Төрийн цэргийн болон Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын ажил үүргийн онцлогийг таниулах, эх оронч иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор “Эх оронч үзэл, үндэсний бахархал” сэдэвт хүүхдийн танин мэдэхүй, амьдрах ухааны хоёрдугаар ээлжийн сургалтыг Олон Улсын хүүхдийн Найрамдал зуслангийн 11 дүгээр ээлжийн хүүхдүүдэд зохион байгуулж байна.
Сургалтыг НОБГ болон Баянзүрх, Багануур, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн мэргэжилтнүүд зохион байгуулж байгаа бөгөөд сургалтад 600 хүүхэд хамрагдаж байгаа юм.
Сургалтаар Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, албаны онцлогийг танилцуулж, хүүхдүүдийн дунд гамшиг осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх мэдлэгийг сорих асуулт хариултын тэмцээн зохион байгуулан ерөнхий мэдлэгийн түвшинг тогтоож, гамшгийн үед өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх, гал түймрээс урьдчилан сэргийлэх, гал унтраах, ахуйн хэрэглээний химийн бодисын зохистой хэрэглээ, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сэдвийн хүрээнд дадлага сургалтыг явуулж байна.
Мөн иргэд, олон нийтэд аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, аюул, эрсдэлгүй орчинд аж төрөх мэдлэг боловсрол эзэмшүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, “Дэлхийн зөн-Монгол” ОУБ, МУЗН, “Жайка” ОУБ-тай хамтран боловсруулсан “Хэн ч, Хэзээ ч, Хаана ч Бэлэн” сургалтын хөтөлбөрийн дагуу асуулт хариултын тэмцээнийг зохион байгуулна.
“Эх оронч үзэл, үндэсний бахархал” сэдэвт хүүхдийн танин мэдэхүй, амьдрах ухааны нэгдүгээр ээлжийн сургалтыг Төрийн цэргийн байгууллагууд хамтран 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 08 дугаар сарын 06-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байрлах Үндэсний Батлан хамгаалахын Их сургуулийн “Шонхор” зусланд зохион байгуулсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.