1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дорнод. Сэлэнгэ, Хэнтий аймгийн нутгийн зарим хэсгээр бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Төв болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, өдөртөө 16-18 градус дулаан байна.
Төлөв байдал: 27-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар, 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи 27, 28-нд зүүн аймгуудын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. 27-28-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн, уулархаг нутгаар цочир хүйтэрнэ. 27-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар дулаарч, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, “Баянзүрх” захын автомашины зогсоолд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.25-ны өдрийн 10:51 цагт хүлээн авсан. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 10:57 цагт очиж, иргэн Б-ын эзэмшлийн “Лого” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Жавхлант хайрханы 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.25-ны өдрийн 18:34 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6.5 км замыг туулан 18:43 цагт очиж, иргэн М-ын 5 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн М /48 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.26-ны өдрийн 00:04 цагт хүлээн авсан. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 00:16 цагт очиж, иргэн Т-ийн 4х7 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдүгээр багийн “Хилийн шалгалт, хамгаалалтын застав”-ын галт тэрэгний 2 дугаар зам 1 вагон нүүрс шатаж байна гэсэн дуудлагыг 08.25-ны өдрийн 13:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 6.5 км замыг туулан, 14:05 цагт очиж, 584045 дугаартай вагоны нүүрс /64 тн нүүрстэй, 1 вагон/ шатаж байсныг 1 цаг 24 минут ажиллан унтрааж, УБТЗ-ын харъяа Замын-Үүд өртөөний ачаа, тээвэр эрхэлсэн орлогч дарга Б.Өлзийбатад хүлээлгэн өгсөн.
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Улаанбаатар төмөр замын харьяа “Замын-Үүд 2” өртөө 1 вагон нүүрс уугиж байна гэсэн дуудлагыг 08.26-ны өдрийн 04:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 04:55 цагт очиж, 58500 дугаартай вагоны нүүрс /64 тн нүүрстэй, 1 вагон/ уугиж байсныг 25 минут ажиллан унтрааж, УБТЗ-ын харъяа Замын-Үүд өртөөний ачаа, тээвэр эрхэлсэн орлогч дарга Б.Өлзийбатад хүлээлгэн өгсөн.
3.Үйлдвэрлэлийн осол:
Үйлдвэрлэлийн осол: Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Цомог багийн “Цагаан цахир” гэдэг газар /аймгийн төвөөс зүгт хойд зүгт 150 км-т, сумын төвөөс хойд зүгт 4 км-т/ “Эко хэлхээ” ХХК-ийн жонш баяжуулах үйлдвэрийн хүдрийн нөөцийн агуулахад бөглөрсөн хүдрийг гаргахаар ажиллаж байсан тус уурхайн тээрмийн оператор Э /Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугч/ шороонд дарагдсан тухай мэдээллийг 08.25-ны өдрийн 10:15 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын 5 ажилтан, 2 автомашин, уурхайн 40 ажилчин, нийт 45 хүн, 2 автомашинтайгаар 11 минут ажиллаж, иргэн Э /26 настай, эрэгтэй/-гийн цогцсыг мөн өдрийн 10:31 цагт гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн тухай Даланжаргалан сумын Засаг даргын орлогч О.Болд 10:34 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн. Мэдээллийн дагуу ажлын хэсэг (тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн 3 алба хаагч, 1 автомашин, Цагдаагийн тасгийн 3 алба хаагч 1 автомашин, нийт 6 хүн, 2 автомашин) ослын газарт очиж ажилласан.
5.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Баянбулаг багийн “Цамбагарав” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 110 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 35 км-т/ Бүгд Найрамдах Итали улсын харьяат Л /76 настай, эрэгтэй/ аялал, жуучлалын “Казак тоур” ХХК-ийн суудлын автомашинаар 08.24-ний өдрийн 09:00 цагт “Цамбагарав” уулын бэлд хүргүүлж, “Цамбагарав” ууланд авиралт хийгээд мөн өдрийн 17:00 цагт бууж ирнэ гэж жолоочдоо хэлээд явсан боловч буцаж ирээгүй байна гэж “Казак тоур” ХХК-ийн захирал Д 08.25-ны өдрийн 10:18 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 8 алба хаагч,1 автомашинтай 15:50 цагт очиж, 2 бүлэгт хуваагдан 3728 метрийн өндөрлөг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:30 цагт түр зогсоосон. Мөн тус аймгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа Б.Батбилэгээр ахлуулсан 6 алба хаагч, 1 эрэлч нохой, 1 автомашин, Алтанцөгц сумын Засаг даргын Тамгын газрын даргаар А.Ерханатаар ахлуулсан 6 хүн, 1 автомашинтай, нийт 11 хүн, 1 эрэлч нохой, 2 автомашинтай хүч нэмэгдүүлэн ажиллахаар 21:10 цагт очсон. Нийт 20 хүн, 1 эрэлч нохой, 3 автомашинтай ажиллаж байна. 08.26-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн. Иргэн Л нь 08.25-ны орой малчин Д-ынд хоноглоод явсан байж болзошгүй тухай мэдээлэл 08.26-ны өдрийн 07:03 цагт ирсэн тул шалгахаар ажиллаж байна.
Усны осол /эрэн хайх/: Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) 2 дугаар багийн “Модон гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 5 км-т/ “Хэрлэн” голын усанд хүний цогцос хөвж явна гэсэн дуудлагыг 08.25-ны өдрийн 19:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 4 алба хаагч, 1 автомашин, 1 завьтай 5 км замыг туулан 20:06 цагт очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 20:40 цагт түр зогсоосон. 08.25-ны өдрийн 05:30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлж 07:07 цагт Хэрлэн голын усны мандлаас цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. /Цагдаагийн байгууллага нэр, хаягыг тогтоохоор ажиллаж байна./
Уул хаднаас /эрэн хайх, аврах/: Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн “Манзуширын-Ам” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 12 км-т/ 08.25-ны өдөр Богд-Хан ууланд 4 хүн жимс түүж явснаас иргэн Б /37 настай, эмэгтэй, Төв аймгийн Зуунмод сумын иргэн/ хад нурсны улмаас хаданд хөл хэсгээрээ хавчуулагдсан тухай дуудлагыг 16:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 4 алба хаагч, 1 автомашинтай 12 км замыг туулан 18:40 цагт очиж, 6 минут ажиллан эсэн мэнд гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР