас хойш албан хаагчийг сургах, чадваржуулах нэлээдгүй сургалтыг хийсэн. Жишээлбэл, удирдах албан тушаалтны, эмч, эмнэлгийн зааварлагчийн, гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтний, хүний нөөц, дотоод ажил хариуцсан ажилтны, аврах, гал унтраах ангийн захирагчийн гэх мэт сургалт, семинарыг зохион байгууллаа.
– Энэ жил өөр ямар томоохон сургалтууд болох вэ?
– ОБЕГ-аас орон нутагт зохион байгуулдаг томоохон сургалт, нэгдсэн арга хэмжээ бол гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль байдаг. Энэ жил Ѳвѳрхангай аймагт гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, Дархан-Уул аймагт удирдах албан тушаалтны команд штабын сургуулийг зохион байгууллаа. Энэ жил таван том сургалт явуулах ёстой. Үлдсэн сургалтыг намар зохион байгуулна. Жилээс жилд орон нутаг явуулдаг сургалтынхаа арга барилыг өөрчилж, хүний хэрэгцээ шаардлагад нийцсэн практик талын сургалтыг явуулахыг зорьж, ажиллаж байгаа.
– Сургалтаас гадна дэлхий нийт гамшигтай тэмцэх ямар агуулга руу чиглэж байна вэ?
– Энд би сургалтын талаар нэлээдгүй ярилаа. Ингээд яриад байвал их зүйл байна. Ямар агуулгаар яриад байгаа нь гамшигтай тэмцэх ганц боломж нь сайн бэлтгэгдсэн төрийн байгууллага, иргэн байх хэрэгтэй байна. Ер нь мэдлэгтэй, чадвартай, ёсзүйтэй иргэнтэй болмоор байна. Гамшгаас урьдчилан сэргийлэх сургалтын арга барил нь хѳгжсѳн улс орны тэргүүний туршлагыг бид хуулбарлан авч нэвтрүүлэх хэрэгтэй.
Цаашдаа урьдчилан сэргийлэх ажлын үр ѳгѳѳж, арга хэлбэр, шалтгаан нөхцөл рүү нь анхаармаар байна. Ѳнгѳрсѳн гуравдугаар сард Япон улсад болсон дэлхийн гамшгийн аюулыг бууруулах бага хурлын үеэр гамшгийн эрсдэлийг бууруулах талаар таван том асуудлуудыг дэвшүүлсэн. Дэлхий нийтийн туршлага, жишгээс харахад гамшиг гарсан үед хөрөнгө мѳнгѳ үрэхээс илүү гамшиг бий болгох эрсдэл, хүчин зүйл нь юу гэдгийг ойлгох шаардлагатай болчихоод байна. Өөрөөр хэлбэл эрсдэлийг бууруулах хүчин зүйл нь мэдлэг боловсрол байна уу, эдийн засаг, дэд бүтэц, зам барилга нь байна уу, тогтолцоо байна уу гэдэг олон асуудал руу дэлхий нийт чиглэж байна.
– Манай аймгийн хувьд тал хээрийн бүс нутаг учраас гал түймрийн аюул ихээр тохиолддог онцлогтой. Энэ тал дээр мэргэжлийн хүний хувьд ямар зөвлөгөө өгмөөр байна?
– Зүүн аймгуудад гарсан түймрийн эзэн шалтгаантай холбоотой судалгааг Гамшиг судлалын хүрээлэнгээр хийлгэсэн. Судалгаанаас харахад үнс нурмаа унтраагаагүй, тамхины ишээ аюулгүй болгож хаяагүй, машиндаа оч баригчгүй явсан зэрэг дийлэнх нь хүний буруутай үйл ажиллагаанаас холбоотой түймэр гарсан байгаа юм. Уг нь ой, хээрийн түймэр, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар Онцгой байдлын еренхий газар, Улсын онцгой комисс, орон нутгийн онцгой байдлын байгууллагаас шат шатны байгууллагад нь албан даалгавар өгч, ард иргэд рүү хандсан сэрэмжлүүлэг мэдээ маш их хүргэсэн. Даанч иргэд хариуцлагагүй, хэнэггүйгээс болж, амь насаа алдаж, эд хөрөнгөөрөө хохирч байна. Түймрийн улирал эхэлж байгаа үед үнс нурмаа гадаа цацчихдаг, асаасан шүдэнзээ бүрэн унтраалгүй хаядаг хүмүүсийг яах вэ. Төрийн үйлчилгээ авч байгаа хүмүүс эргээд ухамсартай, хариуцлагатай байх ёстой. Хэдий болтол эх орноо хайрлахгүй, ёс зүйгүй явах юм бэ. Энэ бүхнийг өөрчлөх цаг болсон.
Тиймээс мэргэжлийн байгууллагаас ѳгч байгаа заавар зѳвлѳмжийг өчүүхэн ч болтугай дагах юм бол маш их хэмжээний хохирлыг амсахгүй байх боломжтой. Иргэдэд байгалийн аюулт үзэгдэл болох талаар сэрэмжлүүлэх мэдээллийг тогтмол ѳгч байна. Албан хаагч болон аж ахуйн нэгж, иргэд рүү чиглэсэн сургалтыг ихээхэн хийж байгаа. Саяхан ард иргэдэд зориулан www.ontsgoi.sur.gov.mnцахим хуудас нээсэн. Аль болох мэдээлэл ѳгѳхийг зорьж байгаа.
-Гамшгийн аюулыг буй болгоод байгаа хүчин зүйлийг тодорхойлох хѳрѳнгѳ мѳнгѳ, эрхзүйн орчин нь манай улсын хувьд хэр байдаг юм бол?
– Манай өнөөдрийн байгаа Гамшгаас хамгаалах тухай хуульд урьдчилан сэргийлэхэд улсын төсвөөс тэдэн төгрөг зарцуулна гэсэн тодорхой заалт байхгүй. Ер нь бол урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулж байгаа зардал маш бага. Филиппин улс тѳсвийнхѳө 0,01 хувийг урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тѳсѳвлѳнѳ гээд хуульдаа заагаад ѳгчихсѳн байдаг. Бид шинээр боловсруулж байгаа Гамшгаас хамгаалах тухай хуулинд энэ асуудлыг хѳндѳж тавих байх. Хэрэгжиж чадахгүй байгаа нэг зүйл бий. Энэ нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 зүйлд гамшгаас урьдчилан сэргийлэх, тѳлѳвлѳх, зохион байгуулах, хѳрѳнгѳ мѳнгѳ тѳсѳвлѳх, захиран зарцуулах бүрэн эрх бүх шатны Засаг дарга нарт бий.
– Мэдээлэл өгсөн танд талархлаа. Сургалтад чинь амжилт хүсье.
– Бидний зохион байгуулж буй сургалтыг олон нийтэд хүргэхийг зорьж байгаа танай сонины хамт олонд талархлаа. Мөн Дорнодчуудыг сургалтад идэвхитэй оролцохыг уриалж амжилт хүсье.