1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дорнод, Дорноговь, Орхон, Өмнөговь, Хэнтий аймгийн зарим газаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн дуу цахилгаантай бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй, Салхи баруунаас 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр 16-21 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 24-29 градус, Алтайн өөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, бага зэргийн бороо орно, салхи баруунаас 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ, 20-22 градус дулаан байна.
Төлөв байдал: 14-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд нутгийн зүүн хагаст, 16-нд баруун аймгуудын нутгийн баруун, төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар,17-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Салхи 15, 17-нд говь талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хагаст сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим болон Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус, Дорнод Дарьгангын тал нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 16-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар дулаарна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) 1 дүгээр багийн “Хүлэмж”-ийн 27 тоот Иргэн Б-ын 5х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 08.12-ны өдрийн 15:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км зам туулан 15:22 цагт очиж 18 минут ажиллаж унтраасан.
3.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /төөрсөн/: Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн “Манзуширын-Ам” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 21 км-т/ “Билгүүн туул” ХХК-ийн зохион байгуулсан Богд-Хан ууланд “Цэцээ гүн”-ний оргил өөд явган аялал хийж явсан БНСУ-ын иргэн Л /61 настай, эмэгтэй/ 08.11-ний өдрийн 17:00 цагийн орчим сураггүй болсон тухай дуудлагыг 17:05 цагт хүлээн авсан. Үндэсний аврах бригадын 39 алба хаагч, 12 нохой, 3 автомашин, НОБГ-ын 32 алба хаагч 1 нохой, 5 автомашин, Төв аймгийн Онцгой байдлын газрын 19 алба хаагч, 3 автомашин, Төв аймаг дахь Цагдаагийн газрын 10 алба хаагч, 1 нохой, 2 автомашин, Баянзүрх дүүргийн Цагаагийн 3 дугаар хэлтсийн 11 алба хаагч, 2 автомашин, нийт 111 хүн, 14 нохой, 15 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх явцад тухайн иргэн 08.12-ны өдрийн 08:00 цагт эсэн мэнд байгаа тухайгаа нөхрийнхөө гар утсанд цахим захидал илгээсэн бөгөөд 12:40 цагт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Скай Ресорт” цанын баазад өөрөө эсэн мэнд ирсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.
Усны осол /эрэн хайх, аврах/: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан багийн “Бугат гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 5 км-т/ Өлгий сумын 9 дүгээр багийн “Шинэ-Айл” хорооллын “Задгай”-д оршин суугч иргэн Ж /27 настай, эмэгтэй/07.02-ны өдрийн 14:20 цагийн орчим Ховд голд үсэрч орж живсэн тухай тухай дуудлагыг 07.02-ны өдрийн 14:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газар 07.11-ний өдөр хүртэл эрэн хайсан боловч үр дүнд хүрээгүй тул зогсоосон байсныг 07.12-ны өдөр үргэлжлүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 завь, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх явцад 08.05-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон тус сумын харьяат иргэн С /47 настай, эрэгтэй/-г Цагдаагийн газар эрэн сурвалжилж байсныг 17:00 цагт Ховд голын уснаас гаргаж, мөн иргэн Ж-ийн цогцсыг Бугат сумын Бугын гол багийн Хар-Ус гэдэг газар анх живсэн газраас зүүн зүгт 18 км-ээс олж уснаас гарган тус тус Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
4.Мэдээлэл:
Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Сангийн далай багийн “Асгатын-Адаг” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 80 км-т/ Тус сумын харьяат иргэн Б-ын 5 гэр 17:00 цагт шатсан. Мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга П.Ганболд мөн өдрийн 17:40 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР