Усанд осолдсон хоёрдахь иргэний цогцсыг гаргалаа

67699822_522270305198044_2272235246604779520_n.jpg

Хэнтий аймгийн Хэрлэн сумын  нэгдүгээр багийн “Хэрлэнгийн гүүр” гэдэг газар  /сумын төвөөс урд зүгт 1 км-т/  4 хүн зугаалж явснаас нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат Б /43 настай, эрэгтэй/ 08.03-ны өдрийн 14:40 цагийн орчим “Хэрлэн” голын усанд живсэн дуудлагаар эрлийн ажиллагааг зохион байгуулж, осолдсон иргэний цогцсыг 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 12:35 цагт тус сумын  Тахилгат багийн ”Цантын хушуу” гэдэг газраас /“Хэрлэнгийн гүүр”-нээс зүүн  зүгт 38 км-т/ гаргасан байна.

Дуудлагын дагуу ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын нийт 17 алба хаагч, 2 автомашин, 2 завьтайгаар осолдсон газраас зүүн урд зүгт 47 км-т “Хэрлэн” гол дагуу явганаар болон завьтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2-3 метрийн гүнд 69 удаагийн шумбалт хийсэн.

Он гарсаар  улсын хэмжээнд 17 аймгийн 43 сум, нийслэлийн 9 дүүрэгт усны ослын нийт 79 тохиолдол бүртгэгдэж, 67 иргэн амь насаа алдсан байна. Үүний 58 нь том хүн, 9 нь хүүхэд байгаа юм.

Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна.

Иймд:

– Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

– Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,

– Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

– Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

scroll to top