Онцгой байдлын ерөнхий газраас Азийн хөгжлийн банктай хамтран ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Зуд болон ой хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх төсөл” Дорнод аймгийн Матад, Хөлөнбуйр, Цагаан-овоо, Булган сумдад амжилттай хэрэгжиж, хаалтаа хийлээ.
Хаалтын ажиллагаанд Дорнод аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Нармандах, Төслийн зохицуулагч, доктор Д.Нямдорж, дэд зохицуулагч Р.Ганбат болон Матад, Хөлөнбуйр, Цагаан-овоо, Булган сумын зохицуулагч, сайн дурын бүлгэмийн гишүүд оролцож, төслийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа дүгнэн, санал сэтгэгдлээ хуваалцсан юм.
Төсөл хэрэгжсэн Матад, Хөлөнбуйр, Цагаан-овоо, Булган сумдад олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах зорилгоор “Багийн хөршийн бүлэг”-ийг байгуулан, гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөг сайжруулан шинэчилсэн байна.
Түүнчлэн төсөл хэрэгжсэн сумдад Онцгой байдлын газартай хамтран “Сайн дурын аврагч бэлтгэх, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх” сургалтыг зохион байгуулж, гамшигтай тэмцэх үйл ажилллагаанд иргэдийг сурган, гэрчилгээ олгож, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан зэрэг олон талт ажлуудыг зохион байгуулсан юм.
Мөн энэ үеэр Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төв болон албанд ашиглагдаж байгаа багаж хэрэгсэлтэй танилцлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.